30 офицер, ахлагч орон сууцтай боллоо

Дөрөвдүгээр сарын 25-ны өдөр Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын 30 офицер, ахлагч орон сууцтай боллоо.

Батлан хамгаалахын яам, Зэвсэгт хүчний жанжин штабын дэмжлэгтэйгээр Хуурай замын цэргийн командлал алба хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд албан тушаалын 30 айлын орон сууцыг Төв аймгийн Зуунмод хотноо бариулж, ашиглалтад хүлээн авчээ.

Батлан хамгаалахын сайд Н.Энхболд энэ үеэр хэлсэн үгэндээ “Алба хаагчдынхаа нийгмийн хамгааллыг сайжруулна гэдэг цаад утгаараа эх орныхоо төлөөх үүргээ сайн биелүүлэхэд чухал хөшүүрэг болдог. Болдогсон бол бүх цэргийн алба хаагчдадаа орон сууц барьж өгөх юмсан. Даанч тийм боломж байхгүй. Гэхдээ аль болох нийгмийн хамгааллыг нь дээшлүүлэх бодлого баримтлан ажиллаж байна. Гурван жилийн хугацаанд 100 гаруй алба хаагчдын орон сууцыг шинээр барьж, албан тушаалын 600 орчим айлын орон сууцыг үнэгүй болон хөнгөлөлттэй үнээр хувьчиллаа. Бүх насаараа цэргийн байгууллагад ажиллаад тэтгэвэрт гарсан болон өдгөө алба хааж байгаа офицер, ахлагч нартаа өгсөн” гэсэн юм.

Хуурай замын цэргийн командлалын Санхүүгийн хэлтсийн ахлах мэргэжилтэн, хошууч Д.Дагвацэрэн эхнэр дөрвөн хүүхдийн амьдардаг. Эхнэр нь Зэвсэгт хүчний 011 дүгээр ангид алба хаадаг бөгөөд орон сууцтай болсон 30 айлын нэг байв.

Хошууч Д.Дагвацэрэн “БХЯ, ЗХЖШ, Хуурай замын цэргийн командлалын удирдлагад олон айлын нийгмийн асуудлыг шийдвэрлэж өгсөнд гэр бүлийнхээ нэрийн өмнөөс баярлалаа гэж хэлье. Эхнэр бид хоёр үр хүүхдүүддээ санаа зовохгүйгээр үүргээ гүйцэтгэх болсондоо баяртай байна” гэв.  

Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар “2016 онд УИХ-аар батлан хамгаалахын багц хуулиуд шинэчлэгдэн батлагдаж, Зэвсэгт хүчний Хуурай замын цэрэг нь бие даасан төрөл цэрэг болсон. Энэ цагаас хойш Хуурай замын цэргийн бие даасан үйл ажиллагааг хангах зорилгоор БХЯ, ЗХЖШ-аас шат дараатай арга хэмжээг тасралтгүй хэрэгжүүлж, үр дүнд ч хүрлээ. 2017 оны 4 дүгээр сард манай командлал Байлдааны тугаа хүлээн авч байсан бол 2019 оны 9 дүгээр сард өөрийн гэсэн байртай болж, энэ өдөр  офицер, ахлагч нарын албан тушаалын 30 айлын орон сууцыг ашиглалтад хүлээн авч байна. Хуурай замын цэргийн командлалын бие даасан байдлыг бүрэн хангах хүрээнд удирдлага, бүрэлдэхүүний нийгмийн асуудлыг шийдвэрлэсэн БХЯ, ЗХЖШ, Төв аймгийн удирдлагад талархлаа илэрхийлье. Энэхүү байрыг барихад орон нутгаас дэд бүтцийг нь бүрэн шийдэж өгснийг дурдах ёстой. Цаашдаа алба хаагчдын нийгмийн хамгааллыг шийдвэрлэх ажил үргэлжилнэ” гэлээ.

Барилгыг “Бутозм” ХХК 2019 оны есдүгээр сард эхлүүлсэн бөгөөд ашиглалтад орсноос хойш дөрвөн жилийн хугацаанд чанарыг нь хариуцах юм байна


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)