20 хоногийн зайтай гаргасан хоёр зарлиг буюу зайлшгүй засвар

Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, нэр бүхий 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлээд найм хонож байна. Тэдгээр шүүгчийн нэг нь Ж.Оюунтунгалаг. Төрийн тэргүүн түүнийг холбогдох хуульд заасан шаардлага хангасан гэж үзэн, нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчээр томилсон зарлигийн бэх нь хатаагүй шахам байхад бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн нь энэ. 20 хоногийн зайтай гаргасан хоёр зарлиг өдгөө УИХ хэлэлцэж буй Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг бүхэлд нь биш юм гэхэд шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангах зорилготойгоор тусгасан гэх заалтуудтай зав гарган танилцахад хүргэв.

...Үнэхээр тухайн хүн Үндсэн хуульд заасан шаардлага хангахгүй байгаа тохиолдолд Төрийн тэргүүн татгалзсан үндэслэлээ тодорхой хэлэх нь тийм ч түвэгтэй биш. Гэвч Ерөнхийлөгч УИХ-ын чуулганы хуралдаанд тааллаараа оролцдог шигээ томилохоос татгалзсан үндэслэлээ тайлбарлаагүй нь олонтоо...

Бүх шатны шүүгчийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн санал болгосноор томилох, эсэх нь манай Төрийн тэргүүний бүрэн эрх. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч ШЕЗ-өөс санал болгосон нэр дэвшигчийг судлан үзсэний үндсэн дээр томилох, эсвэл томилохоос татгалзах шийдвэрийн аль нэгийг гаргадаг. Магадгүй Ж.Оюунтунгалаг ерөнхий шүүгчээр томилогдсоноос хойших 20 хоногийн хугацаанд гаргасан шийдвэр хэн нэгэн, хэсэг бүлэг хүн, хуулийн этгээд, цаашлаад улс орны амьдралд ноцтой үр дагавар учруулсан бол хариуцлагыг нь хэн хүлээх вэ.

Тэрбээр “Салхитын мөнгөний ордтой холбоотой хэрэгтэй холбож байгааг нь мэдүүлэг авах үед л мэдсэн. Хээл хахууль авсан хэргээр бүрэн эрхийг маань түдгэлзүүлсэн юм байна гэж ойлгосон. 2017 онд нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх энэ хэргийг шийдвэрлэх үед би даргалагч шүүгчээр оролцсон” хэмээн мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, Ж.Оюунтунгалаг өнгөрсөн сарын 7-нд ерөнхий шүүгчээр томилогдсоноосоо хойш мэргэжлийн алдаа гаргаж, шударга ёсыг уландаа гишгэсэн, эсэх нь өнөө хэр тодорхойгүй гэсэн үг. Эсвэл бүр өмнө хийсэн үйлд нь “үр”-ийг нь үүрүүлэх гээд байгаа, эсэхийг нь ч хэлж мэдэхгүй нь. Ер нь тодорхой зүйл алга. Үнэндээ өмнөхийг ч, өнөөдрийнхийг нь ч үнэлж, шүүх эрх бидэнд үгүй. Тэгээд ч түүнийг зөвтгөж, бас буруутгахыг урьтал болгосонгүй. Гагцхүү тэр авлигач шүүгч байсан бол түүнийг улираан томилсны бурууг хэн хүлээх вэ. Ерөнхийлөгчид нэрийг нь хүргүүлж, ерөнхий шүүгчид дэвшүүлснээрээ ШЕЗ буруутай юу. Эсвэл эцсийн цэг хатгаж, “Томилсугай” хэмээн зарлиг гаргаснаараа Ерөнхийлөгч хариуцлага хүлээх ёстой юу. Үгүй бол шүүгчдийг шилж, сонгодог ШЕЗ-ийн гишүүдийг томилдгийнх нь хувьд Төрийн тэргүүнтэй том хариуцлага тооцох уу.

Үнэндээ хэн нь ч, аль нь ч хариуцлага хүлээхгүй. Ингэж л явж ирсэн. Тэгж яривал Ерөнхийлөгч шүүгчийг томилохоос яагаад татгалзсанаа тайлбарлахгүй байж болохоор өнөөдрийг хүргэсэн. Сая 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхдээ ч үндэслэлээ хэлээгүй. Зүгээр л “ҮАБЗ-ийн зөвлөмж гарсан” гэх үндэслэлээр бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн гэж буй. Үндэсний аюулгүй байдалд ямар аюул учруулснаа мэдэхгүйдээ мэгдэж буйгаа зарим нь мэдэгдэж байгаа нь тэр. Гэтэл өнөөгийн ҮАБЗ-ийг хэн, хэн бүрдүүлдэг хийгээд хоорондоо ямар холбоотой, ямар эрх ашгаар нэгддэг вэ гэх зэргээр өөнтөглөн харвал өөр олон зүйл хэлж болохоор байна. Үнэхээр тухайн хүн Үндсэн хуульд заасан шаардлага хангахгүй байгаа тохиолдолд Төрийн тэргүүн татгалзсан үндэслэлээ тодорхой хэлэх нь тийм ч түвэгтэй биш. Гэвч Ерөнхийлөгч УИХ-ын чуулганы хуралдаанд тааллаараа оролцдог шигээ томилохоос татгалзсан үндэслэлээ тайлбарлаагүй нь олонтоо. Өнөөх нэр дэвшигчид өш санав уу, өөр хүнийг томилох сонирхолтой байв уу гээд өнөөг хүртэл энэ бүхэн тодорхойгүй явж ирсэн. Энэ нь ч шүүх эрх мэдэл дэх Ерөнхийлөгчийн нөлөө, оролцоо их гэдгийн томоохон баталгаа болон харагдаж буй. Шүүгчийн томилгоо Ерөнхийлөгчөөс хамааралтай байхын сул тал нь энэ.

Харин Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд ШЕЗ бүх шатны шүүхийн шүүгчийг томилох шийдвэрээ Ерөнхийлөгчид хүргүүлснээс хойш 21 хоногийн дотор батламжлах, тухайн нэр дэвшигч Үндсэн хуульд заасан шаардлага хангаагүй гэж үзвэл татгалзаж буй үндэслэлээ нийтэд мэдээлэхээр тусгаад байна. Нөгөө талаас ШЕЗ-ийн гишүүдийг Ерөнхийлөгч томилох бус, шүүгчид дундаасаа болон УИХ-ын холбогдох байнгын хороо нэр дэвшүүлэн томилгооны сонсгол хийх замаар бүрдүүлэхээр ярилцаж байна. Тодруулбал, өнөөгийн таван гишүүнийг хэт цөөн буюу бусдын нөлөөлөлд автах эрсдэлтэй гэж үзэн 10 болгон нэмэгдүүлж, тавыг нь УИХ-ын байнгын хороо, хяналтын болон давж заалдах шатны шүүхийн шүүгчдээс тус бүр нэг, анхан шатныхаас гурван гишүүнийг нь сонгож, бүрдүүлэхээр тусгасан байна. 

Шударга ёсны баталгаа болсон шүүх эрх мэдэл дэх Ерөнхийлөгч гэх нэг хүний оролцоог л хумьж, хязгаарлах гэсэн хэрэг. ШЕЗ-ийн арван гишүүний талыг нь гурван шатны шүүхийн шүүгчдээс ардчилсан зарчмын үндсэн дээр сонгох нь улс төрийн зүй бус нөлөөлөл орох эрсдэлийг бууруулна гэж үзэж байна. Мөн дарга дотроосоо томилж байгаа нь улс төрийн нөлөөллийг хязгаарлах зорилготой юм. Харин шүүгч бус таван гишүүнийг УИХ томилж байгаа нь эрх мэдлийг хуваарилах, хяналт тэнцлийг хангах зорилготой. Шүүгч биш таван гишүүн нь хууль зүйн өндөр мэргэшилтэй, мэргэжлээрээ арваас доошгүй жил ажилласан” байх бөгөөд бусад шаардлагыг хуулиар тогтоохоор төсөлд тусгасан. Жишээлбэл, одоогийн Шүүхийн захиргааны хуулийн 16 дугаар зүйлд заасан шиг ШЕЗ-ийн гишүүн нь ял шийтгүүлж байгаагүй, шударга зан чанар, өндөр ёс зүйтэй байх, шүүгчид нэр дэвшигчийн мэдлэг, ур чадвар, туршлагыг хараат бусаар, бодитой үнэлэх чадвартай байх гэж зааж болох юм.

Цаашлаад Шүүгчийн хариуцлагын зөвлөлийг Үндсэн хуулийн хэмжээнд хуульчилж, гишүүдийг нь Ерөнхийлөгч томилдог ШЕЗ-д төвлөрсөн хэт их эрх мэдлийг задлах гэнэ, зүйтэй. Нэг хүн, эсвэл ашиг сонирхлын бүлэглэлээс ангид байх нөхцөлийг ингэж л бүрдүүлнэ. Өөрөөр хэлбэл, шүүгч алдаа гаргасан бол Шүүгчийн хариуцлагын зөвлөл асуудлыг нь хэлэлцэж шийдэх болно. Тус зөвлөл нь есөн гишүүнтэй байх бөгөөд гурав нь шүүн таслах ажлын туршлагатай хуульч, гурав нь хууль зүйн эрдэмтэн, гурав нь иргэдийн төлөөлөл байх аж. Үүгээр шүүгчдэд хариуцлага тооцох механизмын хараат бус байдыг хангана хэмээн найдаж буй. Шүүгчийг томилохдоо ч, хариуцлага тооцохдоо ч одоогийнх шиг тогтолцоогоо хамгаалсан, хөгийн гэмээр байдал гаргахааргүй нөхцөлийг хуульчилж чадвал сайн сан.

Үндсэндээ бүх шатны шүүхийн шүүгчийг томилох Ерөнхийлөгчийн эрхийг ч үүгээр хязгаарлахаар байгаа юм билээ. Тодруулбал, Улсын дээд шүүхийн шүүгчийг томилохдоо томилгооны сонсголд оруулж, шийдвэрээ УИХ-д танилцуулан, Ерөнхийлөгчид хүргүүлэхээр тусгасан байгаа юм. Тиймээс ч Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэж буй энэ үед Ерөнхийлөгч шүүх эрх мэдэл дэх нөлөөллөө хадгалах, үгүйдээ л Дээд шүүхийн шүүгч нарын томилгоонд томоохон байр суурьтай хэвээр үлдэхийн тулд 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлж, авлигач шүүгчтэй тэмцэж буй баатрын дүр бүтээж байна гэж харах хүн цөөнгүй байх шиг.

Манай шүүх тогтолцоонд асуудал байна уу гэвэл бий. Бүхэлд нь харлуулах, муухай харагдуулахыг зорьсон бүлэг хүмүүст шалтаг өгөх хэмжээний асуудал байгаа нь үнэн. Ард иргэдийн дунд шударга ёсны хүсэмжлэл өдрөөс өдөрт нэмэгдэж байгаатай маргах аргагүй. Гэвч энэ нь бүрэн эрхийг нь түдгэзүүлээд буй 17 шүүгч бүгдээрээ авлигач гэсэн үг биш. Басхүү тэд бүгдээрээ буруугүй гэсэн үг ч биш. Харин өнөөгийн байгаа нөхцөл, энэ хэвээр тогтнох тогтолцооноос шударга ёс хүсэмжлээд хэрэггүй. Байдал ийм байхад хэн ч хэрэгтэн болж мэдэх нь. Тиймээс ч шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлэх, хараат бус байдлыг хангахтай холбоотой цогц заалтуудыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгаад, хэлэлцэж байна. Хэлэлцэж эхэлсэн дээр нь сайтар ярилцаж зөвлөлдөн, засаж сайжруулах нь энэ цагийн үеийн захиалга, шаардлага гэлтэй.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)