2500 гаруй уурын зууханд түүхий нүүрс түлэх нь

Улаанбаатар хотод агаарын бохирдол шүдний өвчин болоод удсан. Энэ талаар иргэд сэрүүн орсон цагаас хаврын урь ортол “хоолойгоо сөөтөл” тэмцдэг. Гэсэн ч дулааны улиралд амралт, зугаалга, улс, аймаг, сумуудын наадам дамжин наргиж яваад мартана. Дахиад л намрын сэрүүн болж, гэр хорооллын айлууд түлээ, нүүрсээ өрдөж эхлэнгүүд гэнэт ухаан орсон мэт “тэмцэл”-ээ эхлүүлдэг “уламжлал” тогтож, яст мэлхий, сармагчин хоёр байшин барих үлгэрээр 20 шахам жилийг үдлээ.

Энэ хугацаанд агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Засгийн газраас өч төчнөөн тэрбум төгрөг төсөвлөж, үрэн таран хийсэн ч хумсын чинээ дэвшил гарсангүй. Улам л дордсоор. Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулах зорилгоор гаргасан сүүлийн шийдвэр бол Улаанбаатарт түүхий нүүрс оруулахгүй байх. Өөрөөр хэлбэл, нийслэлийн иргэдийг нүүрс түлэхийг хориглосон шийдвэр. 2018 оны хоёрдугаар сарын 28-нд Засгийн газар 62 дугаар тогтоол баталж, өнгөрсөн тавдугаар сарын 15-наас хэрэгжүүлж эхэлсэн. Ингэж түүхий нүүрсний хэрэглээг хориглож, сайжруулсан шахмал түлшээр орлуулснаар нийслэлийн хорт утаа багасаж, агаарын бохирдол 50 хүртэл хувиар буурна гэж судлаачид үзэж буй.

Улаанбаатар хотын агаарын бохирдолд зөвхөн гэр хорооллын яндангуудаас гадна уурын зуухнууд ч нэрмээс болдог. Эдгээр нь агаарын бохирдлын 10 гаруй хувийг үйлдвэрлэдэг гэсэн судалгаа бий. Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй, төвлөрсөн дулаанд холбоогүй, өөрөөр хэлбэл, уурын зуухаар дулаанаа шийдвэрлэдэг аж ахуйн нэгж, байгууллагуудад 62 дугаар тогтоол хамаагүй, нүүрс түлж, агаар бохирдуулсаар байх нь.

Учир нь дээрх тогтооолд Багануур, Налайх, Багахангай дүүрэг болон Баянзүрхийн 20, Сонгинохайрханы 21, Хан-Уулын 12, 13, 14 дүгээр хороо нь агаарын чанарыг сайжруулах бүсэд хамаарахгүй тул дээрх тогтоол падгүй болохыг заажээ. Мөн Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллагад ч хамаарахгүй. Нийслэлийн хэмжээнд тусгай зөвшөөрөлтэй 15 аж ахуйн нэгж байгууллагын, 156 ширхэг зуух 66 байршилд байдаг. Өөрөөр хэлбэл, эдгээр байгууллага Засгийн газрын тогтоолын дагуу түүхий нүүрс хэрэглэх нь.

...Улаанбаатарт агаарын чанарын бүсчлэлд хамаарах, найман нэрийн дэлгүүр, халуун усны газар зэрэг 16-100 кВт-ын хүчин чадалтай зуух ашигладаг 2209 аж ахуйн нэгж, байгууллага бий...

Төвлөрсөн шугам сүлжээнд холбогдоогүй аж ахуйн нэгж, байгууллагуудын дулаан, эрчим хүчээ шийдвэрлэдэг халаалтын зуухыг 16-100, 100-гаас дээш кВт/цагийн хүчин чадалтай хэмээн ангилдаг. 100 кВт-аас дээш хүчин чадалтай 504 зуух нийслэлд өдгөө бий аж. Үүнээс агаарын чанарын бүсэд хамаарахгүй буюу дээр дурдсан алслагдсан гурав болон, Сонгинохайрхан, Баянзүрх, Хан-Уул дүүргийн зарим хороонд хамаарах 80-ыг хасвал 424 зуух нүүрс түлж буй. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас дээрх 424 зуухнаас 51 зуух ашиглаж байгаа аж ахуйн нэгж, байгууллагыг төвлөрсөн дулаанд, 31-ийг нь цахилгаан халаалттай болгохоор төлөвлөжээ.

Тусгай зөвшөөрөлгүй 166 аж ахуйн нэгж, байгууллагын 290 ширхэг зуух байгаа гэнэ. Тэдгээр аж ахуйн нэгж, байгууллагад ямар хариуцлага тооцож дулаан хангамжийг нь цаашид хэрхэн шийдэхийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Т.Хэрлэнгээс тодруулахад “Тэдгээр зууханд утаа шүүгч суурилуулж, үйл ажиллагааг нь үргэлжлүүлнэ. Цаашид хэрхэх талаар судалж байна. Уг 290 зуухнаас төрийн өмчийн 65, хувийн хэвшлийн байгууллагын 59 зуух утаа шүүгчгүй байна. Тиймээс нэн тэргүүнд эдгээрт утаа шүүгч суурилуулахаар төлөвлөсөн. Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо утаа шүүгч суурилуулах ажлыг хариуцаж буй. Тус байгууллага гүйцэтгэгчийг шалгаруулж, туршилт хийнэ. Нийслэлийн хэмжээнд уурын зуухаар халдаг сургууль, цэцэрлэг 18 бий. 

Тэдгээрийн асуудлыг шийдвэрлэсэн гэхэд болно. Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо 1.4 тэрбум төгрөгөөр дээрх сургууль, цэцэрлэгийг цахилгаан хангамжид холбож эхэлсэн. Түүнчлэн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас уурын зуухаар халдаг аж ахуйн нэгж, байгууллагуудад судалгаа хийж, 45 байршлын 86 халаалтын зуухыг төвлөрсөн дулаанд холбох боломжтой гэсэн тооцоо хийсэн. Тиймээс эхний ээлжид 18 байршлын 33 зуухыг дулаанд холбохоор төлөвлөсөн” гэлээ. Харин Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо одоогоор шүүлтүүрийн үнэ, эргэн төлөх нөхцөлөөр, эсвэл үнэ төлбөргүй тавьж өгөх, эсэхийг шийдээгүй байгаа аж. Хүйтний улирал хаяанд ирсэн байхад ямар шүүлтүүр, ямар журмаар суурилуулах нь тодорхойгүй байгаа гэх юм. Тиймээс судлаачдын гаргасан шиг агаарын бохирдол 50 хүртэл буурах таамаглал талаар болж магадгүй нь.

Мөн Улаанбаатарт агаарын чанарын бүсчлэлд хамаарах, найман нэрийн дэлгүүр, халуун усны газар зэрэг 16-100 кВт-ын хүчин чадалтай зуух ашигладаг 2209 аж ахуйн нэгж, байгууллага бий. Тэдгээрт түүхий нүүрс түлэх тусгай зөвшөөрөл олгоогүйг Т.Хэрлэн хэлсэн юм. Тиймээс тэр байгууллагуудад айл өрхүүдийн адил шахмал түлш хэрэглэхийг шаардсан аж. Зөвхөн гэр хорооллын айл өрхөд хүйтний улиралд 600 000 тонн шахмал түлш шаардлагатай. Одоогоор түлш үйлдвэрлэж байгаа ганц үйлдвэр нь “Тавантолгой түлш” компани бөгөөд 130 000 тонныг үйлдвэрлэж, нөөцөлжээ. Гэтэл үүн дээр дахиад 2209 нам даралтын уурын зуух нэмэгдэж, шахмал түлш түлэхээр “даалгавар” авчихлаа. Тэгвэл “Тавантолгой түлш” компани айл, өрхийн шахмал түлшийг хангаж чадах, эсэх нь эргэлзээтэй.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)