2060 он гэхэд озоны давхарга бүрэн “эрүүлжинэ”

Хүмүүс озон (O3)-ы үе давхарга нэмэгдэж, зузаарч байна, энэ нь тун аюултай хэмээн ташаа ойлгодог. Эл ойлголтыг засаж, сэнхрүүлэхэд цэгцтэй, зөв мэдээлэл чухлыг Дэлхийн цаг уурын байгууллагын сайтад мэдээлжээ.

Тэгвэл аюултай гээд байгаа тэр зүйл нь чухам юу юм бэ.

1913 онд Францын физикч Ч.Фабри Анри Буйссон нарын илрүүлсэн озоны давхарга нарны хэт ягаан туяаг шингээдэг учраас дэлхийн амьд бүхнийг хамгаалагч юм. Энэ гаргийн агаар мандал дахь озоны агууламж өндөртэй хэсгийг озоны давхарга гэдэг.

Озоны давхарга хүн төрөлхтний буруугаас болж муу муухай харагдах болсон. 1970-аад оны үед Америкийн судлаачид аж үйлдвэрт хэрэглэдэг химийн зарим бодис дэлхийн озоны давхаргатай урвалд орж, улмаар түүнийг “урж” нүхэлж, үүний уршгаар амьд биетүүдэд аюул нүүрлэх болсныг анх илрүүлжээ. Эл судалгаагаараа эрдэмтэн Ф.Ш.Роуланд болон М.Молина нар Нобелийн химийн шагнал хүртсэн байна.

Тэгэхээр бидний буруушаагаад байгаа озоны давхарга зузаарах биш, нимгэрч байгаа нь аюултай юм. 1985 онд Антарктид тивд ажилласан судалгааны багийнхан дээрх давхарга нимгэрч байгааг анх ажигласан байдаг. Өөрөөр хэлбэл, эл давхарга хэвийн хэмжээнээсээ нимгэрч, нүхнүүд үүсэж эхэлснийг мэджээ. Үүнийг озоны цоорхой гэж нэрлэдгийг бид мэднэ.

Өмнөд туйл буюу Антарктидын бүсэд озоны цоорхой аюулын харанга дэлдэх хэмжээнд хүрснийг дэлхийн эрдэмтэд мэдээлсээр ирсэн. Ийм аюулт үзэгдлийг бууруулахын тулд 1985 онд Дэлхийн озоны давхаргыг хамгаалах Венийн конвенц, 1987 онд Озон задалдаг бодисын тухай Монреалийн протокол зэргийг баталсан билээ. Үр дүнд нь озоны давхарга нөхөн төлжиж эхэлсэн.

Үүнийг батлах нэгэн сайхан мэдээг Дэлхийн цаг уурын байгууллагынхан саяхан дуулгав. Юу гэхээр, 2002 оноос хойш дэлхийн агаар мандлын озоны давхаргыг ерөнхийд нь авч үзвэл гурав гаруй хувиар төлжсөн аж. 2030 он гэхэд энэ тоо улам нэмэгдэх гэнэ. Тэдний тайлангаас харахад, Өмнөд туйлын озоны давхарга 24.8 сая ам км-ээр “нөхөгджээ”. 2060 он гэхэд дэлхийн эл давхрагыг бүр мөсөн эрүүлжүүлэх боломжтой гэж мэдээллээ. Дэлхийн цаг уурын байгууллагын мэдээлснээр, мөн Монреалийн протоколд оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу энэ оны эхний өдрөөс улс орнууд озоны үе давхаргыг аюулд оруулдаг химийн бодисуудын хэрэглээг эрс хязгаарлах болсон. Ингэснээр тус протоколоор хүлээсэн үүргийнхээ дагуу 2030 он гэхэд озон задлагч бодис хэрэглэхээ бүр мөсөн зогсоох боломжтой гэдгийг олон улсын эрдэмтэд онцолж байна. Озоны давхаргыг задлахад хлорфторт нүүрстөрөгчийн нэгдэл буюу хлор голлох нөлөө үзүүлдэг юм байна.

Дэлхийн цаг уурын байгууллагын тайланд дурдсанаар, өдгөө дэлхийн озоны давхаргад хамгийн их сөрөг нөлөө үзүүлж буй орнуудын дунд Монгол маань урд хөрштэйгөө “хөтлөлцөн” бичигдсэн байх юм. “New York times” сонинд бичсэнээр, хлорфторт нүүрстөрөгчийн “үйлдвэрлэлээрээ” Хятад дэлхийд тэргүүлж байна. Гэхдээ тус улс буруугаа засахын тулд олон үйлдвэрээ хааж, хэрэглээг нь хянаж байгааг ч дурджээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)