“-30-аас +30” хөтөлбөр хэрэгжүүлнэ

Энд цаг агаарын тухай ярих гэсэнгүй. Гэхдээ төстэй. Монголчууд бидний амьсгалж ирсэн улс төр, эдийн засаг, нийгмийн “цаг агаар” өнгөрсөн 30 жилд 30 градусын хүйтэн байлаа. 1990-ээд оны ардчилсан хувьсгалын өөрчлөлтөөс хойш монголчууд эмх замбараагүй, хуульт ёсны гажуудлын нөлөөнд амьдарч ирсэн. Ардчилсан, чөлөөт хэмээх долоон удаагийн УИХ, 10 гаруй Засгийн газар байгуулсан ч өдгөө ард түмний дийлэнх нь ядууралд нэрвэгдсэн. Баялгийн тэгш бус хуваарилалт гаарсан. Харамсалтай нь, энэ бүхнийг өөрчлөх зүрх, хүсэл хэнд ч байсангүй. Тэгсэн атлаа 1990 оноос хойш өдий хүртэл “Хүн шиг, улс шиг хөгжсөн” гэдэг нь биднийг тавлаж байгаа хэрэг. Монгол Улс мөхөөгүй, монгол хүн амьдарч байгаа цагт, тэртэй тэргүй дэлхий даяаршиж, улс орнууд үүдээ нээсэн байхад бид гадаадад чөлөөтэй зорчиж, интернэт хэрэглэнэ. Энэ бүхнийг дагаад чөлөөт худалдаа, чөлөөтэй харилцаа ч бий болох нь тодорхой. Гэтэл энэ бүхнийг бид та нарт өгсөн гэж эрх баригчид ярьж ирсэн. Харин одоогийн Засгийн газар олон жил дарагдаж хэвтээд архивт шидүүлэх шахсан баримт бичиг, судалгаануудыг сөхөж гарган, эрх баригчид юунаас айн, тойрч, халгасныг “ойлгожээ”.

1990-ээд оноос хойш манай улс нийт 567, тэр дундаа урт, богино хугацааны хөгжлийн 203 хөтөлбөр, төсөл, бодлогын баримт бичиг нэртэй цаас үйлдвэрлэжээ. Гэсэн ч Монгол Улсын онцлогт тохируулан хөгжүүлэх урт хугацааны оновчтой бодлого гарсангүй. Тиймээс энэ удаагийн Засгийн газар Монгол Улсыг 2050 он хүртэл хөгжүүлэх урт хугацааны хөтөлбөр боловсруулжээ. Удахгүй УИХ-аар хэлэлцэнэ. Манайхаас илүү хөгжиж буй улс орнууд урт хугацааны хөтөлбөртэй. Үүний дүнд ард түмнийхээ боловсрол, эрүүл мэнд, баялгийн хуваарилалт, шударга ёс, үйлдвэржилт, банк санхүү, нийгмийн хамгаалал, байгаль орчны талаар өөрийн онцлогт тохирсон хөгжлийн бодлого хэрэгжүүлдэг. Тухайлбал, Европын Холбооны гишүүн орнууд “Европ-2020: Ухаалаг, тогтвортой, хүртээмжтэй өсөлт” урт хугацааны бодлогоо 2010 онд баталсан бөгөөд дунд хугацааны хөгжлийн баримт бичгээ таван жил тутам тодотгон, хэрэгжүүлдэг. Мөн ОХУ 2008 онд нийгэм, эдийн засгаа 2020 он хүртэл хөгжүүлэх үзэл баримтлал, БНХАУ 2013 онд “Хятад-2030” урт хугацааны бодлого батлан, хэрэгжүүлж байна. Манай Засгийн газраас тэдгээртэй дүйцэхүйц, 2050 он хүртэл 30 жил хэрэгжүүлж, Монголоо дэлхийн улс орнуудтай эн зэрэгцэхүйц түвшинд хүргэх, монгол загварын хөтөлбөр боловсруулсан гэсэн үг. Тиймээс дөнгөж эхэлж буй 2020 оноос Монгол Улсыг “-30-аас +30”-д хүргэх төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх нь. Засгийн газар тун удахгүй уг хөтөлбөрөө тодорхой танилцуулах биз ээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)