16 нэрийн барааны үнэ 50 хувиар өсжээ

Үндэсний статистикийн хорооныхон коронавирус эдийн засагт хэрхэн нөлөөлж буйг дагнан судалснаа танилцуулав. Улсын хэмжээнд энэ оны эхний найман сард аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 18.4, уул уурхайн олборлолт 25.5, экспорт 16.9, импорт 15.6 хувиар буурчээ. Үүнд хилийн боомтуудыг хааж, хорио цээрийн дэглэм хэсэглэн тогтоосон нь нөлөөлсөн гэнэ. Мөн өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх жилийн мөн үеийнхээс 2.1 хувиар нэмэгджээ. Тухайлбал, “Алтан тариа”-н савласан болон кг-ын гурил, “Сүү” ХК-ийн бүтээгдэхүүнүүд, “Атар”, “Зууван чех”, хөх тарианы хар талх, цагаан будаа, хонь, үхрийн цул мах, сонгино, алим, хувцас, бөс бараа, гутлын үнэ өсөв. Судлаачид энэ сарын эхний гурван долоо хоногт Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн хүнсний зах, худалдааны 13 төвийн 32 төрлийн хүнсний бараа, бүтээгдэхүүний үнийг харьцуулан судалжээ. 16 нэрийн барааны үнэ өмнөх сарынхаас 50 хувиар нэмэгдсэнийг уг судалгаагаар тогтоосон аж. Харин хонь, ямааны ястай мах, лууван, байцай, ургамлын тосны үнэ буурсан гэнэ. Эдгээр үзүүлэлттэй холбоотойгоор инфляцын түвшин улсын хэмжээнд 6.8 пунктээр буурч, улс орон, иргэдийн эдийн засгийн идэвх суларсныг мэргэжлийнхэн онцлов.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)