24 жил хүүхдийн эмч бэлдээгүйн гор

Эрүүл мэндийн байгууллагууд судас олдоггүй сувилагч, оношоо мэддэггүй эмч, энэрэх сэтгэлгүй эх баригч, зургаа таньдаггүй рентгенч, шинжилгээгээ уншиж чаддаггүй лаборантаар “хахаж” байна гэвэл үгүй гээд хэлчих хүн хэд бол. Эмч, мэргэжилтнүүдийн мэдлэг, чадвар, сэтгэл, харилцаа, хандлага ингэтлээ уруудах болсон шалтгааныг “Өнөөдөр” сонин тодруулахад анагаахын чиглэлээр боловсон хүчин бэлддэг сургуулиудын сургалтын чанарт гол асуудал нь байсан юм. Өмнөх дөрвөн цуврал нийтлэлээрээ бид ямар, ямар сургууль боловсон хүчин бэлдэж, эрүүл мэндийн салбарт нийлүүлж байгааг, тэдгээрийн сургалтын орчин, материаллаг бааз хангалттай, эсэх, тусгай зөвшөөрлийн будилаан, мэргэжлийн багш нарын хүрэлцээ, төгсөлтийн дараах сургалт, эмч, сувилагчийн харьцаа, эмнэлгийн инженер, техникчдийн ур чадвар зэргийг шүүмжилсэн. Харин энэ удаад хүүхдийн эмч хэрхэн бэлдэж ирсэн түүх, одоогийн эрэлт хэрэгцээ, цаашид хэрхэн арга хэмжээ авах талаар гарц, гаргалгаа хайлаа.

...Бодлогоор хүүхдийн эмч бэлддэг улсын эндэгдлийн түвшин, тэр дундаа манай хоёр хөршийнх ямар байгааг сонирхлоо. ОХУ-д тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 1000 амьд төрөлтөд 5.5, БНХАУ-д найм байна...

Манай улс залуусын орон. Хүн амын 37 орчим хувийг 18 хүртэлх насныхан эзэлдэг. Бүр нарийвчилбал, 0-15 насныхан 31.2 хувь байгааг Эрүүл мэндийн хөгжлийн төвийнхний судалгаанаас үзэж болно. Үүний дотор 0-9 насны багачууд хамгийн олон байх жишээтэй. Үндэсний статистикийн хорооныхны урьдчилсан тооцоогоор, 2045 он хүртэл 0-18 насны хүүхдийн тоо тасралтгүй нэмэгдэх төлөв гарчээ. Төрөлтийн түвшнийг авч үзвэл, сүүлийн 15 жилд нэлээд хэлбэлзсэн ч цаашид нэмэгдэх хандлагатайг судлаачид мөн таамагласан байна. 1990 онд 1000 хүнд ногдох төрөлтийн түвшин 35.3 байсан бол 2005 онд энэ тоо 17.8 болж хоёр дахин буурсан гэдэг. Гэхдээ эл үзүүлэлт 2006 оноос тогтвортой нэмэгдсээр 2018 онд 24.5-д хүрчээ.

Эдгээр тоо баримтыг дурдах болсон шалтгаан нь Монгол Улс ирээдүйд хүүхдэд чиглэсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнийхээ чанар, хүртээмжийг одоогийнхоос хэд дахин сайжруулж, нэмэгдүүлэх шаардлага тулгарахыг харуулж буй хэрэг. Харамсалтай нь, улсын хэмжээнд өдгөө нэг сая гаруй хүүхдийг асарч тойлох мэргэжлийн эмчийн тоо ердөө 741 байна. Ийм байхад ямар нэг арга хэмжээ авахгүй мөртлөө хүүхдийн өвчин, эндэгдлийг бууруулах тухай, мянганы хөгжлийн зорилтыг биелүүлэх талаар ярьсан хэвээр. Гэхдээ манай сайд, дарга нар бууж өгөхгүй, “сэрүүн зүүдэлсэн” чигээрээ л. Зах зухаас нь жишээ дурдахад, “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”-д энэ он гэхэд тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийг 1000 амьд төрөлтөд 15, нялхсын эндэгдлийг 13 болгож бууруулах зорилт тавьсан. 2030 онд эл тоог бүр 8-9-д “барина” гэж сайрхацгаана билээ.

Олон улсын жишиг харъя. Дэлхийн нийт хүн амын 26 хувь нь хүүхэд. АНУ-ын 23, Европын холбооны улсуудын 16, харин манай улсынх дээр дурдсанчлан 37 орчим хувь нь 0-18 насныхан. Бодлогоор хүүхдийн эмч бэлддэг улсын эндэгдлийн түвшин, тэр дундаа манай хоёр хөршийнх ямар байгааг сонирхлоо. ОХУ-д тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 1000 амьд төрөлтөд 5.5, БНХАУ-д найм байна. Тус хоёр улс бяцхан иргэдээ эрүүл, аюулгүй орчинд өсгөж, бойжуулахад ихэд анхаардаг аж. Тиймдээ ч эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээндээ хамгийн чадвартай, мэргэжлийн эмч нараа ажиллуулдаг гэнэ. Манайхаар бол өрх, сумын эмнэлэг, сургууль, цэцэрлэгүүд нь бүгд мэргэшсэн хүүхдийн эмчтэй.

Тэгвэл манайд нялхас, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл үнэхээр буурч уу. Эрүүл мэндийн хөгжлийн төвийнхний жил бүр нэгтгэдэг судалгаанаас харахад, 2018 онд тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 1000 амьд төрөлтөд 16.9, нялхсынх 13.4 байна. 1990, 2010 оныхтой эдгээр тоон үзүүлэлтийг харьцуулбал тодорхой хэмжээнд буурчээ. Гэхдээ бид олон улсын жишгээр ямар ч эндэгдэл, үхэл хагацалгүй улс байх сан. Өөрөөр хэлбэл, хамгийн цөөнөөр бодоход 1000 хүүхдийнхээ 8-9-ийг нь “цааш харуулж” байж зорилтоо биелүүлэх гээд байдаг нь тун хэрцгий. ЭХЭМҮТ-өөс эмхэтгэдэг Монгол Улс дахь эх, хүүхдийн өвчин, эндэгдлийн бүрдэл судалгаанд дурдсанаар, 2013-2017 онд жилд дунджаар нярай үедээ 771, 1-12 сартайдаа 1315, 1-5 насандаа 1500 орчим хүүхэд нас баржээ. Өөрөөр хэлбэл, бид жил бүр тав хүртэлх насны 3000 гаруй иргэнээ алддаг гэсэн үг. Тэдний талаас илүү хувийг өвчнөөс урьдчилан сэргийлж, эмчилж болох байсан гэхээр бүр ч харамсалтай байгаа биз. Зөвхөн уушгины хатгалгаагаар л гэхэд жил бүр 400-500 хүүхэд эндэж байна шүү дээ. Энэ “эрчээрээ” урагшилбал хүүхдийн өвчин, эндэгдэл улам нэмэгдэн, анагаах зардал нь л гэхэд 2025 онд одоогийнхоос 33 хувиар өсөх төлөвтэйг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын хамтарсан судалгаанд дурджээ.

Жилийн жилд ханиад, томуунд нялхас дарлуулж, хэдэн зуугаараа хорвоог орхиж байхад төр, засгаас авч хэрэгжүүлдэг ганц арга нь эмнэлгүүдэд хэдэн төмөр ор нийлүүлсэн болоод ам таглах. Улсын хэмжээнд өрх, сумын эмнэлгээр үйлчлүүлэгчдийн 70 орчим хувь нь хүүхэд, нярай боловч одоог хүртэл бүгд шахам хүүхдийн эмчгүй. Дүүргийн эмнэлгүүдэд мэргэжлийн ганц, хоёрхон эмч байдаг ч олонх нь мэдлэг, чадвар дутмаг. Хүүхдийн цээж чагнаад, уушгины хатгалгаатай, үгүйг нь ялгадаг ч үгүй хүмүүс суудаг гээд хэлчихвэл үнэнээс хол зөрөхгүй л болов уу. Мэддэг, хэлдэг үгнүүд нь “Хүүхдийнхээ дархлааг дэмж, аарц, чацаргана өг” л гэнэ. МУИС-ийн багш, дэд профессор, генетикч Ж.Хулан “Хүүхдийн эмч нар вирусийн гаралтай ханиад, томуу дэгдэхэд нэг л учраа олохгүй байх шиг. Жишээлбэл, томууны вирусээс хэрхэн хамгаалахыг эмч нараас асуухад олонх нь дархлаагаа сайжруулахыг л зөвлөдөг. Ачир дээрээ ингэснээр ханиад, томуунаас сэргийлдэггүй” хэмээсэн юм. Хүн бүхний дархлаа янз бүр. Тухайн бие организмд гаднаас халдвар нэвтрэхэд өвөрмөц дархлаа буюу эсрэг биет үүсдэг байна. Харин халдвар аваагүй байхад дархлааг ингэж сайжруулах нь аюултайг тэрбээр хэлсэн. Өөрийн эсийн эсрэг өвөрмөц дархлаа гэгч үүсвэл хэн хариуцах вэ. Дээрээс нь бага насныханд дархлаа дэмждэг гэх янз бүрийн эм бичиж өгч байна. Гэтэл энэ төрлийн эмийг зөвхөн хүнд өвчний үед л хэрэглэх заалттай гэхчлэн наад захын мэдлэггүй байна шүү дээ.

Хүүхдийн мэргэшсэн эмч хүүхдийн биеийн анатоми, физиологийн онцлогийг нь нарийвчлан судалсан байх шаардлагатай гэдэг. Эмчилгээний үе шат, стандарт нь том хүнийхээс өөр учраас. Антибиотик өгөхдөө хүртэл хүүхдийн нас, биеийн жин зэргийг харгалзан, тунг нарийн тооцож гаргадаг. Өчүүхэн алдаа гаргахад л эмчилгээ нь бүтэлгүйтэж, хүүхэд хүндрэх аюултай аж. Гэтэл манай улс хүүхдийн эмч бэлдэхээ больсноос хойш иймэрхүү нарийн мэдлэгийг төгсөлтийн дараах сургалтаар л олгодог болсон. Анагаах ухааны их сургууль (хуучнаар) 1946 онд нээсэн хүүхдийн эмчийн ангиа 1996 онд хааж, төгсөлтийн дараах хоёрхон жилийн сургалтаар энэ чиглэлийн мэргэжилтнүүдийг бэлдэнэ гэж эндүүрсний горыг өдгөө хүүхэд, багачууд яс махандаа тултал амсаж буйг бид харж байна. Тус сургууль дээрх хугацаанд хүүхдийн 2000 эмч бэлдсэн ч өдгөө 800 хүрэхгүй мэргэжилтэн улсын хэмжээнд үйлчилгээ үзүүлж буй. Олон улсын жишигт нэг хүүхдэд ногдох эмчийн тоо дотрын анагаахын салбарынхаас гурав дахин олон байхаар тусгасан ч бид хэзээ энэ эрэлтийг хангахыг хэлж мэдэхгүй.

2008 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд төгсөлтийн дараах сургалтаар хүүхдийн 200 гаруйхан эмч бэлджээ. АШУҮИС уламжлалаа сэргээж, хүүхдийн эмчийн ангиа нээж буйгаа 2019 оны намар зарласан ч өнгөрсөн жил лав элсэлт аваагүй. Тэд “Ирэх хичээлийн жилээс хүүхдийн эмчийн ангидаа албан ёсоор оюутан элсүүлнэ. Тушаал, шийдвэр нь гарчихсан. Эхний ээлжид 2019-2020 оны хичээлийн жилд суралцаж буй их эмчийн ангийн I, II дамжааны оюутнуудаас сонирхсоныг нь хүүхдийн эмчийнхэд дэвшүүлэн, суралцуулна” гэсэн юм. Ажил хэрэг болговол үүнээс сайн юм гэж хаана байх вэ. Сонгууль угтсан бас нэг “үзүүлбэр” болчихгүй л бол.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (19)