20,9 км урттай Налайхын замын хөдөлгөөнийг албан ёсоор нээлээ

Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг өнөөдөр албан ёсоор нээлээ. Ёслолын арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан нар оролцлоо.

Арга хэмжээг нээж Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх үг хэллээ. Тэрбээр "Энэ сайхан замыг нээж түүхийн гэрч болж байгаадаа миний бие маш их баяртай байна. Налайхын замын ашиглалтын хугацаа 60 гаруй жил болсон учир зам тээврийн осол их гардаг байсныг манай ард түмэн мэднэ. Шинэ авто замын бүтээн байгуулалтын ажлыг бид олон жил ярилаа. Миний бие Ерөнхий сайдын албан тушаалд томилогдсоноосоо хойш холбогдох яам, байгууллагуудад Налайхын замын ажлыг нэн даруй эхлүүлэх үүрэг өгсөн. Өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлсэн хотын удирдлага, Зам тээврийн яамны албан тушаалтнууддаа гүнээ талархаж байна. Мөн энэхүү бүтээн байгуулалтад сэтгэл зүрхээ гарган ажилласан Монгол, Хятадын компанийн ажилтнууддаа чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлье. Налайх чиглэлийн энэхүү зам үнэхээр сайн чанартай тавигдсан гэдэгт миний бие эргэлзэхгүй байна. 

Хэдийгээр өнгөрсөн зун усархаг бороо ихээр орж, замын бүтээн байгуулалтын ажил бага зэрэг саатсан ч Монгол, Хятадын ажилсаг бүтээн байгуулагч нар замын ажлыг хугацаанд нь дуусгаж чадлаа. Бүтээн байгуулалт үүгээр зогсохгүй. Цаашид энэхүү замдаа явган болон дугуйн зам, гэрэлтүүлэг зэрэг олон зүйлийг нэмж суурилуулна.

Гэхдээ энэ зам маань хурдных биш гэдгийг манай ард түмэн сайн ойлгох хэрэгтэй. Замын хөдөлгөөний дүрмийг чанд сахиж "Дураараа биш, дүрмээрээ" зорчихыг нийт ард түмэндээ уриалж байна. Мөн замын хөдөлгөөний дүрмийн биелэлтийг Тээврийн цагдаагийн алба хаагчид сайн хангуулж ажиллахыг үүрэг болгож байна. 

Ард түмний минь аяны алтан шар зам өлзийтэй байх болтугай" гэлээ. 

БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй тус автозамыг шинэчлэх ажил энэ оны дөрөвдүгээр сарын 15-нд эхэлсэн бөгөөд 10 дугаар сарын 29 буюу нийслэлийн 380 жилийн ойн өдөр нээх төлөвлөгөөтэй байсан. Харин Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх автозамын ажлын явцыг холбогдох албаныхнаас сонссоны дараа тэмдэг тэмдэглэгээ, гэрэлтүүлэг тавьж жолооч зорчигчдын аюулгүй байдлыг хангасны дараа зам нээхийг үүрэгдсэн юм. Ингээд автозамыг өнөөдөр ийнхүү нээлээ.

Налайхын 20.9 км автозамын төслийн хүрээнд, 38 байршилд ус зайлуулах хоолой, 3 байршилд нүхэн гарц, Хөлийн голын 20.75 у/м гүүрийн ажил бүрэн дуусжээ. Энэ жилдээ автозамыг нээж ирэх жилээс явган болон дугуйн зам зэрэг орчны тохижилтын ажлыг гүйцэтгэх бөгөөд нэмж асфальтаар хучих юм байна. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)