29 дүгээр сургуулийн багш, сурагчдын эрх ашиг дахин хөндөгдлөө

Сүхбаатар дүүргийн 29 дүгээр тусгай дунд сургуулийн сурагч, багш нарын эрх ашиг хөндөгдсөн асуудал дахин сөхөгдлөө. Эл сургуулийн сургалтын үйл ажиллагаа, удирдлагын ёс зүйтэй холбоотой гомдол, шүүмжлэл сүүлийн жилүүдэд тасрахаа больсон. Гурван жилийн өмнө тус сургуулийн захирал Б.Батсайхан сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийг “Бэлэг өгөхийг бэлгийн дарамт гэж ойлгодог” гэж хэлсэн нь шуугиан тарьж, цаашлаад ажлаасаа халагдсан. Гэвч тэрбээр гурван шатны шүүхэд ялалт байгуулж, сургуулийн захирлаар дахин ажилласан юм. Гэсэн ч удалгүй дохионы хэлний багшаар олон жил ажилласан М.Сарантуяад ажлаа өгсөн. Харин өнгөрсөн хавраас тус сургуулийн захирлаар Д.Оюунсувд томилогджээ. Тэрбээр өрөөндөө архидан согтуурч, тамхи татан, согтууруулах ундаа болон чихэр, жимс зардаг тухай нэр бүхий багш болон зарим сурагч мэдээлэв. “Ажлаас халагдах вий” гэж айсандаа захирлынхаа энэ мэт ёс зүйгүй үйлдлийг илчлэхээс багш нар нь эмээдэг гэнэ. Тус сургуулийн дотуур байрны нэг багш үндэслэлгүйгээр ажлаас халагдах болсноо өнгөрсөн баасан гарагт мэдээлсэн юм. Тодруулбал, тэрбээр дотуур байранд амьдардаг нэг хүүхдийг скаутын уулзалтад явуулахыг зөвшөөрсөн нь ийн ажлаас халагдах үндэслэл болсон гэв. Дотуур байранд амьдардаг хүүхдүүд “Шоронд байгаа юм шиг хаашаа ч гарч, орж чаддаггүй” хэмээн мэдээлэв. 29 дүгээр сургуулийн сургалтын үйл ажиллагааг сайжруулахын төлөө төрийн бус байгууллагынхан, эцэг, эхчүүд нь нэгдэх хэрэгтэйг тус сургуулийн зарим төгсөгч уриаллаа. БШУЯ-наас уг сургуулийг шалгадаг гэх ч нөхцөл байдал өөрчлөгдөхгүй, 10 жилийн өмнөхөөс ч сайжраагүйг төгсөгчдийн төлөөлөл нь ярьж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)