“23 сая охин хорвоод мэндлээгүй”

“Эцэг, эхэд нь ирээдүйн хүүхдийнх нь хүйс таалагдаагүйн улмаас үр хөндүүлснээс болж 23 сая охин хорвоод мэндлээгүй. Энэ нь Испанийн хүн амын тал, эсвэл Австралийн хүн амын тоотой тэнцэнэ. Бельги, Кубын хүн амаас хоёр, Дани, Финландынхаас дөрөв дахин олон тоо”. АНУ-ын Үндэсний шинжлэх ухааны академийн сэтгүүлд энэ долоо хоногт ийм тоо баримт нийтэлжээ. 

Эрдэмтэд сүүлийн хэдэн арван жилд дэлхий даяар мэндэлсэн хүүхдийн тоонд дүн шинжилгээ хийж, энэ хугацаанд хэд хэдэн улсад шинэ төрөгсдийн хүйсийн харьцаа эрс зөрүүтэй байсныг тогтоожээ. Тодруулбал, эрэгтэй хүүхдийн тоо үлэмж олон байв. Ийм хандлага хүн ам олон Энэтхэг, Хятад болон Азербайжан, Армен, Вьетнам, Гүрж, Хятадын Тайвань, Тунис, Черногор, БНСУ гэсэн 11 оронд онцгой ажиглагджээ. Дунджаар шинээр мэндэлсэн 100 охинд 105 хүү ногдож байсан аж.

1970-2017 онд 200 орны төрөлтийн статистикийг судалсан Америк, Сингапурын эрдэмтэд хүйсийн тэгш бус харьцаа урьд өмнө байгаагүй хэмжээнд хүрсэн гэсэн дүгнэлт хийжээ. Жишээлбэл, Хятадад 2005 онд шинээр мэндэлсэн 100 охинд 118 хүү ногдсон байна. Энэтхэгт үүнээс 10 жилийн өмнө 100:111 гэсэн харьцаатай болсон гэнэ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)