23 дугаар сургуулийн нэг ангийн хүчин чадал 15-25 хүүхдээр хэтэрчээ

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 23 дугаар сургууль хүчин чадлаасаа 2.5-3 дахин давсан олон хүүхэдтэй хичээллэж байгаа аж. Энэ хичээлийн жилд нэгдүгээр  ангийн долоон бүлэгт тус бүр 54-62 сурагч элсүүлсэн, бага, дунд ангийн сурагчдын тоо зөвшөөрөгдөх хэмжээнээс 15-25 хүүхдээр хэтэрсний улмаас багш нарын ачаалал хэт ихсэж, сургалтын хэвийн үйл ажиллагаа алдагдахад хүрсэн нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хийсэн шалгалтаар тодорхой болов. Нэг хүүхдэд ногдох талбай нормд зааснаас 2.2 дахин бага, агаарын харьцангуй чийглэг эрүүл ахуйн зөвшөөрөгдөх доод хэмжээнээс 6.8 хувиар бага байснаас хуурайшилт ихтэй, агаарын хэм зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 3-6 хэмээр их байгаагаас бөгчим байгааг шалгалтаар тогтоожээ. Хүүхдүүдээ ангид багтаахын ширээ, сандлаа шахан тавьснаас 1а, 1е ангийн зарим сурагч самбар дээрх бичээсийг хэт хол, эсвэл хэт ойроос хардаг аж. Үүний уршгаар хүүхдүүдийн хараа муудаж мэдэхээр болжээ. Ширээний эгнээ хоорондын зай багассанаас сурагчдын хөдөлгөөн хязгаарлагдаж, стандартын тохиргоо алдагдсан ширээ, сандал дээр удаан сууж байгаа хүүхдийн нуруу мурийх эрсдэлтэй. Иймд II улирлын хичээл эхлэхээс өмнө зөрчил дутагдлаа арилгах үүрэг МХЕГ-аас сургуулийн захиралд өгсөн байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)