262 мянган цэргийн сургуулилт: Монгол улс оролцоно

“Запад-1981” бол ЗХУ-ын цэргийн түүхэн дэх оператив-стратегийн хамгийн том сургуулилт юм. Тус сургуулилт ЗХУ-ын Беларусь, Киев, Балтын цэргийн тойргууд, Балтын тэнгисийн флот болон Варшавын гэрээний зарим орны зэвсэгт хүчинг хамарсан бөгөөд үүгээрээ цэргийн түүхэнд тодоор бичигдэн үлдсэн. Учир нь хамарсан цар хүрээ болон газар нутаг, хамрагдсан цэрэг арми ба зэвсэг техникээрээ Дэлхийн хоёрдугаар дайны хэмжээнд хүрсэн хэмээн Оросын цэргийн түүхчид дүгнэдэг. Түүнчлэн өндөр ончтой шинэ төрлийн зэвсэгүүд, цэргийн удирдлагын автомат системийг анх туршсанаараа дэлхий нийтийн анхааралд өртөж байв.

Тэгвэл цар хүрээгээрээ “Запад-1981”-тай дүйцэхүйц “Восток-2018” цэргийн сургуулилтыг оросууд 37 жилийн дараа хийх гэж байна. Ингэхдээ Монгол улс, БНХАУ-ын Зэвсэгт хүчний оролцоотойгоор 8-р сарын сүүлчээс 9-р сарын эхэнд зохион байгуулна. Тус сургуулилтад ОХУ-ын цэргийн Төв, Дорнодын тойргууд хамрагдах бөгөөд үүн дээр Умардын флот, Агаарын десант, Алс Дорнодын цэргийн тээврийн анги нэгтгэлүүд оролцох ажээ.

Оросын хэвлэлүүдийн мэдээлснээр сургуулилтад 262 мянган цэрэг эрс болон 1077 нисэх аппарат, 900 танк, 31 мянган зэвсэг техник, 300 усан онгоц оролцох юм байна. Хамгийн сонирхолтой нь ОХУ-ын Агаарын цэргийн хүчний 4, Дорнодын цэргийн тойргийн 6 полигон, Беринг, Япон, Агнуурын тэнгисүүд, Кроноцк, Авачинскийн хойгууд гэсэн өргөн уудам газар нутагт зохиогдоно. Сургуулилтад гүйцэтгэх даалгавар нь “Оросын Дорнод бүсийн аюулгүй байдлыг хангах” ажээ.

Тиймээс ОХУ-ын ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Владимир Путины өгсөн тушаалын дагуу Дорнод бүсийн цэргийн тойргууд, анги нэгтгэлүүдийн бэлэн байдлыг шалгаж байна. Энэ нь “Восток-2018” сургуулилтад бэлтгэх урьтаж ажиллагаа аж. Үүнд Буриадын БНУ, Приморийн хязгаарын 36 мянган цэрэг, нисэх бригадууд хамрагдаж байна. Энэ сарын 25-ныг хүртэл үргэлжлэх бэлтгэл ажиллагааны гол даалгавар нь “Зэвсэгт хүчний удирдлагыг тасралтгүй ажиллагаагаар хангах” гэнэ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)