15 аймгийн 20 сумын эмнэлэг автомашинтай боллоо

Монгол орны нийт нутгийн 90 гаруй хувь нь цасан бүрхүүлтэй, ихэнх нутгаар өдөртөө 20-22 градус хүйтэн, шөнөдөө 30-39, уулс болон голуудын хөндийгөөр 40-49, Хангайн нурууны зарим уулархаг газраар 50-52 градус хүрч хүйтэрч байгаа. Тиймээс ОБЕГ өнөө жилийн өвлийг хүндрэл багатай даван туулах зорилт тавьсан. Энэ хүрээнд алслагдсан сумдын малчдад эмнэлгийн тусламж, үйлчилгээг шуурхай, цаг алдалгүй хүргэхээр 15 аймгийн 20 сумын эрүүл мэндийн төвд өнөөдөр  туулах чадвар сайтай, түргэн туламжийн “УАЗ-469” автомашин гардуулав. Архангай аймгийн Цахир, Эрдэнэмандал, Баян-Өлгийн Ногооннуур, Баянхонгорын Өлзийт, Говь-Алтайн Дарви, Халиун, Дорнодын Булган, Дундговь аймгийн Өндөршил,  Завханы Асгат, Баянтэс, Сүхбаатарын Дарьганга, Увс аймгийн Малчин, Давст зэрэг алслагдсан суманд автомашин өгсөн юм. Цас, зудтай энэ хүнд үед сумдын эрүүл мэндийн төвүүдийн түргэн тусламжийн машин эвдэрхий, заримд нь огт байхгүй байжээ. Дашрамд дурдахад, 2015 онд ЭМС-ын сайдын багцаас Улаанбаатар хотын эрүүл мэндийн есөн байгууллага, 18 аймагт түргэн тусламжийн нийт 47 автомашин олгохоор тендер зарлаж, гэрээ байгуулан, 17 автомашиныг орон нутагт нийлүүлсэн юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)