19 дүгээр сургуулийнхан “айлын хаяанд” хичээллэж байна

19 дүгээр сургуулийн хичээлийн I байрыг 1956 онд ашиглалтад оруулжээ

1956 онд барьсан, нийслэлийн 19 дүгээр сургуулийн хичээлийн нэгдүгээр байр “хөгширч”, нурах эрсдэлтэй тул үйл ажиллагаа явуулах, ялангуяа хүүхдүүд хичээллүүлэх хориотой гэсэн дүгнэлтийг 2015 онд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас гаргажээ.

Улмаар БСШУСЯ-наас 2018 оны тавдугаар сарын сүүлчээр барилгыг буулгаж, шинийг барихаар шийдвэрлэсэн аж. Үүний дагуу сургуулийн багш, ажилтнууд өнгөрсөн хавар хичээл тарахад нэгдүгээр байрныхаа бүх өрөөг сулласан тул намар нь сурагчаа бага сургуулийнхаа байранд шахцалдуулан, гурван ээлжээр хичээллүүлж эхэлжээ. Түүнчлэн ойролцоох өөр сургуулийн анги танхимыг гуйж, сургалт явуулж байгаа гэнэ. Нөхцөл байдал ийм атал тус сургуулийн барилгыг шинэчлэлгүй бүтэн жил өнгөрч байгаад багш, сурагч, эцэг, эхчүүд ихэд бухимдаж буйгаа мэдээллээ. Уг нь төлөвлөгөө ёсоор өнгөрсөн жилийн хавраас барилгын ажил эхлүүлж, ирэх намар ашиглалтад оруулах ёстой байжээ. “Ирэх намар буюу заасан хугацаанд ашиглалтад оруулахгүй бололтой. Тэгэхээр багш, сурагчид дахиад л “тэнэж” өөр сургуулийн хаяа бараадах нь” гэж тус сургуулийнхан ярив. Захирал асан Р.Өлзийбаяр “Манай сургуулийн хичээлийн нэгдүгээр байр нурах аюултай болсон тул 2013 оноос хойш зохих газруудад уламжлан, шийдвэр, дүгнэлтүүд гаргуулсан. Манай багш, сурагчид хүнд нөхцөлд гурван ээлжээр хичээллэж байгааг дээд газрынхан анхаараасай. Хөрөнгө оруулалт хариуцсан БСШУСЯ нэр бүхий ямбатнууд үүргээ гүйцэтгэж чадахгүй бол ажлаа өгвөл яасан юм бэ” гэв.

Бэлтгэсэн: Ч.Зул


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)