29 дүгээр тусгай сургуулийг хүмүүнлэгийн танхимтай болгов

Монголын улаан загалмай нийгэмлэгийн Хүүхэд, залуучуудын хөдөлгөөн, “Бичил глобус” банк бус санхүүгийн байгууллагынхан сурагчдад хүмүүнлэгийн ажлыг санаачилгаараа, сайн дураараа хийх боломж бүрдүүллээ. Тодруулбал, дээрх хоёр байгууллагынхан сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29 дүгээр тусгай сургуульд хүмүүнлэгийн танхим нээж, бүрэн тохижуулснаа хичээлийн шинэ жилийн эхний өдөр хүлээлгэн өгөв. Сургуулиуд, ялангуяа тусгай сургуулиуд ийм танхимтай болсноор сурагчид хүмүүнлэгийн эрх зүй, гамшгийн бэлэн байдал, анхны тусламжийн талаар тодорхой мэдлэг, мэдээлэлтэй болохоос гадна чөлөөт цагаараа сайн дурын үйл ажиллагаа зохион байгуулах, бие даах чадварт суралцах замаар нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулах боломжтойг дээрх байгууллагынхан онцолсон. “Бичил глобус” банк бус санхүүгийн нэгдлийн ерөнхий захирал С.Отгонбат “Манайх хүмүүнлэгийн үйлсэд идэвхтэй оролцдог, манлайлагч байхыг зорьж буй. Үүний хүрээнд Монголын улаан загалмай нийгэмлэгтэй хоёр жилийн өмнө хамтран ажиллах санамж бичиг байгуулж, үе шаттай ажил хийхээр төлөвлөсөн. Тэдгээрийн нэг нь энэхүү танхим юм. Сурагчдад анхан шатны тусламжийн талаар ойлголт, мэдээлэл өгөхийн зэрэгцээ санхүүгийн боловсрол олгох нь бидний зорилго. Цаашид энэ чиглэлийн ажилд түүчээлэн оролцоно” гэв. Харин тус сургуулийн захирал Д.Оюунсувд “Манай сургуулийг сонгож, ийм танхим тохижуулсанд баяртай байна. Хүүхдүүд хүссэн үедээ танхимд орж, анхан шатны тусламж, гамшгаас хэрхэн урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл авч, үүндээ тулгуурлан бие биедээ тусламж, үйлчилгээ үзүүлэх нөхцөл бүрдлээ. Цаашид Монголын улаан загалмай нийгэмлэгийнхэнтэй хамтраад цуврал сургалт зохион байгуулах төлөвлөгөөтэй” гэсэн юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)