200 000 гаруй хүүхэд эрсдэлт нөхцөлд амьдарч байна

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар (ГБХЗХГ)-ын дэд дарга Б.Халиунаар ахлуулсан ажлын хэсгийнхэн энэ долоо хоногт нийслэлийн есөн дүүрэгт амьдарч буй эрсдэлт бүлгийн 90 өрхөд шаардлагатай тусламж, дэмжлэг үзүүлжээ. Тус газраас “Эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа хүүхдийг илрүүлэх, хэрэгцээг тодорхойлох түргэвчилсэн үнэлгээ”-г өнгөрсөн гуравдугаар сард улсын хэмжээнд зохион байгуулсан. Түргэвчилсэн үнэлгээнд 109 991 өрхийг хамруулахад 19 хувь буюу 20 000 нь эрсдэлтэй, 47.6 хувь буюу 50 000 нь цаашдаа хөл хорио тогтоох арга хэмжээ үргэлжилбэл эрсдэлт нөхцөл рүү шилжих магадлалтай гэсэн дүн гарсан аж. Мөн судалгаагаар ямар ч хараа хяналтгүйгээр хүүхдээ гэртээ үлдээдэг, өрхийн зөвхөн нэг гишүүн нь хөдөлмөр эрхэлдэг, тогтмол орлогогүй айл олон байгааг тогтоожээ. Эдгээр өрхөд 200 000 гаруй хүүхэд амьдарч буй. Тиймээс ГБХЗХГ-аас хэд хэдэн ажлын хэсэг гарч, тавдугаар сарын 1-8-нд дээрх айлуудаар орж, нөхцөл байдалтай танилцан, дэмжлэг туслалцаа үзүүлсэн юм.

Тухайлбал, ажлын хэсгийнхний очсон эхний айл нь Хан-Уул дүүргийн иргэн Одгэрэлийнх. Тэднийх ам бүл тавуулаа. Гурван хүүхэдтэйгээ амьдардаг. Хүүхдүүд нь хэл яриа болон сонсголын бэрхшээлтэй гэнэ. Тэднийх 16 жилийн өмнө Сүхбаатар аймгаас Улаанбаатар хотод шилжин суурьшсан. Хотод ирсэн цагаасаа хойш орцны жижүүр хийж буй. Тэд дүүргийнхээ удирдлагад хандаж, гэр хүссэн ч өдий хүртэл хариу өгөөгүй аж. Энэ бол нийслэлийн есөн дүүргийн эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа 90 өрхийн нэг л төлөөлөл. Одгэрэлийн бага хүүг МСҮТ-д сургах, дунд хүүгийнх нь сурдаг сургуульд хүсэлт гаргаж, сургалтын төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх зэрэг асуудлыг судалж дэмжлэг үзүүлэхээ ГБХЗХГ-ын дэд дарга Б.Халиун илэрхийлсэн байна. Түүнчлэн эл агентлагийнхан иргэдэд тулгарч байгаа зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)