2.5-4 см голчтой мөндөр орж, гамшиг дагуулав

Мөндрийн голч нь 10 мм-ээс дээш байвал онц аюултай буюу гамшгийн хэмжээнд хүрсэнд тооцдог тухай Цаг уур, орчны шинжилгээний газрын ахлах мэргэжилтэн Ч.Сарантуяа ярьжээ. Тэгвэл уржигдар 18.00 цаг орчимд Булган аймгийн Хутаг-Өндөр суманд 2.5-4 см-ийн голчтой мөндөр орж, багагүй хохирол учруулаад байна. ОБЕГ-ынхны мэдээлснээр гамшигт үзэгдлийн нөлөөгөөр хоёр хүн хөнгөн гэмтэж, 20-иод өрхийн гэр нуран, 10 аж ахуйн нэгж, байгууллагын барилгын цонх хагарч, 64 байшингийн дээвэр цөмөрч, салхинд хийссэн гэх.

Мөн 149 автомашины шил, гэрэл дохио хагарч, цахилгаан дамжуулах 0.4 кВт-ын 10 тулгуур багана унасны улмаас 600 гаруй өрх цахилгаангүй болсон байна. Булган аймгийн Онцгой байдлын газрынхны хэлж буйгаар 12-хан минут үргэлжилсэн мөндөр үүнээс ч их хохирол учруулжээ. Тус газрын Олон нийттэй харилцах албаны мэргэжилтэн Л.Сайхантуяа “Өмнөх өдөр нь буюу 23-нд Баян-Агт суманд нэлээд хүчтэй мөндөр орж, таван айлын гэр, хашаа нурсан. Өчигдрийнх түүнээс хэд дахин их аюул дагуулж, гарз учрууллаа. Хоёр биш, таван хүн гэмтэж, 300 гаруй бог мөндөрт цохиулсан. Салхины ая даалгүй унасан цахилгааны шугамуудыг засахаар (15.30) аймгийн Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан баг ажиллаж байна” гэв.

Онцгой байдлын газрын болон бусад эх сурвалжийн хэлснээр бол эл өдөр орсон мөндөр тахианы өндөгний чинээ байсан гэнэ. Түүнчлэн Өвөрхангайн Хайрхандулаан, Хөвсгөлийн Алаг-Эрдэнэ суманд энэ өдөр салхи секундэд 24-26 метрт хүрч ширүүсэн, мөндөр оржээ.

Ойрын өдрүүдэд буюу наймдугаар сарын эхээр баруун болон төвийн бүсийн зарим нутгаар аадар бороо, хүчтэй мөндөр орно гэж Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээнд дурджээ. Өчигдөр гэхэд нийслэлд орсон борооны улмаас зарим газарт үер бууж, хүн машин явах боломжгүй болов.

Тухайлбал, Чингэлтэй дүүргийн VII хорооны 12А байрны подвол руу гудамжны ус орсон гэх дуудлага ирсэн аж. Онцгой байдлын алба хаагчид усыг шавхаж, аюулгүй болгосон байна. Мөн Сонгинохайрхан дүүргийн XXI хороо, 61-ийн гарам орчимд уулын үер бууж, гурван гэр урсав. Нийслэлийн аврах анги үер буусан газарт ажиллаж, урссан гэр, эд хогшлыг иргэдэд хүлээлгэн өгчээ.

Харамсалтай нь, нэг иргэн гэртээ сууж байгаад гарч чадалгүй үерт автан амиа алдсан байна. Үүнээс гадна таван настай хүүхэд нас барсан аж. Мөн борооны үеэр хоёр хүүхэд сураггүй болсон гэх дуудлага иржээ. Аврагчид сураггүй болсон хүүхдүүдийг хайж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)