"20 мянган төгрөгөөр 2 кг хонины мах л худалдаж авлаа"

2019 он гарсаар махны үнэ огцом өсөж, өдийг хүртэл буугаагүй байна. Дээрээс нь улсын баяр наадам хаяанд ирсэн энэ өдрүүдэд хонь, ямааны махны эрэлт ихэсдэг. Иймээс бид махны үнэ ямар байгааг “Хүчит шонхор” захаас сурвалжиллаа.

Дэнжийн 1000-д орших тус зах хөл хөдөлгөөнд дарагдаж, иргэд худгийн усанд оочерлон буй мэт зогсжээ. Энэ үеэр хонь, ямааны мах зарж буй худалдагч бүрээс мэдээлэл авахаар очиход өөр өөр үнэ хэлж байсан юм.

Махны худалдагч И-тэй уулзахад “Хонины мах бөөний үнээр 7800 төгрөг, ямааны мах 9600 төгрөгийн үнэтэй байна. Ерөнхийдөө үнэ хэлбэлзэлтэй байгаа боловч сүүлийн үед бага зэрэг буурч байна. Харин гулууз махны үнэ 150-260 мянган төгрөгийн хооронд байгаа. Би Ченжээс махаа авдаг. Заримдаа малчны гар дээрээс авах ч тохиолдол бий” гэлээ.

Үүний дараа мах худалдан авч буй иргэнээс тодруулахад “Энэ жил махны үнэ тэнгэрт тулсан өндөр байна. Би сая 2 кг хонины мах 20 мянган төгрөгөөр худалдан авлаа. Өмнө нь энэ хэмжээний мөнгөөр 5-6 кг мах авах байсан. Махны үнэ яагаад өсөөд байгааг мэдэх юм ёстой алга. Төр засаг маань мэдэж байгаа биз” гэв.

“Эмээлт” захаас мах шууд авчирч зардаг ченж И “Махны үнэ тарган, туранхай, ястай, цул зэргээсээ хамаараад янз бүр л байна. Би малчдаас шууд мах авч энд авчирч борлуулдаг. Ер нь бол мах 3-4 дамжлагаар явж байж эцсийн хэрэглэгчдээ хүрдэг юм. Тиймээс худалдагч бүр өөр өөрсдийн үнийн тарифтай байдаг. Худлаа гэвэл энэ хавиар яваад үз” гэлээ.

Тус захаар хөл гишгэх зайгүй байлаа. Энд цугласан хүмүүс өөрсдийн хэрэгцээндээ тааруулан худалдан авалт хийж буй нь энэ аж.

Харин баяр наадмын өдрүүдэд махны үнэ тогтвортой байна гэж ченжүүд хэллээ. Гэхдээ чих сэртийлгэж, дотор арзгануулсан үнийн өсөлт гэнэт сонсогдох вий гэж иргэд сэрэмжилж байгаа нь ойлгомжтой. Дайны хажуугаар дажин гэгчээр баяр ёслол далимдуулж юмны үнэ өсдөг уламжлал Монголд хэдийн үүссэн билээ.

Хүчит шонхор зах дээр өнөөдрийн байдлаар хонь, ямааны мах ийм үнэтэй байна.

  • Хонины ястай мах - 8500-9200
  • Хонины цул мах – 10000
  • Хонины мах бөөний үнэ- 8000
  • Ямааны мах – 9600
  • Ямааны мах бөөний үнэ - 9200


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)