215 айлын сарын хэрэглээтэй тэнцэх эрчим хүч хэмнэлээ

Уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлын эсрэг уриатай “Эх дэлхийн цаг”-ийг уржигдар 20.30-21.30 цагт дэлхий даяар тэмдэглэлээ. Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын санаачилгаар манай улс уг арга хэмжээнд 2010 онд нэгдсэн. Энэ хүрээнд Улаанбаатар хот, Орхон, Ховд, Говь-Алтай, Хэнтий, Увс, Дорнод, Баян-Өлгий аймгийн айл өрх, албан байгууллагынхан нэг цагийн турш гэрлээ унтраав.

БОАЖЯ-наас санаачлан төв талбайд “Лаатай үдэш” арга хэмжээ зохион байгуулж, тэр хавийн барилгуудын гэрлийг унтраалаа. Мөн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ч иргэд цугларч, лаа асаан “Эх дэлхийн цаг”-ийн бэлгэдэл болсон 60+ тэмдэглэгээ бүтээв. Үүнээс гадна МҮОНРТ-ийнхэн Улаанбаатарын чимэг болсон телевизийн цамхгийнхаа гэрлийг унтрааж, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэж буйгаа илэрхийлсэн юм. Уг цамхгийн 268 лед гэрлийг унтрааснаар 100 гаруй айл нэг цагийн турш гэрлээ унтраасантай тэнцэхүйц хэмнэлт гаргасан гэнэ.

“Эх дэлхийн цаг” эхлэхэд төвийн бүсийн эрчим хүчний нийт хэрэглээ 789 мВт байв. Харин манайхан нэг цагийн турш гэрлээ унтраасны дараа 746 мВт болж, 43 мВт эрчим хүч хэмнэжээ. Нэг мВт нь дундаж хэрэглээтэй таван айлын сарын хэрэглээтэй тэнцэнэ гэхээр бид 215 айлын сарын хэрэглээтэй тэнцэх эрчим хүч хэмнэсэн болохыг Диспетчерийн үндэсний төвөөс мэдээллээ. 

2007 онд Австралийн Сидней хотын 2.2 сая хүн нэг цаг ийн турш гэрлээ унтрааж, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцсэнээр “Эх дэлхийн цаг” хөдөлгөөн эхэлжээ. Өдгөө дэлхийн 100 орчим орны хоёр тэрбум хүн уг хөдөлгөөнд оролцох болсон. Монгол Улс 2010 оны гуравдугаар сарын 26-нд Улаанбаатар хотод уг арга хэмжээг анх удаа зохион байгуулахад 4000 орчим хүн оролцож байв.

Өнгөрсөн онд уг үзүүлэлт 14.000 хүрсэн. Энэ онд хэдэн хүн нэгдсэнийг нарийвчлан тогтоогоогүй ч багадаа 20.000 болно хэмээн холбогдох байгууллагынхан мэдээлэв. Учир нь Улаанбаатар хот, Ховд, Хэнтий, ГовьАлтай аймгийн иргэдээс гадна шинээр Орхон, Дорнод, Баян-Өлгий аймгийнхан нэгджээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)