2020 онд гэхэд нийт 100 сургууль, 130 орчим цэцэрлэг барих, өргөтгөх ажил хийгдэнэ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, Барилга хот, байгуулалтын дэд сайд Б.Мөнхбаатар болон Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын удирдлагууд, нийслэлийн удирдлага болон холбогдох албаныхан уулзлаа. Уулзалтаар нийслэлийн Боловсрол, соёл, спортын салбарын хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээ, тулгамдаж буй асуудлын талаар ярилцав.

Боловсролын салбарт өнгөрсөн онд хийгдсэн хөрөнгө оруулалтын ажлууд болон газрын асуудлын талаар холбогдох албаны мэдээлэл хийв. Боловсролын салбарын хүртээмжийг сайжруулах чиглэлээр Улс, нийслэл, дүүрэг, гадаадын зээл тусламжийн хөрөнгө оруулалтаар 2018 онд нийслэл хотод 3 сургууль, 14 цэцэрлэгийн барилга ашиглалтад орж сургуулийн хүчин чадлыг 2240-өөр, цэцэрлэгийн хүчин чадлыг 2630-аар нэмэгдүүлжээ.

Хөрөнгө оруулалтын ажлын чиглэлээр  2018 онд орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 80 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр 13 тэрбум 119.1 сая төгрөгийн хөрөнгө батлагдсан. Үүнээс гүйцэтгэлийн үр дүнг тооцон 11 тэрбум 737.6 сая төгрөгийн санхүүжилт олгосон байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2020 онд гэхэд нийт 100 сургууль, 130 орчим цэцэрлэгийн барилга барих, өргөтгөх ажил хийгдэх аж.

2019 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 15 сургууль, Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр 4 сургууль, Хятад улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 2 сургууль, Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 2 сургууль ашиглалтад орно гэж Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, Засаг даргын орлогч Ш.Анхмаа мэдээлэлдээ дурдлаа.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)