15 гараашийг буулгаж, өрхийн эмнэлэг барина


Чингэлтэй дүүргийн II хорооны нутаг дэвсгэр, 24 дүгээр сургуулийн баруун талд байрласан тоосгон 15 гараашийг өчигдөр нурааж эхэллээ. Нийслэлийн Засаг даргын А/423, Чингэлтэй дүүргийн Засаг даргын А/186 тоот захирамжийн дагуу уг ажлыг гүйцэтгэж буй юм. Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албаны хороо хариуцсан мэргэжилтэн Ю.Одгэрэл “Энэхүү 15 гараашийг зөвшөөрөлгүй газарт барьсан. Хэрэв зөвшөөрөлтэй бол эзэдтэй нь гэрээ байгуулж нөхөн олговор өгнө. Газрын тухай хуулийн 57.3-т заасны дагуу эдгээр гараашийн эзэнд өнгөрсөн сарын эхнээс газар чөлөөлөх мэдэгдэл хүргүүлсэн. Гараашийн эзэд бидэнтэй уулзаж, хорооны иргэдэд үйлчлэх жишиг өрхийн эмнэлэг барих учир нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, нураахыг зөвшөөрсөн. Эсэргүүцсэн иргэн байхгүй” гэв. Чингэлтэй дүүргийн хэмжээнд энэ онд 30 гаруй байршил дахь зөвшөөрөлгүй гарааш, барилга, хашааг нурааж, газар чөлөөлөх аж.

Тус дүүргийн I, II, III хороонд 15 мянга орчим иргэн оршин суудаг гэнэ. II хорооны Засаг даргын үүрэг гүйцэтгэгч О.Буянтогтох “Манай хороо 3606 хүн амтай, 983 өрхтэй. I, II, III хорооныхон I хорооны харьяа өрхийн эрүүл мэндийн төвөөс тусламж, үйлчилгээ авдаг. Жишиг өрхийн эмнэлэг барьснаар төрийн үйлчилгээ иргэдэд ойртож, тусламж, үйлчилгээ хялбар авах боломж бүрдэнэ” гэв.

2020 онд долоон дүүргийн хэмжээнд 150 байршилд 420 объектыг буулган, газрыг нь чөлөөлөх төлөвлөгөөтэй аж. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар ашиглалт, бүртгэлийн хэлтсийн дарга Д.Бат-Өлзий “Зөвшөөрөлгүй объектын эздэд мэдэгдэл хүргүүллээ. Зарим иргэн объектоо өөр хүнд худалдсан тохиолдол гарсан. Гэхдээ иргэд бидэнтэй зөвшилцсөн. Өрхийн эмнэлэг барих ажил газар чөлөөсний маргаашаас эхэлнэ” гэв. Нийслэлийн хэмжээнд зөвшөөрөлгүй газарт барьсан ТҮЦ, гэр 103, хашаа, хайс 119, өргөтгөл 93, гарааш, чингэлэг 105 бий гэнэ.

Бэлтгэсэн: Б.Нандин


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)