29 дэх Ерөнхий сайд хэн болох вэ

УИХ-д шинээр сонгогдсон 76 гишүүн тангаргаа өргөж, даргаа сонголоо. Энэ парламентад МАН дийлэнх олонхын суудал авсан учраас албан тушаалын томилгоо “ногоон гэрлээр” өрнөж байна. Харьцангуй эв нэгдэлтэй, диктатуртай нам учраас “бялуу”-гаа хэл ам, маргаан тэмцэл багатайхан шиг хувааж буй. Шинэ Засгийн газрын тэргүүн, танхимын бүтэц, бүрэлдэхүүний “хар зураг”-ийг тэд хэдийнэ гаргачихсан.

11 яам, 13 сайдтай ажиллах тухай мэдээлэл хэдийнэ хэвлэлээр цацагдсан. Аль аль яамыг нэгтгэж, аль нь өөрчлөгдөхийг хэлэхэд арай эрт байна. Юутай ч хэдхэн сарын өмнө ярьж байсан “давхар дээл”-ний асуудлаа тэд мартах учиргүй.

Үүнийг өчигдөр анхдугаар чуулган дээр Төрийн тэргүүн ч, МАН-ын ахмад гишүүд ч бусдадаа сануулж байсан юм. Бас мэргэжлийн Засгийн газар байгуулах амлалтдаа тэд хүрэх үү, “хар зураг” гаргахдаа үүнийг хэрхэн анхаарсан бэ гэдгийг бид удахгүй мэднэ. Тус намын Бага хурал өнөөдөр болж, энэ талаар хэлэлцэнэ. Наадмаас өмнө Засгийн газраа бүрдүүлж, ажлаа эмхэлнэ гэдгээ УИХ-ын шинэхэн дарга индэр дээрээс мэдэгдсэн.

АМЛАСАНДАА ХҮРЭХ ҮҮ

МАН-ынхан өмнөх парламентад УИХ-ын гишүүн Засгийн газрын сайд байхыг эсэргүүцэж, үүнд хязгаар тогтоох ёстой гэж байсан билээ. Төрийн тэргүүн Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл боловсруулж, үүндээ “давхар дээл”-ийг 2016 оны шинэ Засгийн газраас эхлэн тайлах заалт оруулсан байлаа. Уг төслийг УИХ-аар хэлэлцэх үед тэд Н.Алтанхуягийн танхимын бүтцэд энэ заалтыг хэрэгжүүлэх ёстой хэмээн зүтгэсэн.

Одоо ингэж ярьж байснаа мартах учиргүй. Тиймээс мэргэжлийн Засгийн газар байгуулна, үндсэн чиг үүргийн яамыг УИХ-аас, чиглэлийн бусдыг нь “дан дээлтэй” хүмүүсээр удирдуулах зарчим баримтална гэж байна. Гэвч “бялуу” хуваах дээрээ тулбал байдал яаж ч эргэж болно. Тэр тохиолдолд яаж ийгээд нэг тайлбар олдоно. Ингэж эргэж болзошгүй гэдгийг илэрхийлсэн нэг шийдвэрийг тус намын Удирдах зөвлөл гаргалаа. Ялсан намын дарга Ерөнхий сайд болдог олон жилийн жишгийг тэд эвдэв. Улмаар намын даргаа УИХ-ын даргаар сонгочихлоо.

Тэгэхээр М.Энхболдын нэр Ерөнхий сайд болох хүмүүсийн жагсаалтаас хасагдав. “Өмнө нь та нар З.Энхболд намын дарга байж УИХ-ыг удирдах нь зохимжгүй гэж шүүмжилдэг байсан шүү дээ” хэмээн ам асуусан АН-ынханд М.Энхболд “Манай зарим гишүүн тийм зүйл ярьж байсныг үгүйсгэхгүй. Гэвч бид энэ тухай ямар ч албан бичигт дурдаагүй. Манай дүрэмд нам сонгуульд ялбал дарга нь Ерөнхий сайд болж болно гэж заасан байхаас заавал болно гээгүй. Намаас намайг УИХ-ын даргад нэр дэвшүүлэх шийдвэр гаргасныг би хүлээн авсан” гэж тайлбар хийсэн.

Тэгэхээр УИХ-ын гишүүд Засгийн газрын бүрэлдэхүүний дийлэнхийг эзэлчихвэл гайхах хэрэггүй байх нь. Амлалтаа санаж байхыг ахмад гишүүд нь бусдадаа байн байн сануулаад буй нь бас нэгийг хэлнэ.

ХУВИЛБАРУУД

Юутай ч шинэ Засгийн газрыг хэн тэргүүлэх вэ гэдэг нь анхаарлын төвд байна. Хэд хэдэн хувилбар байгаа аж. Эхнийх нь УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат. Нам дотроо тэр гайгүй дэмжлэгтэй байгаа бололтой юм. Гэвч энэ эрхэм Засгийн газрыг тэргүүлэхэд туршлага бага, Ерөнхий сайдад арай жулдмаар санагдана. Мөн түүнийг Сангийн сайд болно гэх яриа гарч буй нь илүү ортой байж мэднэ. Ч.Сайханбилэгийн Засгийн газарт МАН-ынхан хамтарч ажилласан хэдэн сарын хугацаанд тэр энэ албыг хашсан билээ.

Удаах хувилбар нь УИХ-ын гишүүн С.Бямбацогт. Энэ эрхэм парламентад гурав дахь удаагаа улиран сонгогдоод буй. Өнгөрсөн дөрвөн жилд тэр УИХ дахь бүлгээ толгойлон ажилласан. Туршлага, удирдах чадвар зэргээрээ гологдохгүй. Залуу, идэвхтэй улстөрчдийн нэг. Үүнээс гадна гишүүн Ч.Хүрэлбаатарын нэр ч горилогчдын дунд байгаа гэх.

Аль ч нам олонх болсон УИХ-ын сонгуульд нэр дэвшээгүй, тийм “виз” өгч чадаагүй эрхмүүдээ албан тушаалд томилох талаар бодолцдог. МАН ч энэ жишгээс гажихгүй биз. Тэд 13 яамтай байх “зураг” хийж буй учраас “яамгүй” нь Ерөнхий болон Шадар сайд байна. Улмаар У.Хүрэлсүхийг Шадар сайдад ярьж буй гэнэ. Г.Занданшатар Гадаад хэргийн, Ц.Мөнх-Оргил Хууль зүйн, Ё.Отгонбаяр Боловсрол, соёл, шинжлэх ухааны, Д.Зоригт Эрчим хүчний сайд болох тухай яриа байгаа юм.

Үндсэн чиг үүргийн яамыг удирдах хүнийг УИХ дотроос томилно гэсэнтэй энэ таамаг бага зэрэг зөрчилдөж буй биз. Ер нь МАН дотор нэг албан тушаалд хэд хэдэн горилогч тодроод буй бололтой. Нэг хүний нэр 2-3 албан тушаал дээр ч “тууж” явна. “Виз” олгоогүй гишүүдээсээ гадна “хандив” өгсөн эрхмүүдээ нам харж үзэх нь мэдээж. Энэ мэт хувилбар олон байгаа учраас өнөөдөр болох Бага хурал нэлээд халуухан өрнөх нь. Төрийн ордонд дуулдаж, хэвлэлээр мэдээлж буй таамгаар бол голдуу хуучин, тухайн салбараа тэргүүлж байсан эрхмүүдийн нэрийг “зоожээ”.

Харин зарим таамаг үнэнээс арай “алсуур” байгаа нь нэгийг хэлнэ. Сайд болохоор сэрүүн зүүдэлж буй эрхмүүд захиалгат мэдээлэл бичүүлсэн юм биш биз гэх хардлага ч төрж буй юм. Юутай ч өнөөдөр болох Бага хурлаас тодорхой дүр зураг гарна. МАН чадварлаг, туршлагатай, бас харьцангуй шинэлэг хүмүүсээ томилоосой гэсэн хүлээлт нийгэмд бий. АН-ын алдааг давтахгүй байж, өөрөөр ажилла гэж хүлээлгэсэн иргэдийн итгэлийг тэд даах, үгүй нь удахгүй тодорхой болно.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)