18 ДАХЬ УДААГИЙН ВОЛЕЙБОЛЫН ДЭЭД ЛИГ ҮЗЭГЧДИЙН ЦАНГААГ ТАЙЛЖ, СУУДЛААС НЬ ӨНДӨЛЗҮҮЛЛЭЭ

Монголын волейболын холбооноос лигийн тэмцээнийг анх 1995 онд зохион байгуулсан түүхтэй. Энэ жил 18 дахь удаагийн “Үндэсний Дээд Лиг 2019” тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Найман жил завсарласан лиг энэ жил сэргэсэн нь спорт сонирхогчдыг ихэд баярлуулав. Энэ жилийн үндэсний лигийн тэмцээнийг “Эрдэнэт үйлдвэр” ивээн тэтгэсэн юм. Лигт эрэгтэйчүүдийн долоон, эмэгтэйчүүдийн зургаан баг гал гарсан тоглолтуудаар өрсөлдөж, аваргуудаа тодруулсан. Хөгжөөн дэмжигчдийн цангааг тайлж, сэтгэлийг нь огшоон, суудлаас нь өндөлзүүлтэл хэдэн өдөр үргэлжилсэн уг тэмцээн онцлох, содон зүйлээр их байлаа. Тэмцээнийг сонирхолтой болгохын тулд Монголын тамирчид багтаа АНУ, Япон, ОХУ-аас легионер тоглогч урьж, хүч тэнцүү өрсөлдсөн нь тун сонирхолтой. Тухайлбал, “Хасу Мега Старс” баг АНУ-аас нэг, “Ховд Алтайн Барс-Хилчин” Японоос хоёр, эмэгтэйчүүдээс “Уурхайчин” баг ОХУ-аас нэг легионер урьж тоглуулав. 

Лигт багууд гурван тойрог өрсөлдөж, 108 тоглолтын дараа медалийн төлөө өрсөлдөх баг тодорсон юм. Монголын волейболын спортын хойч ирээдүй болсон шилдэг залуу тамирчдын ур чадвар гадаадын тоглогчдоос дутахааргүй хэмжээнд хүрсэн нь бахархал төрүүлсэн. Тэдний тоглолтын тэсрэлт, сэтгэл хөдлөлөөс үзэгчид хамгийн гоё агшнуудыг олж харсан биз ээ. Тоглолтын талбайд тамирчдын хор шар, тэсвэр тэвчээр, овсгоо самбаа, баяр хөөр, ялалт, ялагдал аль аль нь өрнөсөн. Өмнөх тоглолтуудаас олон зүйлээр өөр болж, хуучныг халан, шинэ рүү тэмүүлсэн, мөн ихэнх тоглогчийн оролцсон анхны лиг гэдгээрээ мартагдахааргүй тэмцээн болж өндөрлөснийг дурдах нь зүйтэй. Тэр дундаа анх удаа лигийн тоглолтын медальтан, шилдэг шагналын эзэн болсон залуу тамирчид амжилтын гараагаа эл тэмцээнээс эхлүүллээ. Залуу тамирчид нас ойролцоо, өрсөлдөөн нь эн тэнцүү байгаа нь тоглолтоос харагдсан. Тиймээс тамирчид нэгнийхээ тоглолтын арга барил, техникээс суралцсан, туршлага хуримтлуулсан, алдаа дутагдлаа шүүн тунгаасан, амжилтаа хойшид бататгахад дүгнэлт хийсэн болов уу. Волейболын лигт нэг хэсэгтээ л тасарчихсан байсан үзэгчдийг энэ тэмцээн эргүүлэн авчирсан. Спортын төв ордонд хөл тавьж тухлаагүй, ажил ихтэй завгүй гүйсэн нөхдийг ч гэсэн энэ лиг цэнхэр дэлгэцийн өмнө тэвчээртэйгээр уяж чадсан гэдэгт итгэлтэй байна. Ямар ч тэмцээн ялагчтай өндөрлөдөг.

Энэ удаагийн тэмцээнд ширүүн “тулалдсан” эрэгтэйчүүдийн багаас Ж.Түмэн-Аюуш эзэнтэй, ОУХМ Л.Баатархүрээ ахлах дасгалжуулагчтай, спортын мастер А.Даваажаргал ахлагчтай “Хасу Мега Старс”, эмэгтэйчүүдээс Жан Жин Хун эзэнтэй, спортын мастер Л.Отгонцэцэг ахлах дасгалжуулагчтай, спортын мастер С.Булгантамир ахлагчтай “Энагурэ” багийн тамирчид шагналын тавцанд алтан медаль хүртэж, аваргын цом, 15 сая төгрөг гардсан. Шилдэг тоглогчдоор багаа бүрдүүлсэн “Хасу Мега Старс”-ынхантай ана мана үзэлцсэн С.Бямбацогт эзэнтэй, ОУХМ Б.Мөнгөндөл ахлах дасгалжуулагчтай, ОУХМ А.Мөнхбаяр ахлагчтай “Ховд Алтайн Барс-Хилчин” багийнхан мөнгөн медаль, 10 сая төгрөг, “Хос бар RKH” багийг илүүрхэж хожсон Ү.Төмөрхуяг эзэнтэй, спортын мастер Б.Даринчулуун ахлах дасгалжуулагчтай, спортын мастер З.Цэнд-Аюуш ахлагчтай “Эрчим” багийнхан хүрэл медаль зүүж, найман сая төгрөг өвөртөлсөн юм. Харин эмэгтэйчүүдээс “Энагурэ” багийнхантай гурван өдрийн турш бууж өгөлгүй дайчин тоглосон Ж.Наранбаатар эзэнтэй, ОУХМ Р.Хангай ахлах дасгалжуулагчтай, Л.Хосбаяр ахлагчтай “Хобби-Эйс” багийнхан мөнгөн медаль, 10 сая, медалийн төлөө “Дархан Сет” багтай өгөө аваатай тоглосон А.Ганхуяг эзэнтэй, спортын мастер Б.Чинбат ахлах дасгалжуулагчтай, спортын мастер А.Батжаргал ахлагчтай “Тэнүүн-Огоо” багийнхан хүрэл медаль зүүж, найман сая төгрөгөөр шагнуулав.

Тэгвэл “Үндэсний Дээд Лиг-2019” тэмцээнд хамгийн олон тоглолт дэнсэлсэн шүүгчдийн нэг, МВХ-ны улсын шүүгч С.Наранбаяр шилдэг шүүгчээр тодорсон юм. Тэмцээнд багаа аварга болоход үнэтэй хувь нэмэр оруулж, амжилттай удирдсан дасгалжуулагч, ОУХМ Л.Баатархүрээ шилдэг дасгалжуулагч болсон бол “Хасу Мега Старс” багийн ахлагч, спортын мастер А.Даваажаргал энэ оны “Дээд лиг”-ийн үнэ цэнтэй тоглогчоор шалгарав. Харин “Эрчим” багийн ахлагч, спортын мастер З.Цэнд-Аюуш тэмцээнд 307 оноо авсан амжилтаар шилдэг довтлогчийн шагнал хүртлээ. Тэрбээр өмнө нь “Холбооны цом” тэмцээнд гурван удаа шилдэг довтлогчоор шалгарч байв. Тэмцээнд залуу тоглогч нараар багаа бүрдүүлэн оролцож, “Хос Бар RKH” багтайгаа IV байрт шалгарсан ОУХМ Р.Хангай шилдэг холбогч, “Дээд лиг”-ийн мөнгөн медальт, “Ховд Алтайн Барс-Хилчин” багийн чөлөөт хамгаалагч, Япон улсын легионер Такахаши Шо шилдэг хамгаалагчийн шагнал хүртлээ. Тэрбээр энэ жилийн лигт ур чадвараа харуулж, багийнхаа амжилтад чухал үүрэг гүйцэтгэсэн билээ. Дээд лиг”-ийн шинэ аварга “Хасу Мега Старс” багийн шилдэг дундын хаагч, спортын мастер Э.Алтангэрэл хаалтаас 36 оноо авч, лигийн бүх тоглогчийг хувийн болон багийн амжилтаар тэргүүлсэн бол спортын мастер Б.Анхбаяр шилдэг давуулагчаар шалгарав. Тэрбээр давуулалтаас 30 оноо авч шилдгээр тодорсон юм. Эмэгтэйчүүдийн багаас тэмцээнд багаа аварга болоход ихээхэн үүрэг гүйцэтгэсэн, спортын мастер Л.Отгонцэцэг шилдэг дасгалжуулагчаар шалгарч, залуу тамирчдаар багаа бүрдүүлснээр “Энагурэ” ба

гийн найман жилийн өмнө авч байсан аварга цолоо хамгаалсан. Тэрбээр тэмцээний үеэр ХБНГУ-д ажлаар явсан тул шагнал гардуулах ёслолын ажиллагаанд оролцож амжаагүй. Харин түүнийг орлож дасгалжуулагч О.Наранбаатар хичээл зүтгэл гарган багийг нь амжилттай удирдаж, аваргын цом атгуулсан билээ. Сайн дасгалжуулагчийн удирдлагад багаа амжилтад хөтөлж, аваргын цом хүртсэн “Энагурэ” багийн ахлагч, спортын мастер С.Булгантамир үнэ цэнтэй тоглогчоор тодорч, “Дархан Сет” багийн ахлагч, спортын мастер Д.Эрдэнэбулган лигийн турш 341 оноо авсан амжилтаар шилдэг довтлогч, “Дээд лиг”-ийн мөнгөн медальт “Хобби Эйс” багийн ахлагч Л.Хосбаяр шилдэг холбогчийн шагнал хүртэв. Тэрбээр багаа ахлан шилдэг тоглолт үзүүлсэн. Дээд лиг”-ийн аварга “Энагурэ” багийн чөлөөт хамгаалагч, спортын мастер Д.Сосорбурам шилдэг хамгаалагч, мөн тус багийн П.Энххүслэн хаалтаас нийт 37 оноо авсан үзүүлэлтээр бүх тоглогчийг тэргүүлж шилдэг хаагч, “Тэнүүн-Огоо” багийн тоглогч П.Элбэгзаяа шилдэг давуулагчаар тодорсон. Энэ жил 16 нас хүрсэн тэрбээр багийнхаа хамгийн залуу тоглогч нь байлаа. Эмэгтэй 74 тамирчны давуулалтаас 36 оноо авсан үзүүлэлтээр ийн тэргүүлсэн юм.

Тэмцээний үеэр шүүгч, дасгалжуулагч, багийн ахлагчид сэтгэгдлээ хуваалцсан юм.

Х.ЗОЛДЭЛГЭР: СПОРТ СОНИРХОГЧИД ХОНОГШИЖ ҮЛДЭХ ИЙМ ТЭМЦЭЭНИЙГ НАЙМАН ЖИЛ ХҮЛЭЭЛЭЭ

Монголын волейболын холбооны ерөнхий шүүгч Х.Золдэлгэр “Энэ жилийн волейболын лигийн тэмцээн онцлог ихтэй, сонирхолтой үйл явдлаар дүүрэн өндөрлөлөө. Ази, Европоос ур чадвартай, туршлагатай легионерууд ирж, тоглосон нь тэмцээнийг улам сонирхолтой болгов. Монголын волейболын холбоо лигийн тэмцээнээ “Холбооны цом”, “Хаврын тэргүүн”, “Намрын тэргүүн” гэдэг байснаа өөрчилж, клубийн систем рүү оруулсан. Аваргын төлөө өрсөлдсөн “Хасу Мега Старс”, “Ховд Алтайн Барс-Хилчин” багийн гал гарсан тоглолт үзэгчдийг суудлаас нь өндөлзүүлсэн. Спорт сонирхогчид мартагдахааргүй, хоногшиж үлдэх ийм л тэмцээнийг найман жил хүлээлээ. Монголд гадаад тоглогчдоос дутахааргүй тамирчид бий. Өндрөөс довтолдог Европ хэв маягийн тоглолт Монгол тамирчдын тоглолтод нэвтэрсэн нь тоглолтоос харагдаж байна. Орон нутгаас Булган аймгийн “Булган” баг анх удаа өрсөлдлөө. Олимпын аварга, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр тус багийн эзэн нь. Шинэ баг оролцож тоглосон нь тун сонирхолтой байв.

Өмнө нь волейболын тэмцээнд хурдтай тоглолт голлодог байсан бол хөгжлөө дагаад өндрийн болоод араас довтлох довтолгоотой тоглох болсон. Найман жилийн дараа лигийн тэмцээн болж байгаа тул оролцсон багууд ач холбогдол өгсөн байна. Тэр ч хэрээрээ эн тэнцүү өрсөлдлөө. Дасгалжуулагчид багийнхаа тамирчдыг тэмцээнд хэрхэн бэлтгэж, бэлтгэл сургуулилалт хийлгэсэн нь тоглолтоос харагдсан. Тухайлбал, “Ховд Алтайн Барс-Хилчин” багийнхан нэг, хоёрдугаар тойргийн тоглолтод гойд сайн байгаагүй ч сүүлчийн тойргийн тоглолтод өрсөлдсөн багуудаа хожсоноор аваргын төлөө тоглох эрхтэй болсон. Өрсөлдөгч багийнхаа тоглолтын арга барилыг харж, тактик боловсруулж тоглох нь сайн байдаг. Тийм тоглолтыг тус багийн тамирчид харууллаа. 2011 оноос хойш завсарласан үндэсний лигийн аварга шалгаруулах тэмцээнийг энэ жил сэргээн, зохион байгуулахад хамгийн идэвхтэй оролцсон “Эрдэнэт“ үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн болоод тус үйлдвэрийн хамт олонд баярлаж талархсанаа илэрхийлье” хэмээв.

А.ДАВААЖАРГАЛ: АВАРГЫН ЦОМ ГАРДАХ АМАР БАЙСАНГҮЙ

“Хасу Мега Старс” багийн ахлагч А.Даваажаргал “Медалийн төлөөх тоглолтод хүчтэй багийг ялж, аваргын цом гардаж байгаадаа баяртай байна. Би 2009 оноос өнөөг хүртэл багийнхантайгаа тоглож байна. Энэ удаагийн тэмцээнд багаараа анх удаа оролцлоо. Бид эхлээд өрсөлдөгчдөө хожигдсон нь дараагийн тоглолтод хожих эхлэл байв. Аваргын төлөөх тоглолтод хожихын тулд их хичээсэн. Хичээл зүтгэл минь биднийг амжилт руу хөтөллөө. Өрсөлдөгч багт Японоос хоёр легионер ирж тоглосон нь тоглолтыг өрсөлдөөнтэй болгосон. Тоглолтын талбайд өрсөлдөгчөө яаж буулгаж авах вэ гэж толгойгоо чамгүй ажиллууллаа. Японы тамирчдын тоглолтын техникийг судалж, тактик боловсруулж хожсон. Манай баг АНУ-аас легионер урьсан. Туршлагатай тамирчны хувьд ямар тоглогч вэ гэдгээ Монголын үзэгчдэд харуулсан гэж бодож байна. Ахлагчийн хувьд багийнхандаа сэтгэл зүйн бэлтгэл сайтай, сахилга баттай байхыг шаардсан. Ингэсний ач тус тоглолтоос ч харагдлаа. Үндэсний лигийн тэмцээнд анх удаа оролцож, аваргын цом гардах амар байсангүй. Багаараа нэг зорилго тэмүүлэлтэй байж чадсан маань амжилт гаргахад их нөлөөлсөн” гэсэн юм.

Л.БААТАРХҮРЭЭ: ГАЛ ГАРСАН ТОГЛОЛТООРОО ҮЗЭГЧДИЙН СЭТГЭЛИЙГ ДОГДЛУУЛЛАА

-“Хасу Мега Старс” багийн дасгалжуулагч, ОУХМ Л.Баатархүрээ “Шагналын тавцанд аваргын цом гардсан багийнхаа тамирчдаар бахархаж байна. Гал гарсан тоглолтоороо хөгжөөн дэмжигчдийн сэтгэлийг догдлуулж, нүдийг нь баясгалаа. Бидний урилгаар ирж тоглосон легионер тамирчдад баярласнаа уламжилъя. “Ховд Алтайн Барс-Хилчин” баг хүчирхэг тамирчидтай. Манай багийн тоглогчидтой дөрвөн өдрийн турш ширүүн өрсөлдлөө. Би багийнхаа тамирчдыг 2014 оноос эхэлж дасгалжуулсан. Манай баг Монголд болсон бүх тэмцээнд түрүүг нь авсан болохоор олны итгэлийг алдахгүйг их хичээлээ. Тиймээс нэг зорилготой, сахилга баттай байхыг эрхэмлэсэн. Багаараа үндэсний лигийн тэмцээнд түрүүлнэ гэж боддог байсан хүсэл мөрөөдлөө ч биелүүлэв. Бид шинэ оны дараа уламжлал болсон “Хасу кап” тэмцээнээ зохион байгуулахаар төлөвлөж байна” гэв.

Б.АНХБАЯР: БИД ДАРААГИЙН ТЭМЦЭЭНД ДААГАА НЭХНЭ

багийн тамирчин, спортын мастер Б.Анхбаяр “Үндэсний лигт багаараа анх удаа оролцлоо. Аваргын төлөөх тоглолтод хүчтэй учраатай таарч, дөрвөн өдөр эн тэнцүү үзэлцсэн. Үзэгчид хоёр багийн аль нь хожих бол гэж их хүлээсэн. Миний хувьд багийнхаа тамирчидтай таван жил тоглож байна. Өглөө бүр өрсөлдөгч багийнхаа тоглогчдод тактик боловсруулж байв. Тоглолтын өмнөх өдөр тоглолтыг нь нэг бүрчлэн үзэн судалж, өөрсдийнхөө алдаа дээр ажилласан. Багт маань Японоос хоёр легионер ирж тоглосон. Эх орондоо II лигт тоглодог өндөр зэрэглэлийн тамирчид. Манай багийнхан Японд очиж легионер тамирчдын тоглолтыг үзэж байгаад сонгосон юм. Японы тамирчид нэг зүйлийг мянган удаа давтаж өөрийн болгодог. Аливаа зүйлд хичээл зүтгэлтэй ханддаг зангаа энэ тоглолтод харуулсан гэж бодож байна. Тоглолтын техникээр манай тамирчдаас өндөр үзүүлэлттэй байсныг үзэгчид ч гэсэн анзаарсан болов уу. Шинэ оны дараа өрсөлдөгч багийн “Хасу кап” нэрэмжит тэмцээн болно. Бид тэр тэмцээнд даагаа нэхнэ” хэмээн өгүүлсэн.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)