2018 оны төсвийн зарлага ба цэвэр зээлийн дүнгийн 26.3 хувийг БСШУС-ын сайдын зарлага эзэлжээ

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Монгол Улсын 2018 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явууллаа.

Монгол Улсын 2018 оны төсвийн гүйцэтгэлийн талаар Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулга хийлээ. 

Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн орлогын гүйцэтгэл 9,3 их наяд тэрбум төгрөгт, нэгдсэн төсвийн зарлага 9,3 их наяд төгрөгт хүрч, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 27.9 тэрбум төгрөгийн ашигтай гарч, дотоодын нийт бүтээгдэхүүний 0.09 хувьтай тэнцсэн байна.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын багц дахь төсвийн 373 шууд захирагч, төрийн 100 хувийн өмчит аж ахуйн нэгж болон Засгийн газрын гадаад зээл, буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа төсөл болон Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангийн төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланг нэгтгэн гаргасанаа Сангийн сайд танилцууллаа.

Тус байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд багтах байгууллагуудын төсвийн ерөнхийлөн захирагчдын нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 5 их наяд 526.2 тэрбум төгрөгт хүрч, төлөвлөснөөс 289.7 тэрбум төгрөгийн дутуу гүйцэтгэлтэй гарчээ. Урсгал зардалд 5 их наяд 78.9 тэрбум төгрөг, хөрөнгийн зардалд 399 тэрбум төгрөг, цэвэр зээлийн зардалд 48.3 тэрбум төгрөгийг тус тус зарцуулсан байна. Нийт зарлага ба цэвэр зээлийн дүнгийн 26.3 хувь буюу нийт 1 их наяд 455.3 тэрбум төгрөгийг Боловсрол,соёл, шинжлэх ухаан, спортын сайд, 22.1 хувь буюу 1 их наяд 222.7 тэрбум төгрөгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, 13.1 хувь буюу 721.9 тэрбум төгрөгийг Эрүүл мэндийн сайд, 32.8 хувь буюу 1 их наяд 814.6 тэрбум төгрөгийг Нийгмийн даатгалын сан, 5.6 хувь буюу 311.7 тэрбум төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангийн зарлага эзэлжээ. Тайлант онд улсын төсвөөс 285.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын санхүүжилтийг олгосон байна. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын багцад 222.4 тэрбум төгрөг, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын багцад 16.8 тэрбум төгрөг, Эрүүл мэндийн сайдын багцад 46.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын санхүүжилтийг тус тус олгосон байна.

Улсын төсвөөс 3 их наяд 582.9 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан бол төсөвт байгууллагын өөрийн орлогоор 86.4 тэрбум төгрөг, Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилтээр 612.6 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг бүрдүүлсэн байна.

Үргэлжлүүлээд Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн аудитын талаар Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч С.Оюунбилэг танилцуулсан.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2018 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд нийт 224 тайлан нэгтгэгдсэнээс 103 байгууллагад дүгнэлт гаргаж, 117 байгууллага түүвэрт хамрагдан, 2 байгууллагад итгэл үзүүлж, 2 байгууллага аудитад хамрагдаагүй байна. Дүгнэлт гаргасан 103 байгууллагаас 88 байгууллагад "Зөрчилгүй”, 14 байгууллагад “Хязгаарлалттай”, 1 байгууллагад “Сөрөг” дүгнэлт өгсөн байна.

Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2018 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитаар нийт 376,6 тэрбум төгрөгийн 361 алдаа зөрчил илрүүлснээс 2,6 тэрбум төгрөгийн 18 алдаа зөрчлийг залруулж, 125.2 сая төгрөгийн 3 зөрчлийг хууль хяналтын байгууллагад шилжүүлж, 299.4 сая төгрөгийн 29 төлбөрийн акт тогтоожээ.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын санхүүгийн нэгтгэсэн тайланд нийт 185 байгууллагын тайлан нэгтгэгдсэнээс 146 байгууллагад дүгнэлт гаргаж, 29 байгууллага түүвэрт хамрагдан, 5 байгууллагад итгэл үзүүлж, 5 байгууллага аудитад хамрагдаагүй байна. Дүгнэлт гаргасан 146 байгууллагаас 124 байгууллагад “Зөрчилгүй”, 21 байгууллагад “Хязгаарлалттай”, 1 байгууллагад “Сөрөг" дүгнэлт өгсөн байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2018 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн аудитаар нийт 17,1 тэрбум төгрөгийн 357 алдаа, зөрчил илэрснээс 3 тэрбум төгрөгийн 31 алдааг санхүүгийн тайланд залруулж, 95.7 сая төгрөгийн 63 акт, 4,8 тэрбум төгрөгийн 74 албан шаардлага тогтоож, хариуцлага тооцуулах 22 саналыг хүргүүлжээ.

Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2018 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 188 тайлан нэгтгэгдсэнээс 139 байгууллагад дүгнэлт гаргаж, 41 байгууллага аудитын түүвэрт хамрагдаж, 8 байгууллагад итгэл үзүүлсэн байна. Дүгнэлт гаргасан 139 байгууллагаас 117 байгууллагад “Зөрчилгүй", 18 байгууллагад “Хязгаарлалттай”, 2 байгууллагад “Сөрөг”, 2 байгууллагад “Санал дүгнэлт өгөхөөс татгалзах” дүгнэлтийг өгсөн байна.

Аудитаар нийт 15,6 тэрбум төгрөгийн 419 алдаа зөрчил илрүүлснээс 23.1 сая төгрөгийн 1 алдааг санхүүгийн тайланд залруулж, 324.4 сая төгрөгийн зөрчлийг буруутай этгээдээр нөхөн төлүүлэхээр 73 төлбөрийн акт тогтоон, 12,6 тэрбум төгрөгийн зөрчилд 139 албан шаардлага хүргүүлжээ.

Нийгмийн даатгалын сангийн 2018 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 34 тайлан нэгтгэгдсэнээс 32 байгууллагад дүгнэлт гаргаж, 2 байгууллага аудитын түүвэрт хамрагдсан байна. Дүгнэлт гаргасан 32 байгууллагад “Зөрчилгүй” дүгнэлтийг өгсөн байна.

Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 3 тайлан нэгтгэгдэн дүгнэлт гарсан байна. Аудитаар 2 байгууллагад “Зөрчилгүй”, 1 байгууллагад “Хязгаарлалттай" дүгнэлтийг өгсөн байна.

Аудитаар нийт 436,1 тэрбум төгрөгийн 28 алдаа, зөрчил илрүүлснээс 294,6 тэрбум төгрөгийн 1 алдааг аудитын явцад залруулж, 641.3 сая төгрөгийн зөрчилд 3 акт тогтоож, 1,5 тэрбум төгрөгийн зөрчлийг арилгах 7 албан шаардлага өгчээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн М.Оюунчимэг асуулт асуусан. Тэрбээр, тэтгэврийн зээлийн хүүг 10 дугаар сарын нэгний өдрөөс эхлэн бууруулсан гэсэн шийдвэр гарсан атал энэ шийдвэр банкин дээр хэрэгжихгүй байгаа нь ямар учиртай вэ хэмээн лавласан.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Д.Зоригт нарын мэдээлснээр, Ахмадуудын тэтгэврийн зээлийн дарамтыг бууруулах ажлын хүрээнд 2017 онд  жилийн 18 хувийн хүүтэй байсан тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг 15,  2018 онд 12 хувь болгон бууруулсан бол энэ оны нэгдүгээр сарын 16-наас эхлэн тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг 10 хувь болгон бууруулсан байна.

Гэвч бага хүүтэй зээлийг зөвхөн 12 сар хүртэлх хугацаагаар тэтгэврийн зээл авч буй ахмадуудад олгож байсан учраас тэтгэвэр авагчдаас урт хугацаатай зээлийн хүүг бууруулах хүсэлтийг удаа дараа гаргажээ.

Иргэдээс ирсэн хүсэлтийг харгалзан 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 18 хувийн хүүтэй олгож байсан зээлийн хүүг 15.6 хувь болгон бууруулахаар болжээ. Түүнчлэн 2020 оны 01 дүгээр сараас зээлийн хүүг дахин 2.6 пунктээр бууруулж 13.0 хувь болгохоор арилжааны банкуудтай харилцан тохиролцоод буй аж. Харин 12 сар хүртэлх хугацаатай зээлийн тухайд 10 хувийн хүүтэйгээр олгох ажлыг үргэлжлүүлнэ гэлээ.

Энэ зээлийн хүүгийн хөнгөлөлт одоо зээлтэй байгаа иргэдэд хамаарахгүй бөгөөд шинээр тэтгэврийн зээл авах ахмад настнууд дээрх бууруулсан хүүтэйгээр тэтгэврийн зээл авах боломжтой болж буй юм байна.

Манай улсад нийт 417 мянган иргэн тэтгэвэр авч байгаагийн 56 хувь нь буюу 230 мянган иргэн тэтгэврийн зээл аваад буй бөгөөд нийтийн зээлийн хэмжээ нь 844 тэрбум төгрөг байгаа юм байна. 

Урт хугацааны тэтгэврийн зээлийг 18 хувиас буруулан 15.6 хувийн хүүтэйгээр Төрийн банк олгож эхэлсэн бөгөөд “Хаан” банк программын шинэчлэлээ хийж дуусган 10 дугаар сарын 3-ны өдрөөс олгож эхэлнэ хэмээн Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга мэдээлсэн. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд тус Байнгын хорооны санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр тогтлоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)