21 аймагт ЖДҮ-ийг дэмжих 9 тэрбум, 480 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгоно

Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хөнгөлөлттэй зээлийг орон нутагт олгож эхлээд багагүй хугацаа өнгөрлөө. Өнөөдрийн байдлаар Өмнөговь, Архангай, Говьсүмбэр аймгаас 22 төсөлд, хоёр тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ. Тодорхой хэлбэл, Өмнөговь аймаг жижиг, дунд үйлдвэрлэгчдээ дэмжин орон нутгийн санхүүжилтээс 11 төсөлд нэг тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг Жижиг, дунд үйлдвэрийн газраар дамжуулан олгосон байна. Мөн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хөнгөлөлттэй зээлийг 2020 онд 21 аймагт тус бүр нэг тэрбум төгрөг олгохоор шийдвэрлэсэн. Гэхдээ “Ковид-19” цар тахлын улмаас ХХААХҮ-ийн сайд, болон Засгийн газраас “Үндсэн зээлийн төлбөрөөс тодорхой хугацаагаар чөлөөлөх” талаар гаргасан шийдвэртэй холбоотойгоор аж ахуйн нэгжүүдийн эргэн төлөлтөд тасалдал үүссэн учир улсын төсвөөс тус бүр 500 сая төгрөгийн зээлийг орон нутагт олгохоор болсон. Энэ хүрээнд орон нутагт нэг төсөлд дунджаар 20 саяаас 300 сая орчим төгрөгийн зээл олгохоор болоод буй. Ингэснээр 21 аймагт эхний ээлжинд 127 төсөлд 9 тэрбум, 480 сая төгрөгийн хамрагдах боломжтой гэсэн тооцоо байна. Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хөнгөлөлттэй зээлд гурван аймгийн 22 төсөл хэрэгжсэнээр орон нутагт 90 орчим шинэ ажлын байр бий болж, гурван үйлдвэр шинээр байгуулж, 14 үйлдвэр үйл ажиллагаагаа өргөтгөхөөр болж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)