1200 кг дэрвэгэр жиргэрүү хураан авлаа

Дорнод аймгийн иргэн П их хэмжээний дэрвэгэр жиргэрүү хууль бусаар хадгалж байсныг цагдаагийн байгууллагынхан уржигдар илрүүлэв. Тэрбээр гэртээ 1200 кг буюу 83 шуудай дэрвэгэр жиргэрүү хатаан хадгалжээ. Энэ хэмжээний ургамлын нөхөн төлбөр нь 300 гаруй сая төгрөг болохыг мэргэжлийн судлаач хэлсэн. Мөн өдөр тухайн аймагт үүнтэй адил хэрэг бүртгэгдсэн юм. Тодруулбал, иргэн Г хашаандаа 26 шуудай буюу 280 кг орчим дэрвэгэр жиргэрүү ургамлыг мөн л хадгалж байж. Дээрх хоёр хэргийг Дорнод аймгийн Цагдаагийн газрынхан шалгаж эхлэв. Өмнө нь ч Дорнод аймагт энэ төрлийн хэрэг хэдэнтээ гарч байсан. Жишээ нь, өнгөрсөн жил тус аймгийн Хэрлэн сумын I багт оршин суух иргэн хашаандаа 1259 кг нэн ховордсон дээрх ургамлыг хадгалаад баригдсан юм. Уг ургамлыг түүж бэлтгэхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны А/43 тоот тушаалаар таван жил хориглосон. Энэхүү нэн ховор ургамлыг түүж бэлтгэх хориотойг цагдаагийн байгууллагаас анхааруулсаар байгаа ч иргэд ийн хууль бусаар хадгалсан хэвээр.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)