3000 гаруй хүүхэд суралцах боломжтой стандартад нийцсэн сургууль нээлтээ хийлээ

Өнөөдөр Нийслэлийн ерөнхий боловсролын 21 дүгээр сургуулийн багш, сурагч, ажилчид сургуулийн шинэ байрандаа орж, манлайлагч сурагчдын төлөөлөл Төрийн далбаагаа мандуулснаар хичээлийн шинэ жилээ нээв. Нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож, баяр хүргэн үг хэлэв. 

Тэрбээр, 2019 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 242 цэцэрлэг 156 сургууль, 100 орчим эмнэлэг гэх мэт нийт  601 цэцэрлэг, сургууль, эмнэлгийн барилга байгууламж барьж ашиглалтад оруулсны нэг нь ерөнхий боловсролын 21 дүгээр сургууль юм. Монгол Улсын Засгийн газар ерөнхий боловсролын сургуулиудад гурван ээлжээр хичээллэх явдлыг халах зорилго тавьж байгаа. Энэ сургуулийн барилга ашиглалтад орсноор БЗД-ийн дөрвөн сургуулийн гурван ээлжийг халж байна.

Сургуулийн барилгыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар найман сарын дотор барьж, хугацаанаас нь хоёр жилийн өмнө стандартын дагуу чанарын өндөр түвшинд барьж, ашиглалтад хүлээлгэн өгч буй Ж.Батсайхан захиралтай “БАТС-Өргөө” барилга угсралтын компанийн хамт олонд Монгол Улсын Засгийн газрын өмнөөс болон хувиасаа талархал илэрхийлье. Та бүхний ажил бусдад үлгэр дуурайлал, жишиг болно гэдэгт итгэж байна. Одоо сургууль орчмын газрыг чөлөөлж, хашаа хашлага, гражуудыг буулгаж, хүүхдүүдийн аюулгүй сурч боловсрох, зорчих нөхцлийг бүрдүүлж өгөхийг хотын даргад үүрэг болгож байна. Сурагч хүүхдүүддээ сурлага, хүмүүжлийн өндөр амжилт, багш ажилчиддаа ажлын амжилтыг ерөөе гэлээ.

Нийслэлийн ерөнхий боловсролын 21 дүгээр сургууль нь 1956 онд байгуулагдаж, гимнастик, гар бөмбөгийн төрөлжсөн, математик, физик, хими биологийн гүнзгийрүүлсэн сургалтыг явуулж иржээ. Улмаар нийслэлийн хошой тэргүүний сургууль болж, олон зуун алдар, гавъяатнуудыг бэлтгэн хүмүүжүүлж гаргасан байна. Тус сургуулийн барилга нь таван хэсэг байгууламжаас бүрдсэн, нэг ээлжиндээ 1500 хүүхэд хичээллэх хүчин чадалтай хоёр ээлжээр нийт 3000 гаруй хүүхэд суралцах боломжтой. Спорт, урлагийн танхимтай, хими биологийн лабораторитой, 42 ангитай, орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон 250 суудалтай цайны газартай юм. БЗД-ийн 8, 6, 12, 14 дүгээр хорооны болон ерөнхий боловсролын 111, 33, 84 дүгээр сургуулийн зарим хүүхдүүд, шинээр ашиглалтад орж буй орон сууцны оршин суугчдын хүүхдүүд тус тус хамран сурах юм.

Нийслэлийн ерөнхий боловсролын 21 дүгээр сургууль 200 гаруй багш, ажилчидтай, анги дүүргэлт 35-45 хүүхэдтэй байна. Сургуулийн барилгыг 10,5 тэрбум төгрөгийн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж, эрчим хүчний дэд бүтцийг барилга угсралтын компани өөрийн хөрөнгөөр барьж гүйцэтгэжээ. Санхүүжилтийн эх үүсвэрийг Монгол Улсын Засгийн газраас цаг алдалгүй шийдвэрлэж ирснээс гадна нийгмийн хариуцлагаа ухамсарлаж дулааны богино улирлын хугацаанд хоёр ээлжээр шахуу хувиараар өндөр зохион байгуулалттай ажилласан нь хугацаа хэмнэх үндсэн шалтгаан болсон гэдгийг “БАТС-Өргөө” компанийн захирал хэлж байв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)