23 ЖИЛ ХЯНАЛТГҮЙ АЖИЛЛАСАН СҮМҮҮДЭД ШИНЭ ЗОХИЦУУЛАЛТ ХЭРЭГТЭЙ БОЛЖЭЭ

Монгол хүн өөрийн сонирхлоор шашин шүтэх эрхтэй. Гэвч шашины байгууллагуудын үйл ажиллагааг зохицуулах эрх зүйн орчин дутмаг, оюун ухаан, үзэл бодол нь төлөвшөөгүй бага насны хүүхдүүдийг хоол хүнс, хувцас хэрэгслээр дамжуулан уруу татах үйлдэл газар авчээ.

Бодит амьдралаас тасарсан, ертөнцийн эзний хүслээр бүхнийг хийх ёстой гэсэн ташаа номлолтой сүм олон байдгийг эх сурвалжууд мэдээлж буй. Тиймээс УИХ-ын зарим гишүүн, “Тунгаамал” төв хамтран шашины байгууллагын үйл ажиллагааг цэгцлэх хуулийн төсөл санаачилж, боловсруулж эхэлжээ.

Учир нь 1993 онд баталсан Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулиар шашины байгууллагуудын үйл ажиллагааг зохицуулж буй нь учир дутагдалтай байгаа гэнэ.

Уг хуулийг баталснаас хойш эдүгээг хүртэлх 23 жилийн хугацаанд гадаадын шашины төрөл бүрийн урсгалын сүм бий болсон ч төрөөс тэдэнд тавих хяналт сул учир бага насны хүүхдүүд өөртөө тулгамдсан асуудлыг эцэг, эхтэйгээ зөвлөхөө больж, библийн номуудад итгэж буруу үйлдэл хийх нь ихэсчээ.

Арав гаруй жилийн өмнө манай улсын хэмжээнд 181 сүм, хийд бий гэсэн статистик гарч байж. Харин энэ онд сүм, хийд 782 болсныг статистик мэдээнээс харж болно. Үүний 331 нь буддын, 364 нь христийнх. Улсын хэмжээнд бүртгэлтэй сүм, хийдийн 496 нь орон нутагт, 286 нь нийслэлд үйл ажиллагаа явуулж байна.

Харин нийслэлд байрлаж буй сүмүүдийн 99 нь буддын, 162 нь христийн, 21 нь бөө мөргөлийн, долоо нь католик, ислам, мүүний сүм тус бүр хоёр, бахит, шинто, хинди, шүтлэгийн бус сүм тус бүр нэг бий.

Одоогийн хуульд “Зонхилох шашин нь буддын шашин байна” гэсэн байдаг боловч христийн сүм олонх болчихсон байгаа нь үндэсний аюулгүй байдалд халтайг “Тунгаамал” төв болон бусад албаны хүмүүс онцолж буй. Дээрх сүмүүдээс гадна зөвшөөрөлгүй 180 сүм бий гэсэн судалгааг тус төв гаргажээ.

Харин зарим хүмүүс христийн 450 гаруй сүм бий гэсэн судалгаа гаргасан байгаа юм. “Тунгаамал” төвийн тэргүүн О.Тунгалаг “Дур мэдэн шашины байгууллага байгуулах үйлдэл газар авсныг судалгаа хийсэн хүмүүс бидэнд мэдээлсэн.

Мөн тэднийг бага насны хүүхдүүдийг хуурч, өөрсдийн эрхэмлэдэг шашины урсгалд оруулж байгаа гэх ч мэдээлэл бий. Үүнээс гадна зарим сүм, хийд галын болоод бусад аюулгүй байдлыг хангаагүй, агааржуулах системгүй, өвлийн улиралд халаалтгүй, эрүүл ахуйн шаардлага хангаагүй орчинд хоол хийж, тараадаг.

Мөн номлогчид нь аялал жуулчлал, бизнес, оюутны гэх мэт чиглэлээр Монголд түр оршин суух зөвшөөрөл авсан атлаа шашины үйл ажиллагаа гардан хэрэгжүүлж, татвараас зайлсхийх, зөвшөөрлөө сунгуулахгүйгээр үйл ажиллагаа явуулах, дур мэдэн салбар байгуулах зэрэг зөрчил гаргадаг.

Гэтэл тэдэнд хариуцлага тооцох тогтолцоо алга. УИХ-ын зарим гишүүн сүм, хийдийн эрх зүйн орчныг шинэчлэхээр ажиллаж байгаа” хэмээн ярив.

Сүүлийн жилүүдэд бага насны хүүхдүүд сүмд явах нь элбэгшчээ. Энэ нь номлогчид тэдэнд “Англи хэл зааж өгнө”, “Гадаадын сургуульд сурахад нь тусална” гэх зэрэг амлалт өгдөгтэй холбоотой аж.

Сүмд очиж, улмаар номлогч болбол гадаадад амьдарч, ажиллах боломжтой гэдгийг сонссон эцэг, эхчүүд ч хүүхдээ сүмд явахыг ятгаж, аваачдаг байдал ихэссэн гэнэ. Мөн амьдралын түвшин доогуур хүмүүст өдрийн хоол, хувцас өгдөг учир маш олон хүн христийн элдэв урсгалын сүмд очиж буй гэдгийг эх сурвалжууд хэлсэн юм.

Ялангуяа төлөвшөөгүй бага насны хүүхэд элдэв бэлэг сэлтэд хууртан, гадаадын шашины номлолоор хүмүүжиж буй нь үндэсний аюулгүй байдалд харш гэж шашины байгууллагын үйл ажиллагааны талаарх хуулийн төсөл санаачлагчид онцлов.

“Сүм, хүүхдийн харилцааг зохицуулсан хуулийн заалт, ямар ч баримт бичигт байхгүй. Бага насны хүүхдүүд эцэг, эхийнхээ хэлснээр сүм, хийдэд элсэж, номлолыг нь сонсож хүмүүждэг болоод байна. Энэ нь эргээд тухайн хүүхдүүдийн ирээдүйд сөрөг нөлөө үзүүлдэг. Тухайлбал, гэр бүлийн харилцаа тогтоохыг хориглодог сүм байна.

Гэр бүлтэй болохыг муу, муухай хэмээн ойлгосон хүүхэд бүх насаараа ганц биеэрээ амьдарна. Ням гаригт сүмүүдээр орж, хүүхдүүд хэрхэн бусдын нөлөөнд автаж байгааг харж болно. Тэнд хүүхдүүд бодит байдлаас тасарчихсан уйлж, дуулж байдаг.

Бүхий л сүм ийм байгаа. Тиймээс 16-гаас дээш насны хүүхэд өөрөө шашинаа сонгодог байдлаар журамлаж өгөх ёстой” гэлээ.

Дээрх сүм, хийдийн олонх нь гэр хороололд байрлаж, амьжиргааны түвшин доогуур амьдралтай айлын хүүхдүүдийг элсүүлдэг гэнэ. Энэ талаар УИХ-ын гишүүн Су.Батболд “Сүм, хийдүүдийн тоо, байршлыг зохицуулах нь зүйтэй.

Зохицуулалт хийхгүй бол элдэв шашины урсгалаар дамжуулан иргэдэд ташаа мэдээлэл өгч, буруу үйлдэл хийлгэж магадгүй боллоо” гэж байв. Ямар ч зохицуулалтгүй сүмүүд шашины номлолыг сургалтын системтэй ч холих болсныг өнгөрсөн намар нийслэлийн 84 дүгээр сургууль дээр гарсан явдлаас харж болно.

Мөн шашины зан үйлээр дамжуулан төрийн бодлого, шийдвэрт ч нөлөөлөх үйлдэл мэр сэр гарах болсныг шинэ хуулийн төсөл санаачлагчид онцоллоо. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей “Төр уг асуудалд дорвитой анхаарахгүй байна.

Яг хэчнээн сүм, хийд үйл ажиллагаа явуулж буй тоо баримт ч тодорхойгүй. Зөвхөн аймаг, нийслэлийн ИТХ сүм, хийдийг бүртгэх, зөвшөөрөл олгох ажлыг л хийж байгаа нь учир дутагдалтай” гэв.

Өнгөрсөн онд “Тунгаамал” төв сүм, хийдийн сургалтад хамрагдаж буй хүүхдүүдийг судалж, орон нутагт 3400, нийслэлд 15.400 хүүхэд сүмд элссэн гэсэн тооцоо гаргажээ. Гэвч зөвшөөрөл олгож буй газар нь энэ олон хүүхдийг юу сурч, ямар орчинд төлөвшиж буйг мэдэхгүй байна.

АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ

“ЯМАР НЭГЭН ГОМДОЛ ГАРААГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ НЬ СУНГАДАГ”

Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Б.Энхболдоос сүм, хийдэд ямар журмаар зөвшөөрөл олгодгийг тодрууллаа.

-Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулах шашины байгууллагын зөвшөөрлийг ямар журмаар өгдөг вэ?

-Шашины байгууллага байгуулах хүсэлтэй хүмүүс өргөдөл гаргадаг. Ингэхдээ ямар чиглэлээр үйл ажиллагаагаа явуулах вэ гэдгээ заавал бичих учиртай.

Ингээд цагдаа, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар, татвар зэрэг байгууллага болон бусад байгууллагын хүмүүс багтсан 10 орчим хүнтэй ажлын хэсэг очиж шалгаад, зөвшөөрлийг нь олгодог.

-Тэгвэл эрхийг нь хэрхэн сунгадаг юм бол?

-Аливаа сүмийн талаарх гомдлыг тухайн хорооных нь цагдаа бүртгэж авдаг. Үүнийг нь шалгаад гомдол ирээгүй байвал зөвшөөрлийг нь сунгадаг.

-Зөвшөөрөлгүй сүм, хийд олон бий гэсэн. Энэ үнэн үү?

-Бид нийслэлийн Статистикийн газартай хамтран, зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүй сүмийн судалгааг гаргасан. Энэ нь төр хэн, хаана, ямар урсгалтай сүм ажиллуулж байгааг мэдэж байгаа гэсэн үг.

Зарим байгууллага “Зөвшөөрөлгүй 80 сүм бий” гэх судалгаа гаргасан байдаг. Харин бидний тооцоолсноор зөвшөөрөлгүй 18 байгууллага л бий. Дээрх 80 гэдэг тоо бол сүмийн салбаруудыг хэлж буй юм.

Аливаа сүм салбараа нээхийг хуулиар хориглоогүй учир шууд зөвшөөрөлгүй гэх нь учир дутагдалтай. Тиймээс эрх зүйн зохицуулалт зайлшгүй шаардлагатай байна.

-Дээрх 18 сүмд анхнаасаа зөвшөөрөл өгөөгүй гэсэн үг үү?

-Сүмүүд ихэвчлэн татвар, газрын төлбөр, нийгмийн даатгалын шимтгэл зэрэг өртэй байдаг. Мөн номлогч нар нь визний зөрчилтэй байх нь элбэг. Өөрөөр хэлбэл, номлогчийг жуулчны визээр авчирсан атлаа Монголд тогтмол байлгадаг.

Эсвэл ажиллах хүчний визээр орж ирээд, манай улсын хуулийн дагуу төлбөр мөнгө төлөхгүй байна гэсэн үг. Дээрх сүмүүд ийм л асуудалтай байх. Ер нь шашины байгууллагын эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлага бий.

1993 онд баталсан Төр, сүм, хийдийн харилцааны тухай хууль, түүнийг дагаж 2005 онд нийслэлийн ИТХ-ын баталсан зөвшөөрөл олгох, сунгах журмаар л өнөөдрийн бүх харилцааг зохицуулж байна.

Дээр дурдсан шиг зөрчил гаргасан сүмийн эзэд “Бид ажил хийх гэж ирээгүй. Сайн дурын үйл ажиллагаа явуулах гэж ирсэн” гэдэг. Тиймээс нэн даруй визний төрөлдөө өөрчлөлт оруулах гэх мэт зохицуулалт хийх ёстой.

-Сүм, хийдүүд хүүхдүүдийг хоол, бэлгээр хуурч буруу номлол түгээж байна гэх юм. Ямар урсгалын сүм гэдгийг шалгадаг уу?

-Шулуухан хэлэхэд шашины номлол хүний сэтгэхүйд ямар өөрчлөлт оруулж байна вэ гэдгийг тооцох боломжгүй. УИХ-ын нэр бүхий гишүүд болон “Тунгаамал” төв хамтран, шашины эрх зүйн асуудлыг сайжруулах хуулийн төсөл боловсруулж буй.

Тэгэхээр шинээр зохицуулалт хийж байна гэж болно. Тухайлбал, эцэг, эхээс нь зөвшөөрөл авалгүйгээр хүүхдийг нь сүмийн үйл ажиллагаанд оролцуулж болохгүй. Гэвч зарим асуудал нэлээд зөрчилтэй байна.

Тухайлбал, буддын сүмүүд олширч буй учир Гандантэгчэнлин хийдээс стандартыг нь тогтоодог байя гээд хуулийн төсөлд тусгачихаар бусад нь “Гандан бидэнтэй ижил төрийн бус байгууллага байтал яагаад манай хийдийн ажиллах стандартыг тогтоох ёстой юм бэ” гэх жишээний бэрхшээлтэй асуудал олон гарч байгаа.

Г.ЦЭЦЭГ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)