2019-2020 оны хэрэгцээг хангах хэмжээний буудайн нөөц бүрдэх төлөвтэй байна

ХХААХҮ-ийн сайд Архангай, Өвөрхангай, Төв аймгуудад ажиллалаа.

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, ТЭДСангийн Гүйцэтгэх захирал В.Үнэнбат болон холбогдох албаны хүмүүс Өвөрхангай, Төв аймгуудад өнгөрсөн амралтын өдрүүдэд \2019.08.31-2019.09.01\ ажиллалаа.

2019 онд улсын хэмжээгээр  364.8 мянган га-д үр тариа, үүнээс 340.1  мянган га-д улаанбуудай, 14.8 мянган га-д төмс, 8.0 мянган га-д хүнсний ногоо, 82.4 мянган га-д тосны, 42.0 мянган га-д тэжээлийн ургамал, нийтдээ 512.0 мянган га-д тариалалт хийсэн.

Урьдчилсан балансаар 441.9 мянган тонн үр тариа, үүнээс 420.0 мянган тонн буудай, 176.8 мянган тонн төмс, 91.2 мянган тонн хүнсний ногоо, 38.0 мянган тонн  тосны ургамал, 80.4 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах боломжтой гэсэн тооцоо гарч байгаа юм.

ХХААХҮ-ийн сайд ТЭДСангийн Хархорин салбарын намрын ургац хүлээн авах бэлтгэл ажлын явцтай танилцлаа. Хатаалгын төхөөрөмж,буудай хадгалах савны бэлэн байдал, тарианы чанарыг шалгаж тогтоох лабораторийн бэлтгэл бүрэн хангагдсаныг ХХААХҮ-ийн сайд сайшааж цаашид үйл ажиллагааныхаа мэдээллийг цаг алдалгүй өгч, цаг үеийн асуудлыг шуурхай шийдвэрлэж байх үүргийг өглөө.

Энэ жил тариалалтын чанарыг соёололтоор хүлээн авах ажлыг тариалан бүхий 13 аймгийн 86 сумын 1147 аж ахуйн нэгж, иргэдийн 337.0 мянган га улаанбуудайн талбайг хамруулж зохион байгуулснаар нийт тариалсан талбайн 75.6 % буюу 250.6 мянган га талбай хээрийн соёололтоор онц, сайн үнэлгээтэй байсан .  Гэхдээ энэ жилийн хувьд 5 дугаар сард хүйтэн сэрүүн, хүчтэй салхи шуургатай байсан нь хаврын тариалалтын явц болон чийгийн хадгалалт, таримлын соёололтод  сөргөөр нөлөөлсний зэрэгцээ  6 дугаар сар бүхэлдээ хуурай халуун,  олон хоног үргэлжилсэн нарны хэт халалт явагдаж улмаар зуны бороо 6 дугаар сарын 25-наас зарим бүс нутгуудад долдугаар сарын 04-нөөс орж эхэлсэн нь буудайн өсөлт хөгжилтөд сөргөөр нөлөөлж бутлалт буурах нөхцөлийг бүрдүүлээд байгаа юм.

Энэ жилийн хувьд Булган, Хөвсгөл, Орхон, Архангай, Өвөрхангай, Увс  болон Сэлэнгэ аймгийн зарим сумдын нутгаар ургацын байдал хэвийн байгаа бол Төв, Дархан-Уул, Дорнод, Хэнтий, Сүхбаатар болон Сэлэнгэ аймгийн хойд талын сумдад тохиолдсон нарны хэт их халалт, гангийн улмаас энэ бүс нутгуудад ургац бага зэрэг буурахаар байна. 

Төв аймгийн Эрдэнэсант сумын хувьд 10470 га-д үр тариа тарьжээ. Тарианы болц 10-аад хоногоор хожимдож байгааг тариаланчид хэлж байна. Тус сумын хувьд энэ жил га-аас 15 центр ургац авахаар төлөвлөж байгаа юм.

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, Цаг агаарын төлөв байдалтай холбоотойгоор нийт хураах талбайн 60 шахам хувь нь сүүн болцын төгсгөлд байгаа бол 40 хувь нь аарцан болцын эхний үед байна. Түүнчлэн 7 дугаар сарын 20-ноос эхлэн орсон үргэлжилсэн их борооны улмаас тарималын болц оройтох, талбай дахь хог ургамалын ургалт нэмэгдэх хандлагатай  байгаа тул  ургац хураалтад хүндрэл учруулж  болзошгүй байна. Мөн цаг агаарын урьдчилсан  төлөвөөр 8 дугаар сарын сүүлчээр тариалангийн бүс нутгаар  цочир хүйтэрч улмаар 9 дүгээр сарын эхээр цас орох магадлалтай  байна. Тиймээс ургацыг хаягдалгүй хураах технологийн зөвлөмжийг боловсруулан тариаланчдад хүргэсэн, ургац хураалтын ажлыг технологийн хугацаанд үр дүнтэй, шуурхай зохион байгуулахад холбогдох төрийн байгууллагуудын оролцоо, ажлын уялдаа холбоог хангаж ажиллахад анхаарч байгаа гэлээ.

Манай улсын жилийн хэрэгцээт гурилыг дотооддоо үйлдвэрлэхэд 320.0 мянган тонн цэвэр хүнсний улаанбуудай шаардлагатай бөгөөд балансаас харахад 2019-2020 оны хэрэгцээг хангах хэмжээний буудайн нөөц бүрдэхээр урьдчилсан баланс гараад байгаа юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)