“135 улсын оффшор бүстэй мэдээлэл солилцох боломж бүрдсэн”

УИХ-ын чуулганы өнгөрсөн баасан гаргийн нэгдсэн хуралдаанаар Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт тавьж, санал хэлэх хүн гараагүй тул тогтоолын төслийг батлахыг гишүүдийн олонх дэмжив. Түүнчлэн Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Нягтлан бодох бүртгэлийн, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Энэ үеэр гишүүд далд эдийн засгийг бууруулахын тулд Сангийн яамнаас авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодруулж, ФАТФ-ын зөвлөмжийг хэрхэн биелүүлснийг лавлав.

Гишүүдийн асуултад Сангийн дэд сайд Х.Булгантуяа “2010 оноос хойш нийт эдийн засгийн 9.2-15.7 хувь нь далд хэлбэрт байв. Нэмэгдсэн өртгийн татварын шинэчилсэн хууль далд эдийн засгийг багасгахад үр дүн өгсөн. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн татварын тайланг хялбаршуулсан хэлбэрээр авч эхэллээ. Мөн Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулснаар 135 улсын оффшор бүстэй мэдээлэл солилцох боломж бүрдээд байна” гэв.

Ингээд Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй томьёоллоор санал хураахад гишүүдийн 55.6 хувь нь дэмжлээ. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Нягтлан бодох бүртгэлийн болон Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг бүхэлд нь батлав. Харин Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй тул төсөл санаачлагчид нь буцаалаа.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)