2019-2020 онд зарлагдаж буй засгийн газрын СТИПЭНДТЭЙ тэтгэлгүүд

Хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээр, хамтын ажиллагааны хөтөлбөрийн дагуу гадаадын их, дээд сургуульд бакалавр, магистр, докторын сургалтад тэтгэлгээр суралцуулах ажлыг тус яам жил бүр зохион байгуулдаг. Тэгвэл 2019-2020 оны хичээлийн жилд БСШУСЯ-аар дамжин зарлагдах Засгийн газрын ТЭТГЭЛЭГТ хөтөлбөрийн мэдээллийг танилцуулж байна.

Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээрийн дагуу Монгол Улсын иргэнийг гадаадад суралцуулах ажил дараах үндсэн үе шатуудаас бүрдэнэ. Үүнд:

  1. Суралцуулах мэргэжлийн чиглэл болон оюутны тоог хүлээн авч суралцуулах улстай харилцан тохирох;
  2. Тэтгэлгийн мэдээллийг олон нийтэд нээлттэй зарлах;
  3. Тавигдах шаардлагыг бүрэн хангаж буй иргэнийг бүртгэх;
  4. Сонгон шалгаруулалтын ажлыг зохион байгуулах;
  5. Тэнцсэн иргэнийг тэтгэлгээр суралцуулахаар нэр дэвшүүлэх;
  6. Хүлээн авч суралцуулах тухай эцсийн шийдвэрийг тухайн орноос хүлээн авч нэр дэвшигчид уламжлах
  7. Тэтгэлэгт хамрагдсан иргэнд тухайн улсад зорчих, оршин суухтай холбогдох зохих мэдээллийг хүргэх гэсэн ерөнхий дарааллаар явагддаг.

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам Засгийн газрын тэтгэлгээр гадаадад суралцуулах сонгон шалгаруулалтыг тухайн улстай байгуулсан гэрээ, хэлэлцээрийн дагуу тухайн улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, холбогдох байгууллагатай хамтран эсвэл бие даан зохион байгуулдаг. Тухайлбал: Турк, Чех, Энэтхэг, Япон, Солонгос, ОХУ зэрэг улсад суралцах оюутны сонгон шалгаруулалтыг тухайн улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, төлөөлөгч байгууллагууд дангаараа зохион байгуулдаг. Мөн БНХАУ, ӨМӨЗО-ны тэтгэлгийг нийтэд зарлах, бүртгэх ажлыг БСШУЯ зохион байгуулж, шалгалтыг тухайн улсаас томилсон баг бүрэлдэхүүн зохион байгуулдаг. Унгарын Засгийн газрын тэтгэлгийн бүртгэлийг зөвхөн Унгарын тэтгэлгийн хорооны цахим хуудсаар хийнэ. Аливаа сонгон шалгаруулалтын үйл ажиллагаанд зарлалд дурдсанаас өөр төрийн, төрийн бус, аж ахуйн нэгж, зуучлалын байгууллага оролцохгүй болохыг анхаарна уу.

Тэтгэлэгт хүсэлт гаргагчдад тавигдах ерөнхий шаардлага

Бакалаврт суралцахаар хүсэлт гаргагчдад тавигдах шаардлага:

  • Монгол улсын иргэн байх;
  • Магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн өдрийн 1-2 дугаар ангид 3.0-аас дээш голч дүнтэй суралцаж байгаа 21 хүртэлх насны оюутан байх;
  • Зарлагдсан тухайн чиглэлээр суралцаж байгаа оюутан байх;
  • Суралцагчийг хүлээн авах гадаад орны холбогдох байгууллагаас гаргасан тусгай шаардлагыг хангасан байх /тусгай шаардлага гаргасан тохиолдолд тэтгэлгийн зарлалд дурдана/;

Магистр, докторт суралцахаар хүсэлт гаргагчдад тавигдах шаардлага:

  1. Монгол улсын иргэн байх;
  2. Зарласан мэргэжлийн чиглэлийн дагуу бакалавр, магистр (докорантурт суралцах хүмүүст хамаарна)-ын боловсролын зэрэгтэй байх;
  3. Дипломын голч дүн нь 3.0-аас доошгүй байх;
  4. Мэргэжлээрээ хоёроос доошгүй жил ажилласан байх;
  5. Судалгаа шинжилгээний ажлын дадлага, туршлагатай байх;
  6. Гадаадад суралцах хэлний бэлтгэлтэй байх;

Зарлагдах хугацаа, зохион байгуулах байгууллага

Аливаа сонгон шалгаруулалтын тухай мэдээллийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны болон холбогдох Элчин Сайдын яам, байгууллагын цахим хуудсаар олон нийтэд хүргэдэг. Уг мэдээлэлд оюутан суралцуулах мэргэжлийн чиглэл, тэтгэлгийн тоо, тавигдах шаардлага, бүртгэл хийгдэх хугацаа болон хэлбэр, бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт, сонгон шалгаруулалтын шалгалтын хэлбэр зэргийг багтаасан байдаг. Шалгалтын хуваарь болон дүн гарах хугацааг бүртгүүлсэн иргэдэд бүртгэлийн дараа мэдээлнэ.

БСШУЯ бие даан зохион байгуулдаггүй сонгон шалгаруулалтын хугацаа өөрчлөгдөж болох тул та тус яамны цахим хуудсыг тогтмол шалгаж, тэтгэлгийн талаарх мэдээллийг цаг тухайд нь авна уу. Жишээлбэл: ОХУ, БНХАУ, ӨМӨЗО-ны тэтгэлгийн талаарх мэдээллийг тухайн орны холбогдох багууллагаас ирүүлсэн үед тус яам цахим хуудсаараа олон нийтэд хүргэдэг. Иймд та цахим хуудсаа тогтмол шалгаж, тэтгэлэг зарлагдсан үед дурдсан хугацаанд, зарын дагуу шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэн зарлалд дурдсан хэлбэрээр шалгаруулалтад бүртгүүлэх боломжтой.

Сонгон шалгаруулалт

Сонгон шалгаруулалтад тавигдах шаардлага болон бүртгэлийн шаардлагыг хангаж амжилттай бүртгүүлсэн бүртгүүлэгч оролцоно.

Бакалаврт суралцах хүсэлт гаргагчдын сонгон шалгаруулалт:

Сонгон шалгаруулалтыг гадаад хэл (тухайлсан гадаад хэл шаардаагүй бол англи хэл, орос хэл)-ний шалгалт, мэргэжлийн суурь шалгалт гэсэн 2 үе шаттай зохион байгуулна. Босго шалгуурыг давсан шалгуулагчдын шалгалтын нийлбэр оноог мэргэжлийн чиглэл тус бүрээр жагсааж, хамгийн өндөр оноо авсан оролцогчдоос хяналтын тоо буюу олгох тэтгэлгийн тоонд багтаан шалгаруулж, нэр дэвшүүлнэ. Нэр дэвшигчийг хүлээн авч суралцуулах тухай эцсийн шийдвэрийг хүлээн авагч тал гаргана.

Магистр, докторт суралцах хүсэлт гаргагчдын сонгон шалгаруулалт:

Сонгон шалгаруулалт нь гадаад хэлний шалгалт, мэргэжлийн шалгалт гэсэн 2 үе шаттай байна. Гадаад хэлний шалгалтыг тестээр, мэргэжлийн шалгалтыг ярилцлага хийх, реферат хамгаалуулах хэлбэрээр авна. Босго шалгуурыг давсан шалгуулагчдын шалгалтын нийлбэр оноог мэргэжлийн чиглэл тус бүрээр жагсааж хамгийн өндөр оноо авсан шалгуулагчдыг хяналтын тоо буюу олгох тэтгэлгийн тоонд багтаан шалгаруулж, нэр дэвшүүлнэ. Нэр дэвшигчийг хүлээн авч суралцуулах тухай эцсийн шийдвэрийг хүлээн авагч тал гаргана.

Жич: Гадаадад суралцуулах шалгалтад тэнцэж, аль нэг орны Засгийн газарт материал нь хүргэгдсэн иргэнийг өөр улсын шалгаруулалтад оруулахгүй.

Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн хүрээнд суралцах эрх авсан суралцагч тухайн улс руу зорчих зардал, визтэй холбогдон гарах зардлыг өөрөө хариуцна. Түүнчлэн тухайн улстай байгуулсан хэлэлцээрт эрүүл мэндийн даатгалыг тухайн улс төлөхөөр заагаагүй тохиолдолд суралцагч өөрөө хариуцдаг.

Эрх зүйн баримт бичгийн жагсаалт:

Хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээр, хамтын ажиллагааны хөтөлбөрийн дагуу гадаадын их, дээд сургуульд бакалавр, магистр, докторт тэтгэлгээр суралцуулах үйл ажиллагаа дараах эрх зүйн баримт бичигт үндэслэн явагдаж байна. Үүнд:

  • Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2006 оны журам батлах тухай дугаар 433 тушаалаар батлагдсан “Гадаадад суралцах оюутныг сонгон шалгаруулах журам”
  • Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2007 оны журам батлах тухай дугаар 11 тушаалаар батлагдсан “Хоёр орны засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээрийн дагуу гадаадад магистрантур, докторантурт суралцах хүмүүсийг шалгаруулах журам”
  • Хоёр улсын засгийн газар хооронд байгуулсан гэрээ, хэлэлцээр


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)