“21 мянгын оронд хувьцаа, түүний ногдол ашиг очно”

УИХ-ын гишүүн Л.Болд Баянмонгол компанийн тухай хуулийн төслөө өчигдөр УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өргөн мэдүүллээ.  Төсөлд зааснаар “Баянмонгол компани” байгуулагдсан цагт Монгол Улсын нийт иргэд зөвхөн Тавантолгойн ордоос хувьцаа эзэмшээд зогсохгүй стратегийн ач холбогдол бүхий бусад ордуудаас ч хувь эзэмших эрх нээгдэх аж. Иймд бид төсөл санаачилсан УИХ-ын гишүүн Л.Болдоос дараах асуултад хариулт авлаа.  

-Та УИХ-ын даргад Баянмонгол компанийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ. Эл төсөл Хүний хөгжил сангийн тухай хуулийн төслөөс юугаараа ялгаатай юм бэ, төсөл санаачлах шалтгаан нь юу байв? 

  Энэ УИХ-ын түүхэнд үлдэх хамгийн том гавьяа бол эх орны баялгийг эрдэнийн хувиар иргэн бүртээ хүртээсэн явдал. УИХ-аар 2009 онд Баянмонгол корпорацийн тухай хуулийг хэлэлцсэн ч Хүний хөгжил сангийн тухай нэрээр баталсан. Түүнд иргэдэд байгалийн баялгаас ижил тэгш зарчмаар хувь хүртээхээр тодорхой шийдлийг гаргасан. Бас энэ онд иргэдийн гарт “Эрдэнэс тавантолгой” компанийн 1072 ширхэг хувьцаа очсон. 

Харин Хүний хөгжил сангийн тухай хуулийн дагуу иргэдэд олгож байсан 21 мянган төгрөгийг ирэх долдугаар сарын 1-нээс зогсоох болж байгаа. Үүнтэй холбоотойгоор Баянмонгол компанийн тухай хуулийн төсөл санаачилж УИХ-аар батлуулахгүй бол цаашид стратегийн ордуудаас иргэддээ хувьцаа эзэмшүүлэх ажиллагаа эрх зүйн тодорхой зохицуулалтгүй болох гээд байна.

Харин Баянмонгол компанийн тухай хууль батлагдсан нөхцөлд иргэд байгалийнхаа баялгийн жинхэнэ эзэн болж, одоо эзэмшиж байгаа 1072 ширхэг хувьцааныхаа ногдол ашгаа хуулийн дагуу хүртээд явах бололцоо бий болох төдийгүй өөр бусад ордуудын хувьцааг ч иргэддээ нэгэн адил эзэмшүүлэх бололцоо бүрдэнэ. Мөн иргэд энэ компанийнхаа үйл ажиллагаанд оролцож, хяналт тавьж байнга хамтран ажиллах бололцоо нээгдэнэ. УИХ бүрэн эрхийнхээ хугацаанд хийж гүйцээх ёстой томоохон даалгавар нь яах аргагүй энэ асуудлыг шийдвэрлэх явдал байгаа. Түүнийг л бүрэн утгаар нь гүйцээх хуулийн зохицуулалт гэж ойлгож болно.

Яагаад гэвэл хамтарсан Засгийн газраас УИХ-аас баталсан Хүний хөгжил сангийн тухай хуулийн хүрээнд “Эрдэнэс Монгол” компанийг байгуулж,охин компани болох “Эрдэнэс тавантолгой”-н компанийн хувьцааг иргэдэд эзэмшүүлж, нэгж хувьцааных нь нэрлэсэн үнийг 933 төгрөг хэмээн тогтоож байгалийн баялгийн орлогоос иргэдэд хүртээх эхний алхмыг хийсэн ч цаашид бусад стратегийн оруудыг ашиглахад иргэд ямар оролцоотой оролцох вэ гэдэг бүдэг байгаа. Тийм учраас эхлүүлсэн ажлаа гүйцээх, ялангуяа Баянмонгол компанийн тухай хуулийг анх санаачилсан байсан тэр зорилгод нь нийцүүлэх хүрээнд төслийг УИХ-д мэдүүллээ гэж ойлгож болно.

Тэгэхээр иргэд зөвхөн “Эрдэнэс тавантолгой” компанийн хувьцаагаар хязгаарлагдахгүй Шивээ-Овоо өөр бусад ямар стратегийн ордууд байна. Тэр бүгдээс Монгол Улсын иргэн бүр хувьцаа эзэмших бололцоо бүрдэх нь ээ?  

Тийм ээ, УИХ зөвхөн “Эрдэнэс тавантолгой” компани дээр шийдвэр гаргасан. Тэгэхээр энэ хууль батлагдсан нөхцөлд цаашдаа бусад стратегийн ордын хувьцааг ээлж дараатайгаар иргэддээ өмчлүүлэх хуулийн зохицуулалт баталгаатай болно л гэсэн үг.  

Баянмонгол компанийн үйл ажиллагаанд иргэд яаж хяналт тавих вэ. Иргэддээ ээлтэй компани байх ямар эрх зүйн зохицуулалт тусгалаа олсон юм бол?  

Мэдээжийн хэрэг хувьцаа эзэмшигчийн хувьд хувьцаа эзэмшигчийн бүх эрх үүрэг нээлттэй байгаа, хуулиараа. Дээр нь компанийн эрх барих дээд байгууллага нь Засгийн газраас хамааралгүй байхаар зааж өгсөн. Тухайлбал аймаг, нийслэлийн ИТХ-аас тодорхой тооны төлөөлөгч иргэдээ төлөөлж компанийн удирдлагыг бүрдүүлнэ. Ингэж төлөөлөгчөө Баянмонгол компанид томилон ажиллуулснаар хувьцаа эзэмшигч иргэн бүр тэднээр дамжуулан компанийн үйл ажиллагаанд оролцох эрхтэй болно.Тодруулбал, Баянмонгол компанийн эрх барих дээд байгууллага хувьцаа эзэмшигчдийн төлөөлөгчдийн хурал нь бүх аймгийн ИТХ-ын тус бүр хоёр төлөөлөгч, Нийслэлийн хурлын дөрвөн төлөөлөгчөөс бүрдэхээр зааж өгсөн. Одоо ажиллаж байгаа “Эрдэнэс Монгол” компанийн удирдлага нь Засгийн газар, төрийн байгууллагуудаас томилогдож байгаа нь ард иргэдийн төлөөлөл бүхий үндэсний компанийн зарчмаар ажиллах боломжгүй болгож байгаа л даа. Тийм учраас энэ мэт зөрчлийг хаах зорилгоор дээрх зарчмын заалтууд орсон гэж ойлгож болно.  

Гадны зах зээлээс хөрөнгө босгох асуудал энэ төсөлд ямар байдлаар туссан бол?  

Стратегийн ордуудыг ашиглаж байгаа компаниуд хөрөнгийн зах зээл дээр хувьцаа гаргах эрх нь нээлттэй. Баянмонгол компанийн хувьд яг хөрөнгө босгох үйл ажиллагаанд оролцохгүй. Харин дээрх компаниудын төрийн мэдлийн хувьцааг эзэмшиж, ногдол ашгийг нь тодорхой хугацаанд иргэддээ олгож байх хамгийн чухал шийдвэрийг гаргаж байх юм. Өөрөөр хэлбэл 21 мянган төргөгийн оронд иргэдийн гар дээр хувьцаа очно гэсэн үг.  Баянмонгол бол нийт иргэд хувьцааг нь эзэмшиж байгаа компани гэдэг утгаараа  улстөрөөс ангид байх ёстой. Ямар ч сонгууль болж, Засгийн газар өөрчлөгдөж байсан түүнээс хамааралгүй шийдвэрээ гаргадаг байх нь энэ компанийн үйл ажиллагааны оцлог байх болно.

Улстөрийн тогтворгүй байдал компанийн хувьцааны үнэд хамгийн их нөлөөлдөг. Харин бид энэ бүх эрсдлийг харгалзан үзэж, улстөрөөс хамааралгүй хувьцаа эзэмшигч иргэдийн өөрсдийн төлөөлөл бүхий удирдлагатай үндэсний хэмжээний компани байгуулснаар Стратегийн ордуудад гадны хөрөнгө оруулагч нар найдвартай хөрөнгөө оруулах нөхцлийг бүрдүүлж өгч байгаа.  Мөн  “Энэ мөнгө өгдөг Засгийн газар, энэ мөнгө өгдөггүй Засгийн газар"  гэж ярих боломжгүй болно. Яагаад гэвэл Засгийн газрын шийдвэрээс хамааралгүйгээр иргэдэд хувьцааны ногдол ашиг очиж байх болно. Энэ нь өнөөг хүртэл олгож ирсэн 21 мянган төгрөгнөөс хамаагүй илүү үнэ цэнэ бүхий жинхэнэ хөрөнгө байх болно. 

Хүний хөгжил сангаас олгож байгаа 21 мянган төгрөг энэ зургадугаар сарын 30-нд дуусгавар болно. Тэгэхээр Баянмонгол компанийн тухай хууль бол эл хуулийн үйлчлэлийг үргэлжлүүлэх агуулгаар өргөн мэдүүлэгдсэн гэж ойлгосон. Нэн даруй төслийг УИХ-аар хэлэлцэх бололцоо байгаа болов уу?  

Одоогийн УИХ-ын бүрэн эрх дараагийн УИХ байгуулагдсанаар дуусгавар болно. Тэгэхээр шинэ парламент, Засгийн газар ирэх наймдугаар сараас нааш бүрэн эрхээ хэрэгжүүлж амжихгүй болов уу. Өөрөөр хэлбэл, энэ УИХ үйл ажиллагаагаа тодорхой хугацаанд үргэлжлүүлэх байх. УИХ-ын хувьд хаврын чуулганаараа хэлэлцэж дуусгаагүй олон хуулийн төсөл бий. Түүн дотроос иргэн бүрт хамаарах асуудал нь сар тутамд олгож байсан 21 мянган төгрөг удахгүй зогсох болж байна. Гэтэл иргэд маань байгалийн баялгийн тэгш хувиарлалтыг цаашид хүлээсэн хэвээрээ л байна шүү дээ.  Тэгэхээр энэ хүлээлт нийгмийн хамгийн хурц асуудал дагуулж ч мэднэ. Тийм учраас цаашид байгалийн баялгаас ямар хэлбэрээр иргэддээ хүртээх вэ гэдэг нь тулгамдсан асуудал. Энэ ажлыг одоогийн УИХ эхлүүлсэн болохоор гүйцээх ёстой. Тэгэхээр Баянмонгол компанийн тухай хуулийн төслийг гишүүд маань бүрэн утгаар нь дэмжиж шийдвэрээ гаргана гэж найдаж байна.

Г.Дарь


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)