33-ыг айлгах ах нарынх нь тактик

Төсвийн байнгын хороо өнгөрсөн долоо хоногоос хойш хуралдаж чад­сангүй. Өчигдөр шөнө 21.00 цаг хүртэл хүлээсэн ч ирц нь хүрсэнгүй. Ирэх оны төсвийг ид хэлэлцэж байх ёстой энэ үед гол Байнгын хороо 10 гишүүн цуглуулж, ирцээ бүрдүүлээд хуралдаж чадахгүй байгаа нь жирийн иргэний нүдээр харахад үнэхээр ичгэвтэр явдал. 

ХАГАРЛЫГ ДЭВРЭЭСЭН ХОРИГ

УИХ-д үүсээд буй гацааг цаг хугацааны дарааллаар нь сийрүүлье. Энэ бүхэн Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайдаар томилсон УИХ-ын тогтоолд тавь­сан Ерөнхийлөгчийн хоригоос эхтэй. Ерөнхийлөгч хориг тавих үндэслэлээ “Монгол Улс дэд бүтэц, уул уурхайн салбар дахь ашиг сонирхол, авлигаар холбогдсон 30 гэр бүлийн дарангуйлалд бүрэн автаж, аливаа төсөл, хөтөл­бөр тэдэнд ашиггүй бол гацдаг, гацаадаг бөгөөд монголчуудын авах ёстой ашгийг зөвхөн тэд л хүртдэг нь хэн бүхэнд ил болсон.

Ч.Хүрэлбаатар нь уг 30 гэр бүлийн төлөөлөл. Мөн Сан­гийн сайдаар томилогдсон даруйдаа төрийн албан хаагчдад 300 мянган төгрөгийн, нэг удаагийн тэт­гэмж олгох байдлаар 55 тэрбум төг­рөг тараах гэж байна” хэмээн тайл­барласан.

Ерөнхийлөгчийн хориг бол улс төр. Хэдийгээр МАН-ын гишүүн, тус намын Засгийн газрын сайд боловч Ерөнхийлөгчийн хүн хэ­мээн цоллуулж буй УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар хоригийн талаар “Энэ бол улс төр. Би 30 гэр бүлд тэр, энэ багтдаг гэж нэрлэж чадахгүй. Тө­рийн ажил ам дамжсан яриагаар явж болохгүй” гээд хэлчихсэн. Эрх баригчид нэгдмэл байсан бол энэ нь ингэтлээ өндрөө авах ч асуудал биш. Байнгын хороо, нэгдсэн чуулганаар хэлэлцэж, хүлээж авахгүй хэмээн саналаа өгчихөд л болох байв. Харин УИХ дахь МАН-ын 65 гишүүн ингэж чадсангүй.

Уг хоригийг УИХ-ын гишүүдийн гуравны нэг буюу 26 гишүүн дэм­жихэд л Ч.Хүрэлбаатарын сайдаар ажиллах хугацаа дуусгавар болж, түүнийг дагаад У.Хүрэлсүхийн болон Засгийн газрынх нь нэр хүнд унах нөхцөл бүрдэх юм. Засгийн газрыг гартаа авчих л юм бол бүгд хүссэнээрээ болох юм шиг санасан намынхаа залуусын “хандыг дарах”, могой гурав тасрав ч гүрвэлийн дай­тай гэдгээ харуулах боломжийг ах нар нь алдахыг хүссэнгүй.

УИХ дахь МАН-ын бүлэг өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт ээлжит бусаар хуралдахдаа хоригийг хүлээж авахгүй хэмээн байр сууриа нэгтгэ­сэн гэж мэдэгдсэн. Мөн тэр өдөр Хууль зүйн байнгын хорооны хурлаар АН-ын бүлэг тав хоногийн завсарлага хүссэнийг ч хүлээж авахгүй адган са­нал хурааж, Ерөнхийлөгчийн хори­гийг дэмжихгүй гэсэн дүн гаргасан ч Төсвийн байнгын хорооны ирц бүрдээгүй нь ах нар нэгийг төлөвлөж, хоёрыг ярилцсаны илрэл байв.

Баасан гаригаас хойш 32-ын болон 33-ын бүлэг тус тусдаа хуралдаж, Ерөнхий сайд, УИХ-ын даргатай хэсэг хэсгээрээ уулзаж, нам, Засгийн газар, бүлгийн удирдлагууд жичдээ уулзаад завгүйхэн хэдэн өдрийг үдэв. Мягмар гаригт УИХ-ын чуулганы нэгдсэн ху­ралдаан товлож, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэхээр төлөвлөсөн ч МАН-ын бүлэг тав хоногийн завсар­лага авч, 65-уулаа сууж асуудлаа ярилцахаар бүлгийн хурал зарласан ч ирц бүрдээгүй. Өчигдөр бүлэг ху­ралдаж, хоригийг хүлээж авахгүй байхаар тохирсон гэж мэдээлсэн ч Төсвийн байнгын хорооны ирц да­хиад бүрдсэнгүй. Төсвийн байнгын хороонд харьяалагддаг 19 гишүүнээс 33-ын буюу У.Хүрэлсүхийн талынхан хуралдааны танхимд суусан ч, 32-ын бүлгийнхэн орж ирээгүй. Энэ олон уулзалтын дараа Байнгын хорооны ирцээ бүрдүүлэхгүй бойкотолж буй нь талууд тодорхой тохиролцоонд хү­рээгүйн илрэл.

АЛБАН ТУШААЛД АМАА ҮДҮҮЛСЭН 33 АХ НАРЫНХАА ДУРГҮЙГ ХҮРГЭЖЭЭ 

Тийм ч амар эвлэхээргүй ан цав суусан 33, 32-ын бүлгийнхэн сайдын суудлаа хувааж аваад шинэ Засгийн газраа бүрдүүлэхэд нь цаашид хамт­ран ажиллаж, бүрэн эрхийнхээ ху­гацааг дуусгахаар ойлголцож дээ хэ­мээн харсан хүн олон. Харин тэдний хагарал хэвээр буйг Ерөнхийлөгчийн хориг ил болгов. Цаашид ч тэд юм л бол 33, 32-оороо хуваагдаж, Ерөнхий сайд, УИХ-ын даргын өрөөнд ху­ралдаад байх нь бололтой. 

Энэ удаа 32-ын бүлэг буюу М.Энхболд тэргүүтэй огцорсон Зас­гийн газрын талынхан яагаад Ерөн­хийлөгчийн хоригоор далимдуулан дүү нараа “шоглож” буйг тандлаа. Өчигдөр Төрийн ордны баруун жи­гүүрийг хааж, харуул хамгаалалтыг чангатган байж хуралдсан бүлгийн хурлын үеэр 32-ын бүлгийнхэн “Ги­шүүдэд хуваарилсан нэг тэрбум төг­рөг бол орон нутагт ажлын байр бий болгох, жижиг, дунд үйлдвэрийг дэм­жихэд зориулагдах мөнгө байсан. Энэ мөнгийг задалж, 192 мянган хүнд 300 мянган төгрөг болгож тараах нь зохисгүй хэрэг”, “Ч.Хүрэлбаатар сайд болонгуутаа хувийн тоглолт хийж, өмнөх Засгийн газрыг муухай харагдууллаа” (Сангийн сайд асан Б.Чойжилсүрэн гишүүн тус бүрт нэг тэрбум төгрөг төсөвлөсөн гэх мэтийн зүйл ярьсныг нь хэлсэн бололтой), “Бэлэн мөнгө тараах хэмжээний их мөнгөтэй болсон юм бол өнгөрсөн намар хэл ам татлан байж нэмсэн долоон төрлийн татвараа багасга” гэх мэтийн зүйл ярьжээ. Мөн өнгөрсөн намар Ж.Эрдэнэбатын Засгийн га­зар төсвийн төсөл оруулж ирэхэд “Хүүхдийн мөнгө хасах гэлээ, долоон төрлийн татвар нэмлээ” гэх мэтээр оруулж ирсэн бодлого бүрийг нь эсэргүүцэж, хэд хоногоор гацааж байсан 65 гишүүний 33 нь энэ удаа нийгмийн халамжийг хавтгайруу­лах буруу бодлого “амилахад” амаа үдүүлсэн мэт дуугүй байгааг шүүм­жилсэн байна. 32-ын бүлэг гишүү­дийн тойрогтоо ажлын байр бий болгож, жижиг, дунд үйлдвэрийг дэмжих зорилгоор төсөвт суулгасан нэг тэрбум төгрөгийг хэвээр нь бат­луулах гэх мэтийн шаардлага тавьж буйгаас биш Ч.Хүрэлбаатарыг огц­руулах бодолгүй байгаа гэсэн мэ­дээлэл байна.

Товчхондоо, Ж.Эрдэнэбатын Зас­гийн газрыг муу ажиллалаа хэмээн огцруулж, нам дотроо хагарал бий болгосон, улс төрд салхи оруулж, тө­рийг цэвэрлэнэ хэмээн тунхагласан 33-ын бүлэгт ах нар нь “амьдрал” ойл­гуулж буй хэрэг. Ах нарын далайлт чанга, буулт зөөлөн байвал Ч.Хүрэл­баатар Сангийн сайд хэвээр үлдэнэ. Харин эсрэгээрээ болбол Монгол Улс Сангийн сайдаа солино. Энэ нь Засгийн газрын, цаашлаад УИХ-ын хувь заяанд ч нөлөөлж мэдэх билээ. Учир нь УИХ төсвийг дөрвөн шатны хэлэлцүүлгээр дамжуулж, арваннэг­дүгээр сарын 15-ны дотор батлах хуультай. Өнөөгийн байдлаар эхний хэлэлцүүлгээ ч хийгээгүй байгаа.

Өчигдөр орой талууд “Ерөнхий­лөгчийн хоригийг хүлээж авахаар боллоо”, “Хоригийг хүлээж авахгүй гэсэн байр суурь хэвээр” хэмээн зөрүүтэй мэдээлэл өгсөөр байв. Тэд­нийг дотооддоо учраа олж чадахгүй ийн уймрах зуур Монгол Улсын ирэх оны төсвийг батлах хуулийн хугацаа хорогдсоор.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)