1990 оноос хойш ШУА-д төр, засгийн тэргүүнүүдээс нэг ч хүн очоогүй, салбарын сайд нь ганцхан удаа очжээ

МАЛ ЭМНЭЛГИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН ЭРДЭМТЭД ШҮЛХИЙН ВАКЦИН ГАРГАН АВЧЭЭ 

УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр Мал эмнэлгийн хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцав. Монгол Улсад орчин үеийн шинжлэх ухаан хөгжөөд 95 жил болж буй бөгөөд 1950-иад оноос эхлэн эрдмийн зэрэг хамгаалсан судлаачидтай болж, 1961 оноос чухал хэрэгтэй салбаруудын лаборатори байгуулагдсан. Үүний нэг нь Мал эмнэлгийн хүрээлэн юм. Бүх шатанд шинжлэх ухааны тооцоо, судалгаанд суурилсан, үндэслэлтэй бодлого шийдвэр гаргах ёстойг УИХ-ын дарга Г.Занданшатар ажлаа авсан эхний өдрөөсөө уриалсаар буй.

Мал эмнэлгийн хүрээлэн нь улсын хэмжээнд мал, амьтан, нийтийн эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдалд нөлөөлж болох халдварт болон халдваргүй өвчнийг оношлох, эмчлэх, сэргийлэх арга технологи боловсруулах, малын эрүүл мэндийг сахин хамгаалах шинжлэх ухааны үндэслэлийг боловсруулахад чиглэсэн судалгааны ажлуудыг хийж гүйцэтгэдэг. 2019 оны байдлаар Засгийн газрын суурь судалгаа, инновац, шинжлэх ухааны 22, олон улсын хамтарсан 10 гаруй төслийг хэрэгжүүлж буй юм байна. 

Манай улсын эрдэмтэн судлаачдын бүтээл олон улсад дөрөв, Монгол Улсад 38 патент эзэмшиж, олон улсын импакт фактортой мэргэжлийн сэтгүүлд 120 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлжээ. Монголын эрдэмтэд суурь судалгааны бүтээлийн тоо, чанарын үзүүлэлт болон мэргэжлийн ур чадвараараа олон улсад хүлээн зөвшөөрөгдөх хэмжээнд хүрсэн ч төрөөс шинжлэх ухааны салбарт үзүүлэх дэмжлэг муу, хөрөнгө оруулалт дутмагаас болж бүтээлүүдээ амьдралд хэрэгжүүлэх боломжгүй болдгийг тус хүрээлэнгийн захирал Б.Батцэцэг хэллээ. 

Тус хүрээлэн 12 орны 30 гаруй эрдэм шинжилгээний байгууллага, хүрээлэнтэй хамтран ажилладаг бөгөөд 11 мэргэшсэн лаборатори, 88 судлаачтай, үйл ажиллагаа явуулж байна. Мал эмнэлгийн шинжлэх ухааны ач холбогдол, улс орны эдийн засагт үзүүлэх мал аж ахуйн үйлдвэрлэлийн нөлөөг харгалзан 2018 онд төсвийн хөрөнгө оруулалтаар орчин үеийн түвшинд судалгаа хийх зориулалттай лабораторийн шинэ байртай болсон нь сүүлийн 20 жилд шинжлэх ухааны салбарт оруулсан томоохон хөрөнгө оруулалт болжээ. Мал эмнэлгийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид шүлхий өвчний вакциныг гарган авч, турших ажилдаа орсон байна.

Мөн адууны нийлүүлгийн үеийн түргэн оношлуурыг бүтээжээ. Энэ мэт эрдэмтдийн хийсэн оюуны томоохон, импортыг орлосон бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор гарааны таван компани байгуулсан байна. Эдгээр компанийн үйл ажиллагааг дэмжихэд хууль, эрх зүйн орчныг сайжруулах, төсөв санхүүгийн асуудлыг шийдвэрлэх шаардлага үүсээд байгааг мэргэжилтнүүд УИХ-ын даргад уламжилсан.

ШИНЖЛЭХ УХААНЫ САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭВ

Дараа нь УИХ-ын дарга Г.Занданшатар тэргүүтэй албаны хүмүүс ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнд ажиллалаа. ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл энэ үеэр “Оны эхнээс цалин нэмсэн ч цалингийн сүлжээнээс үүдэлтэй өр үүссэн, шинжлэх ухааны салбарын дундаж цалин олон улсынхаас доогуур хэвээрээ. Иймээс сайн судлаач, эрдэмтэд ирэхгүй байна. Үүнээс гадна төсөвт эзлэх эрдэм шинжилгээний үйл ажиллагааны санхүүжилт маш бага.

2001 онд хөгжиж байгаа орнууд ДНБ-ийхээ нэг хувиас багагүйг шинжлэх ухааны салбартаа хуваарилбал улс орныхоо хөгжилд бодитой хувь нэмэр оруулна гэж НҮБ дүгнэсэн. Өндөр хөгжилтэй орнууд ДНБ-ийхээ 4.3 хүртэлх хувийг шинжлэх ухааны салбартаа зарцуулдаг бол манай улс дөнгөж 0.1 хувийг хуваарилдаг. Энэ үзүүлэлт нь шинжлэх ухаанаа ашигладаггүй улс гэдгийг илтгэдэг. Нийт төсвийн 90 гаруй хувийг цалин, бусад үйл ажиллагаанд зарцуулдаг, эрдэм шинжилгээний зардал нь 20 орчим хувь байдаг. 

Судлаачдын тоо жил ирэх тусам буурч байна. Бага мөнгө авдаг ч эрдэмтэд зүгээр суухгүй байгаа. Бид сүүлийн гурван жилд дэлхийн нэр хүндтэй сэтгүүлүүдэд хэвлэгдсэн өгүүлэл, түүнээс авсан эшлэлийн тооны өсөлтөөр Азийн 46 улсаас 19 дүгээрт бичигдэж байна. Гуравхан сая хүнтэй, хоёр мянга хүрэхгүй эрдэм шинжилгээний ажилтантай улсын хувьд энэ бол өндөр үзүүлэлт. Онолын судалгаанд монгол эрдэмтэд хангалттай сайн байгаа гэж ямар ч эргэлзээгүй хэлж болно” гэв. 

УИХ-ын дарга Г.Занданшатар “Мэргэжилтнүүдийн онолын суурь судалгаагаар манай улсын судлаачид дэлхийд гологдохооргүй болсон ч нөгөө талд үйлдвэрлэлд нэвтрүүлж, бүтээгдэхүүн гаргах талдаа хоцроод байна. Энэ нь манайд үйлдвэрлэлийн бааз муу байгаатай холбоотой учраас шинжлэх ухааны салбарын нээлт ололтыг хувийн хэвшилтэй уялдуулах шаардлагатай. УИХ-аар Шинжлэх ухаан, технологийн тухай, Инновацын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхээр бэлтгэж байна. Үүний хүрээнд эрдэмтэн судлаачид та бүхний саналыг сонсох, газар дээр нь ажиллаж, бодит нөхцөл байдалтай танилцахаар ирсэн юм. Шинжлэх ухааны судалгааны байгууллагуудад нийтлэг тулгамдсан асуудлыг харлаа. 

Төсөв, санхүүгийн асуудлыг 2020 оны төсөв хэлэлцэх үеэр анхаарч ажиллана. Шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах, хуваарилах зэрэг зохион байгуулалтын асуудлыг дотоод нөөц бололцоогоо ашиглаад шийдэх боломжтой гэж үзэж байна. УИХ-аас шинжлэх ухааны салбарт онцгой анхаарал хандуулж, бүхий л талаар дэмжинэ. Шинжлэх ухааны салбарын хөрөнгө оруулалтын ДНБ-д эзлэх хэмжээг нэг хувьд хүргэхийг зорино. 

Гэхдээ эдийн засгийн бодит нөхцөл байдалдаа нийцүүлэх ёстой. Ойрын хугацаанд Засгийн газар, салбарын яаманд чиглэл өгнө” гэлээ. ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэн 1968 онд байгуулагдсан бөгөөд 10 лаборатори, 127 ажилтантайгаас 104 нь эрдэм шинжилгээний ажилтан аж. Ажилчдын 36 хувь нь доктороос дээш зэрэгтэй. Мөн л тоног төхөөрөмжийн хоцрогдол, төсвийн хангалтгүй байдал, эрдэмтэн судлаачдын нийгмийн асуудал тулгамдаад буй гэнэ. 

Тус хүрээлэнгийн эрдэмтэд эх орны 120 гаруй эмийн ургамалд химийн судалгаа хийж, 200 орчим байгалийн шинэ нэгдлийг нээн, таван шинэ бүлэг нэгдэл, тэдгээрийн анхны төлөөлөгчдийг илрүүлжээ. Эрдэмтдийн оюуны бүтээлийг амьдралд нэвтрүүлэх зорилгоор гарааны гурван компани байгуулсан байна. 1990 оноос хойш ШУА-д төр, засгийн тэргүүнүүдээс нэг ч хүн очоогүй, салбарын сайд 30 шахам жилд ганцхан удаа (энэ өдөр Ё.Баатарбилэг ирснийг оруулбал хоёр удаа) ирсэн гэнэ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)