2019 оноос МСҮТ-ийн оюутнуудад 70.000 төгрөг олгохоор болжээ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам цалин, тэтгэвэр, тэтгэмжүүдийг нэмэхээс эхлээд хөдөлмөр эрхлэлт, МСҮТ-үүдийг дэмжих олон төрлийн бодлого явуулж байна. Хамгийн сүүлийн байдлаар МСҮТ-ийн оюутнуудад ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс эхлэн сар бүр 70.000 төгрөг олгохоор урьдчилсан байдлаар шийдэж төсвийн төсөлд тусгуулсан байна. Засгийн газар сүүлийн жилүүдэд мэргэжилтэй ажилтан бэлтгэнэ, гаднаас авах ажиллах хүчийг 50 хувиар бууруулна, МСҮТ-ийн оюутнуудад сар бүр үндэсний тэтгэлэг 70.000 төгрөг олгоно гэсэн олон зорилтуудыг дэвшүүлсэн.

ХНХЯ-ны мэдээлж байгаагаар бол гаднаас авах ажиллах хүчийг 50 хувь болгон бууруулжээ. Ингэснээр мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн төгсөгчид шууд ажлын байртай болох боломжууд нээгдсэн байна. Засгийн газар амласандаа хүрч МСҮТ-ийн оюутнуудад сар бүр 70.000 төгрөг олгох сургаар энэ жил МСҮТ-ийн оюутнуудын элсэлт сайн болсон гэнэ. Одоо ч гэсэн 70.000 төгрөгийн тэтгэлгийн сургаар залуус МСҮТ-үүдэд нэмж элссээр байгаа аж. Өнгөрсөн хичээлийн жилд МСҮТ-д 40.000 орчим суралцагч сурч байсан бол энэ жил улам нэмэгдэх төлөвтэй байгаа аж.

Ер нь 2012 оноос хойш МСҮТ-үүдэд суралцагчийн тоо аажим буурсаар энэ жилтэй золгожээ. Харин энэ жилээс 2012 оныхоо оргил үеийн түвшинтэй очиж дүйх магадлалтай байгааг ХНХЯ-ны эх сурвалж онцолсон юм. Энэ хичээлийн жилд төрийн өмчийн 50, хувийн хэвшлийн 33 МСҮТ, политехник коллеж үйл ажиллагаа явуулж одоогийн байдлаар нийт элсэлт нь 39.000 хүрчээ. Гэхдээ энэ Засгийн газар 70.000 төгрөгийг хавтгайруулахгүй зөвхөн МСҮТ, политехник коллежийн оюутнуудад олгохоор ирэх оны улсын төсөвт 30.0 орчим тэрбум төгрөгийг тусгуулаад байгаа аж.

МСҮТ-ийн оюутнууд ирэх жилийн нэг сараас 70.000 төгрөгийн тэтгэлэгтэй болохоос гадна үйлдвэрлэлийн дадлагын мөнгө, дотуур байрны хоолны мөнгөө нэмэгдүүлжээ. Мөн ХНХЯ-ныхан хөөцөлдөж МСҮТ-ийн суралцагчдыг үнэ төлбөргүй ном сурах бичгээр хангах болсон байна. Өнгөрсөн хавар УИХ-ын НББСШУ-ы байнгын хорооноос ажлын хэсэг гарч МСҮТ-үүдийн үйл ажиллагааг дэмжих тодорхой шийдвэрүүд гаргасан. Энэ хүрээнд мэргэжлийн боловсрол сургалтын тухай хуульд намрын чуулганаар өөрчлөлт оруулж МСҮТ-ийг орлогын олон эх үүсвэртэй болгохоор болжээ.

Учир нь өнөөг хүртэл МСҮТ-ийн олсон орлогыг улсын төсөвт татан төвлөрүүлдэг байжээ. Ингэснээр МСҮТ, политехник коллеж орлого олох, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломжууд хаалттай байжээ. Орлогоо өөрсдөө захиран зарцуулдаг болсноор МСҮТ-үүдийн дунд зах зээлийн өрсөлдөөн жинхэнээрээ бий болно. Өнгөрсөн хавар Сүхбаатарын талбайд МСҮТ, коллежуудын үзэсгэлэн худалдаа гарсан. Уг үзэсгэлэн худалдаанд МСҮТ-ийнхэн бэлэг дурсгалын зүйлсээс эхлээд төрөл бүрийн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гэдгээ дэлгэн харуулсан байсан.

Хуулийн энэ заалт МСҮТ-ийн хөгжилд үлэмж их нэмэр болно гэж удирдлагууд нь тайлбарлаж байна. ХНХЯ-ынхан МСҮТ-ийн багш нарын ур чадварыг нэмэгдүүлэхээс гадна цалин урамшууллыг нь ч тодорхой хэмжээнд өсгөж байгаа аж. Өнгөрсөн жил МСҮТ-ийн оюутнууд дэлхийн ур чадварын тэмцээнд амжилттай оролцож бүгд зэрэглэлээ өсгөсөн. Зарим нь шагналт байрт шалгарч Монголын МСҮТ-ийн сургалтын түвшин сайжирч байгааг харуулсан.

Ямар ч байсан Засгийн газар, ХНХЯ-ныхан МСҮТ-ийн талаарх амласан амлалтууд, мөрийн хөтөлбөрийнхөө ихэнхийг нь ажил хэрэг болголоо. Энэ бүхний үр дүнд МСҮТ, коллежуудын хөгжилд ахиц дэвшил гарах нөхцөл бүрдэж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)