257.9 гр хар тамхи оруулж ирсэн Нигерийн хар тамхины наймаачдыг шүүнэ

Монгол Улсад мансууруулах бодис оруулж ирж борлуулдаг Африкийн хар тамхины мафийн гишүүд болох Нигерийн иргэдийг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрынхан өнгөрсөн нэгдүгээр сард баривчлан, эд мөрийн баримт 500-гаад сая төгрөгөөр үнэлэгдэх бодисыг нь хураан авсан билээ. Холбооны Бүгд Найрамдах Нигери Улсын иргэн Адекола Олавасен Азийз, Анози Парлингтон Дон, Адиоди Елижах Оладапо гэх гурван эр, Изичукву Чиома Фавор гэх эмэгтэй гадаад хэлний сургалтын төвийн багш, Монголын үндэсний их сургууль (МҮИС)-ийн оюутан халхавчаар манай улсад орж ирсэн тэднийг маш их хэмжээний мансууруулах бодистой нь баривчилсан билээ. Дээрх дөрвөн хүн “мөс”-өө Тайландаас олон улсын шуудан илгээмж болон өмнөд хөршөөс ирж буй Монголыг чиглэсэн хүмүүсээр дамжуулан хил нэвтрүүлдэг, улмаар залууст зардаг байсан нь тогтоогдсон. 

Тэдэнд холбогдох хэргийг цагдаагийнхан шалгаж дуусаад НПГ-т яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлсэн юм. Тэгвэл тус газраас Эрүүгийн хуулийн 18.5-3 дахь хэсгийн “Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар нэвтрүүлсэн”, 20.7-2 дахь хэсэгт заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдах зорилгоор хууль бусаар олж авч, хадгалсан, тээвэрлэсэн, борлуулсан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн юм. Нигерийн иргэн Адекола Олавасен Азийз, Анози Парлингтон Дон, Адиоди Елижах Оладапо гэх гурван эр, Изичукву Чиома Фавор хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг өчигдөр тус шүүхэд хэлэлцэн яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, хурлыг энэ сарын 8-ны 13.30 цагт хийхээр товлолоо.

Энэ хэргийн гол холбогдогч, цагдаагийнханд баригдсан бичлэг, зураг нь олон нийтийн сүлжээнд цацагдсан, 31 настай Адекола Олавасен Азийз нь манайд 2016 оны арваннэгдүгээр сараас хойш амьдарч олон хүнд мансууруулах бодис худалдсан байх магадлалтай. “Ап лайн” гадаад хэлний сургалтын төвд цагийн багшаар ажиллахаас гадна Сонгинохайрхан дүүргийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Тольт” бүрэн дунд сургуульд багшилдаг байсан тэрбээр Принц Шон Азелотти гэдэг хуурамч нэрээр өөр нэг сургалтын төвийн багш байжээ. Тэрбээр “Рояал” академид багшлахаар ирсэн гэдэг. Шалгалтын явцад энэ эр ерөнхий боловсролын сургууль л төгссөн, дээд боловсролгүй нэгэн болох нь тогтоогдсон талаар бид өмнө нь дэлгэрэнгүй мэдээлсэн билээ.

Оюутан халхавчаар суурьшсан эмэгтэй Изичукву Чиома Фавор нь 2016 онд МҮИС-ийн уламжлалт анагаах ухааны ангид элссэн бол Адиоди Елижах Оладапо нь манай улсад 2018 оны хоёрдугаар сард жуулчны 90 хоногийн хугацаатай виз авч орж ирээд хугацаа хэтрүүлэн амьдарч байжээ.

Тэднээс хураасан 260 орчим гр “мөс” бол манай цагдаагийнхны нэг жилд хураадаг энэ төрлийн бодисын 60-70 хувьтай тэнцэх хэмжээнийх гэж тооцохоор залуусын дунд тархсан бол аюултай гэдэг нь ойлгомжтой. Тэд 2016 оноос хойш хэчнээн хэмжээнийхийг зөөсөн нь тодорхойгүй юм билээ. Тиймээс залуусын ирээдүйг бусниулж байгаа хар тамхины наймаачдад манай хууль, шүүхийнхэн хатуухан ял оноох нь зүйтэй болов уу.

Тэднээс гадна Энэтхэг улсын иргэн З.Гани Хашим Закзе гэх эр мансууруулах бодис хууль бусаар олж авч хадгалсан хэрэгт холбогдсон бөгөөд түүний гэм бурууг энэ сарын 7-ны 11.00 цагт Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцэхээр болжээ.

Бэлтгэсэн: Г.Орчлон


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)