200 сая төгрөгийн өртөгтэй шар тэмдэглэгээг жил бүр шинэчлэх нь

Шар тэмдэглэгээ

Нийслэлчүүд түгжрэлд “түгжүүлээд” удсаныг бүгдээрээ мэднэ. Замын хөдөлгөөнд өдөрт таван цагийн турш оролцдог иргэдийн 79.2 хувь нь зорьсон ажлынхаа гуравны нэгийг л бүтээдэг гэсэн судалгааны дүн үүний наад захын жишээ. “Би л болж байвал бусад нь хамаагүй” гэсэн сэтгэхүйгээр ачаалал ихтэй уулзварт нэвтэрч өөрсдийгөө “түгждэг” нь жолооч нарын гэм биш зан. Иргэдийн энэ хандлагыг өөрчлөхөөр замын хөдөлгөөний ачаалал хамгийн их үүсдэг дөрвөн уулзварт өнгөрсөн жил шар тэмдэглэгээ хийсэн билээ. 

Тодруулбал, Цэцэг төв, МУБИС, Цаг уур, орчны шинжилгээний газар, Байгалийн түүхийн музейн уулзвар дахь замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор өнгөрсөн оны аравдугаар сард шар хэрээс зурж, хяналтын камер суурилуулахад 200 гаруй сая төгрөг зарцуулсан юм. Дүрэм зөрчихгүй байхыг сануулж, ингэж тэмдэглэсний үр дүнд замын хөдөлгөөний ачаалал 70 гаруй хувиар буурна гэж тухайн үед албаны хүмүүс онцолж байв. Энэ үүргээ биелүүлэхээсээ өмнө өнөөх тэмдэглэгээ эхнээсээ бүдгэрчээ.

“Шар тэмдэглэгээ харагдахгүй, арилсан байна” гэж өнгөрсөн өвөл шуугихад утаа, тортогтой холбон тайлбарласан. Өөрөөр хэлбэл, утааны тортогт шар зураас “нуугдсан” байжээ. Өдгөө шар зураасыг “нуух” тортог байхгүй учраас эл тэмдэглэгээ бүдгэрсэн гэхэд хилсдэхгүй болов уу. Будаг учраас цаг агаарын нөхцөл байдал, автомашины дугуйнд элэгдэж, арилах нь мэдээж. Гэхдээ дөнгөж будсаны маргааш нь юу ч үгүй арилсан тохиолдол өнгөрсөн оны аравдугаар сарын 16-нд гарсныг иргэд баримтжуулан олон нийтийн сүлжээнд нийтэлж байлаа. Энэ талаар тус ажлыг гүйцэтгэсэн “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-ынхнаас тухайн үед тодруулахад “Бүрэн хатаагүй байхад шар зураасны дээгүүр автомашин явсан байна лээ. Тиймээс тэмдэглэгээ арилсан байх” гэсэн бол нийслэлийн Автозамын хөгжлийн газрынхан “Хүйтэрсэнтэй холбоотойгоор технологийн горим алдагдсан байж магадгүй” хэмээн тайлбарлаж байв. Энэ мэт эрсдэлийг тооцож үзээгүйгээс өнгөрсөн хугацаанд хэчнээн төгрөг салхинд хийссэн нь тодорхойгүй.

Шар тэмдэглэгээ хийснээр өдгөө ямар үр дүнд хүрснийг албаныхнаас тодрууллаа. Нийслэлийн Авто замын хөгжлийн газрынхантай холбогдсон ч энэ асуултад хариулах хүн олдсонгүй. Харин нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын Төлөвлөлт, судалгааны мэргэжилтэн Г.Саруул “Будгийн хувьд тусгай зориулалтынхыг нь ашигласан. Явган хүний гарцыг жил тутамд сэргээж буддаг жишгээр шар тэмдэглэгээг ч гэсэн ийм хугацааны давтамжтай “тордох” шаардлагатай. “Цэцэг” төвийн уулзварт дулааны шугам солих ажил хийж байгаа учраас түүнтэй холбоотой шар хэрээс арилсан байхыг үгүйсгэхгүй. Замын шар будаг олон улсын чанарын шаардлага хангасан. Гадаадын орнуудтай харьцуулахад манай улс эрс тэс уур амьсгалтай, бохирдол ихтэй учраас будаг нь амархан арилдаг байх магадлалтай. Манайд хөдөлгөөнд оролцож буй автомашины дугуй бохирдол ихтэй учраас шар тэмдэглэгээний эдэлгээний хугацааг багасгадаг гэсэн. Тиймээс уг тэмдэглэгээг ч тогтмол тордох нь зөв. Үүнд тодорхой хэмжээний зардал гарна. Харин замын хөдөлгөөний ачааллыг буурсан тухай нарийвчилсан судалгаа гараагүй. Амралт, зугаалгийн улирал эхэлсэн учраас замын хөдөлгөөний ачаалал харьцангуй бага байна. Мөн тухайн жолоочийн хандлага, соёлоос хамааран замын хөдөлгөөний ачаалал ихсэж, багасдаг. Яг хэдэн хувиар буурсныг тодорхойлоход төвөгтэй. Гэхдээ замын хөдөлгөөний ачаалал тодорхой хэмжээгээр буурсан. Цаашид бусад уулзварт ч ийм тэмдэглэгээ хийхээр төлөвлөсөн” гэлээ.

Гадаадын оронд ийм тэмдэглэгээг таван жилд нэг удаа сэргээж буддаг аж. Манай улсад гадаадын сайн жишгийг оруулж ирсэн нь сайшаалтай ч нэгэнт 200 гаруй сая төгрөг зарцуулж байгаагийнх ажлаа чанартай хийх ёстой баймаар. Дөрөвхөн уулзварыг шар өнгөөр будахын тулд жилд 200 гаруй сая төгрөг зарцуулах нь үр ашиггүй хөрөнгө оруулалт биш гэж үү. Замын хөдөлгөөний ачаалал буурсан, эсэхийг тодорхойлоогүй нь хийсэн ажлынхаа үр дүнд анхаарал хандуулахгүй байгаатай холбоотой гэж Сонгинохайрхан дүүргийн XXVI хорооны иргэн Б.Бат-Эрдэнэ шүүмжлэв.

Ачаалал ихтэй уулзваруудыг шараар тэмдэглэж, хөдөлгөөнийг зохицуулснаар түгжрэл буурахаас гадна дөрвөн замын уулзварт замын цагдаа гэрлэн дохиотой зэрэгцэн зохицуулалт хийх шаардлагагүй болно гэж байсан. Өөрөөр хэлбэл, шар тэмдэглэгээ давж автомашинаа байрлуулсан жолоочийг хяналтын камер ашиглан илрүүлж, торгуулийн хуудсыг гэрийнх нь хаягаар илгээнэ. Ингэснээр замын уулзварт хөндлөн урсгалаас орж зам хаах, түгжрэл үүсэх асуудлыг арилгана гэж холбогдох албаныхан мэдээлж байсан нь сонин, сайтын архивт хадгалаастай байна.

Өдгөө энэ зорилт биелсэн, эсэхийг Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, ахлах дэслэгч Ч.Чимэдбатаас тодруулахад “Эхний ээлжид иргэдэд зөв, дадал хэвшил суулгах үүднээс торгуулийн арга хэмжээ аваагүй. Харин өнгөрсөн тавдугаар сараас тус дөрвөн уулзварт камер суурилуулснаар зөрчил гаргаж буй иргэдийг хянах боломж бүрдсэн. Шар тэмдэглэгээ хийснээр дээрх дөрвөн уулзварын хөдөлгөөнийг зохицуулах боломж бүрдэхээс биш, түгжрэлээс бүрмөсөн сална гэж ойлгож болохгүй” хэмээн тайлбарлалаа. Ямартай ч замын хөдөлгөөний ачаалал 70 хувиар буурсан гэж хэлэхэд эрт байгаа бололтой.

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.22-т “Уулзварыг бүрэн гүйцэд нэвтрэн гарах боломжийг хязгаарласан түгжрэл, саатал бий болсон үед жолооч (уулзвар нэвтрэх давуу эрхтэй буюу зөвшөөрсөн гэрэл дохио асаж байгаа эсэхээс үл хамааран) уулзвар руу орохыг хориглоно” гэсэн заалт бий.

Гэвч иргэд энэ дүрмээ мөрддөггүйгээс ийнхүү шар тэмдэглэгээ хийж, анхааруулсан. Өдгөө хориглосон тэмдэглэгээ хийгээд багагүй хугацаа өнгөрсөн ч зарим жолооч дүрмээ баримтлахгүй, зөрчсөөр л байна. “Цэцэг” төвийн уулзварт өчигдөр 11.10 цагийн үед очиход жолооч нар улаан гэрэл ассан байхад шар тэмдэглэгээ давж байлаа. Уг нь дээрх дөрвөн уулзварт жолооч хурдаа тааруулж хөдөлгөөнд оролцон, дараагийн зөвшөөрсөн гэрэл асах хүртэл хүлээх ёстой.

Өнгөрсөн тавдугаар сараар хойш улаан гэрэл ассан үед шар тэмдэглэгээг давсан 200 гаруй зөрчил Замын хөдөлгөөний удирдлагын төвийнхөн бүртгэсэн байна. Оюутан залуус орон нутгаас хот руу ирж, сургууль, цэцэрлэг эхлэхтэй зэрэгцэн есдүгээр сард замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг.

2012 оны судалгаагаар 200 мянган машин замын хөдөлгөөнд оролцож байсан бол өнгөрсөн онд энэ тоо 2-3 дахин өсжээ. Жилд дунджаар 40 мянга орчим автомашин гаалиар орж ирдгийн 80 орчим хувь нь Улаанбаатар хотод бүртгэгдэж байна. Тиймээс замын хөдөлгөөний ачааллыг бууруулахаар шар тэмдэглэгээ зурах зэрэг арга хэмжээ авсан нь сайшаалтай. Гэвч дээрх тэмдэглэгээ жил хүрэхгүй хугацаанд бүдгэрснийг дахин сануулъя. Иргэд ч дүрмээ баримталж замын хөдөлгөөнд оролцдог бол төсвийн хөрөнгийг энэ мэтээр үр ашиггүй зүйлд зарцуулах шаардлагагүй байж мэднэ. Энэ байдлаар нийслэлчүүдийг хуулиа биелүүлдэг болгохын тулд жилд хэдэн төгрөг татвар төлөгчдийн халааснаас гарах бол.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)