30 000 эмэгтэйг аварсан түүх

Яг одоо бичигч би бээр компьютерынхоо гарыг “цохиж”, таны уншиж буй нийтлэлийг найруулан, аль баримтыг нь түрүүлж хүргэх вэ хэмээн бодож сууна. Ингэх зуурт ч дэлхийн хаа нэгтээ тэсрэх бөмбөг дэлбэрэн, буун дуу гарч, гэм зэмгүй хүүхэд, эмэгтэйчүүд үрэгдэж л байгаа. Өөр газарт ч яг энэ цаг, минутад хэн нэгэн идэх хоолгүй өлбөрч, эсвэл усгүй харангадсаар. Эмчлэгдэхгүй өвчинтэйгөө шүд зуун тэмцэх олон хүн байхад сэргийлж болох эмгэгээр хорвоог орхиж байгаа нь ч цөөнгүй. Гэнэтийн гамшиг, ослоор эндсэнийг нь байг гэхэд ядахдаа урьдчилан сэргийлж, эмчлэгддэг өвчнөөр хүн төрөлхтөн хугацаанаасаа өмнө “бүү яваасай”. Ингэж залбирах болсон нь учиртай. Манай улсын хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан нь халдварт бус өвчин тэр дундаа хавдар “тахал” болчихоод буй юм.

Эдүгээ монголчуудын дунд 100 гаруй төрлийн хавдар оношлогджээ. Эдгээрээс энэ удаад эмэгтэйчүүдэд зонхилон тохиолддог умайн хүзүүний хорт хавдрын талаарх мэдээлэл бэлтгэхийг зорилоо. Эрүүл эхээс эрүүл хүүхэд төрдөг гэлцдэг. Тэр тусмаа эх амьтны үрээ тээх сав буюу умай нь хүн төрөлхтний бүрэлдсэн “өлгий” юм. Харамсалтай нь, түүнийг өвчлүүлэх эмгэг олон санж. Умайн хоолой, хөндий, хүзүү, хэвтэш (үр боловсрох хэсэг)-т нь хүртэл янз бүрийн өвчин, эмгэг “наалдчихдаг” аж. Эдгээрээс өвчинд хамгийн өртөмхий нь умайн хүзүү гэдгийг эмч нар тодорхойлсон. Өөрөөр хэлбэл, эхийн савыг үтрээтэй холбох үүрэгтэй нарийхан хөндийд нь элдэв эмгэг, хавдар амархан үрждэг тул эдүгээ эмэгтэйчүүдийн хамгийн тулгамдсан асуудлын нэг болоод байна. Эрүүл мэндийн хөгжлийн төвийнхний судалгаагаар, эмэгтэйчүүдэд зонхилон тохиолдох хорт хавдрын хоёрдугаарт умайн хүзүүнийх жагсжээ. Энэ нь нөхөн үржихүйн насны бүсгүйчүүдийн дунд умайн хүзүүний улайлт, шарх, элдэв халдвар их байгаатай холбоотой гэнэ.

Умайн хүзүүний доторх хананы эс өсөж, үржсэнээр хорт хавдар үүсгэдгийг эмч нар хэлсэн. Уг өвчин Ази, Өмнөд Америк, Африкийн хөгжиж буй орнуудад илүүтэй оношлогддог байна. Үүнд нь манай улс ч зонхилох байр эзэлдэг. Умайн хүзүүний хавдар тусах олон шалтгаан, нөлөөлөх хэд хэдэн хүчин зүйл бий ч бараг бүх тохиолдолд папиллома буюу хөхөнцөр вирус (HPV)-ээс шалтгаалдгийг судалжээ. 10 эмэгтэй тутмын найм нь амьдралынхаа явцад бэлгийн замаар дамждаг HPV-ээр халдварладаг аж. Тэгэхээр нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн олонх нь уг вирусийг тээгч байх магадлалтай. Гэхдээ хөхөнцөр вирусийн халдвартай бүх эмэгтэй хавдраар өвчилдөггүй нь дархлааны систем нь сайн хөгжсөнтэй холбоотой гэнэ. Тодруулбал, 1-2 жилийн дотор уг вирусийг бие махбод өөрөө устгадаг гэсэн үг. Харамсалтай нь, ийм тохиолдол харьцангуй цөөн тул өвчнөөс сэргийлэх, аль болох эрт илрүүлэхийг эмч нар зөвлөсөөр буй юм. Умайн хүзүүг өвчлүүлдэг дараагийн эрсдэлт хүчин зүйл нь эмэгтэй хүний эстроген дааврын өөрчлөлт. Кофайны хэт их хэрэглээ, жирэмснээс хамгаалах болон бусад дааврын эмийн нөлөөгөөр энэ нь “мутацад” ордог байна. Эдгээрээс гадна хорт зуршил, хоол тэжээлийн дутагдал, үр хөндүүлэх, эмэгтэйчүүдийн бусад өвчний дараа умайн хүзүү дээр өгүүлсэнчлэн улайж, шархалдаг нь хавдрын шалтгаан болсоор.

Энэ бүхнийг харгалзан, охид, эмэгтэйчүүдийг умайн хүзүүний хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлж, эмчлэх кампанит ажлыг одоогоос 15 жилийн өмнө эхлүүлжээ. Гэхдээ төр, засаг, эсвэл ЭМЯ үүнд анхаарал хандуулаагүй л байна. Олон улсын Ротари хөдөлгөөний Монгол дахь байгууллагынхан

“Эмэгтэйчүүд эрүүл бол үндэстэн эрүүл” уриатай “Амьдралын төлөө” аяныг 15 жилийн турш тасралтгүй санхүүжүүлж, хамтран өрнүүлсээр ирсэн. Уг хөдөлгөөнийг санаачлагч, гол чиглүүлэгч, гардан хэрэгжүүлэгч нь Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)-ийн Бодлого төлөвлөлт, хөгжил эрхэлсэн дэд захирал Л.Баярсайхан юм. Тэрбээр 1995 оноос хойш эдүгээ хүртэл тус төвд эмэгтэйчүүдийн хавдрын эмч, мэс засалчаар ажиллаж буй бөгөөд охид, бүсгүйчүүд, эхчүүдийн эрүүл мэндийн төлөө амьдралаа зориулж яваа цөөн хүний нэг.

Л.Баярсайхан “Манай улсын насанд хүрэгчдийн нас баралтын хоёр дахь шалтгаан нь хавдар. Ид хийж бүтээх насандаа, эсвэл амьдралын арвин туршлага хуримтлуулсан, залуу үеэ сурган хүмүүжүүлэх 40-өөс дээш насныхан хавдраар түлхүү өвчилж байгаа нь юутай харамсалтай. Энэ нь зөвхөн хувь хүн, гэр бүлийн гишүүдийн зовлон байхаас хэдийн хэтэрч, улс үндэстэнд асар их гарз, хохирол учруулах болсон. Уг өвчин баян ядуу, хөгшин, залуу, эр, эм хэнийг ч ялгахгүй. Зөвхөн урьдчилан сэргийлж, эрт илрүүлж байж үүнийг ялна. Гэвч манайд зонхилон тохиолддог хавдрын өвчлөлийн дийлэнх нь хожуу үедээ илэрдэг. Тодруулбал, нийт тохиолдлын 70 орчим хувь нь хавдартайгаа мэдсэн тухайн жилдээ нас бардаг нь эмгэнэл. Олон төрлийн хавдраас эрт илрүүлэх боломжтой, төгс эмчлэгддэг нь умайн хүзүүнийх. Иргэд савны хавдар ч гэж ярьдаг. Дэлхийн олон оронд уг өвчнийг эрт илрүүлэх аргыг хэдийн нэвтрүүлснээр тохиолдлын тоогоо 70-80 хувь хүртэл бууруулж, эмэгтэйчүүд нь үүнээс болж бараг эндэхээ больсон. Тиймээс бид ч гэсэн тэмцсэн. “Амьдралын төлөө” аяныг 2005 онд монголчууд санаачилж, иргэд хандив цуглуулж эхлүүлсэн юм. Үүний хүрээнд умайн хүзүүний хавдраас сэргийлэх, эрт илрүүлэх, оношлох, эмчлэх үйлчилгээг бид хөдөө орон нутагт үнэгүй үзүүлдэг. Хүмүүнлэгийн уг аянаа цаашид улам өргөжүүлэхийн тулд “Хүрээ” ротари клубийнхэнтэй хамтарсан. Аян эдүгээ олон улсын шилдэг хөтөлбөр болтлоо өргөжжээ” хэмээв.

“Амьдралын төлөө” аяны багийнхныг ХСҮТ-ийн эмч, сувилагчдаас бүрдүүлдэг бөгөөд өнгөрсөн 15 жилд тус төвийнхөн 21 аймагт хавдрын тусламж, үйлчилгээг тасралтгүй үзүүлжээ. Тэгэхдээ нэг аймагт л гэхэд 3-4 удаа очиж, цогц оношилгоо, эмчилгээ хийдэг байснаараа тэгш, хүртээмжтэй кампанит ажил болоод байна. Ингэхдээ орон нутгийн эмч нарыг ч давхар сургаж, дадлагажуулдаг байж. Очсон газар болгонд нь эдүгээ олон хүн хүлээдэг болсныг Л.Баярсайхан эмч онцолсон. “Амьдралын төлөө аян” буюу Эмэгтэйчүүдийн умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх төслийн хүрээнд өдгөө 30 мянга гаруй хүнийг үзлэгт хамруулаад байгаа аж. Үүний үр дүнд олон ч эмэгтэй, ээж гэр бүл, хань, үр хүүхдээсээ хагацалгүй, элэг бүтэн амьдрах болжээ. Улсын хэмжээнд умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлгийн хамрагдалт 45 орчим хувьтай байгааг судалжээ. Үүнээс 75 хувь нь эрт үедээ оношлогдож, эмчлүүлсэн нь энэхүү ажлын бодит жишээ. Түүнчлэн эмч нарын багийнхан өнгөрсөн онд оношилгоо, шинжилгээний иж бүрэн тоноглосон явуулын эмнэлгийг оруулж ирэн, лабораторийн чадавхаа бэхжүүлсэн байна.

“Хүрээ” ротари клубийнхэн байгуулагдсанаасаа хойш буюу сүүлийн 18 жилд эх орондоо хоёр сая гаруй ам.долларын төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, эрүүл мэнд, боловсрол, байгаль орчны тулгамдсан асуудлыг шийдэхэд хувь нэмрээ оруулсаар иржээ. “Амьдралын төлөө” аянаас гадна эрүүл мэндийн чиглэлээр хэрэгжүүлсэн өөр нэг шилдэг төсөл нь “Ухаалаг гар утас, арьсны өвчний оношилгоо, эмчилгээ” юм. Түүнчлэн ЭХЭМҮТ-ийн Чих, хамар хоолойн тасгийн мэс заслын өрөөг иж бүрэн засварлаж, сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр хангасан юм билээ.

Хэдийгээр улс даяар умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх, эмчлэх аян өрнүүлж байгаа ч үүнийг төр, засаг бодлогоор дэмжиж, эрт илрүүлгийн нэгж тогтолцоо бий болгох нь нэн чухал аж. Тодруулбал, аймаг, дүүрэг бүрт эрт илрүүлгийн нэгж, төв байгуулж, шаардлагатай тоног төхөөрөмжөөр нь хангах, зорилтот бүлгийнхнийг үзлэг, шинжилгээнд бүрэн хамруулж эмчлэх ажлыг эрчимжүүлэх хэрэгтэйг Л.Баярсайхан эмч хэлсэн. Ингэх нь яагаад чухал болохыг илтгэх нэг жишээ дурдахад, 1990 оноос өмнө австрали эмэгтэйчүүдийн дунд умайн хүзүүний хавдар нэлээд газар авч байж. Тус улсын Засгийн газар 1991 оноос уг өвчний эсрэг үндэсний хөтөлбөр боловсруулан, үр дүнтэй хэрэгжүүлснээр нас барагсдын тоог хоёр дахин цөөлж чаджээ. Түүгээр ч зогсохгүй манай хойд хөрш болон Австрали улс 12-оос дээш насны охид, хөвгүүд, эмэгтэйчүүдээ хөхөнцөр вирусээс урьдчилан сэргийлэх вакцинд хамруулж эхэлсэн нь дэлхийд үр дүнтэй аргад тооцогдож байна.

Олон улсад уг өвчин 50-иас дээш насныханд түлхүү оношлогддог бол манайд энэ аюул 35 наснаас эхэлдэг. Цаашлаад энэ төрлийн хорт хавдартай хүмүүсийн 40 гаруй хувь нь өвчнийхөө III, IV шатанд оношлогдож, жил бүр 100 гаруй хүн хорвоог орхисоор байгаа аж. Тиймээс бүсгүйчүүд ч гэсэн хариуцлагатай байж дараах шинж тэмдэг илэрвэл эмнэлэгт яаралтай хандахыг эмч нар зөвлөв. Умайн хүзүү өвчилсөн тохиолдолд эхэндээ зовуурь шаналгаагүй ч аажимдаа сарын тэмдгийн мөчлөг хооронд, ердийн үеийнхээс олон хоног их хэмжээгээр цус алддаг гэнэ. Мөн бэлгийн харьцаанд орсны дараа болон цэвэршсэн хойно цус гарах, зовуурилах, үтрээний ялгадас ихсэх, шалтгаангүйгээр ядрах, хөлөөр хавагнах, ууц, нуруугаар өвдөх нь умайн хүзүүний хавдрын үед илэрдэг нийтлэг шинж тэмдэг гэдгийг тогтоогоод авахад илүүдэхгүй биз ээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)