12 эрдэмтэн тус бүрт 4 сая төгрөг гардана

Монголын залуу эрдэмтэн судлаачдын эрдэм шинжилгээний бага хурал "Хүрэлтогоот 2014"   маргааш нийгэм-хүмүүнлэгийн салбарын хурлаар эхэлнэ.

 Тус хурлыг Монголын Залуу эрдэмтдийн холбооноос санаачлан БШУЯ, ШУА, Шинжлэх ухаан технологийн сан болон их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. Эрдэм шинжилгээний хурал нь залуу эрдэмтэн судлаачдад судалгааны ажлаа өргөжүүлэн хөгжүүлэх боломжийг бүрдүүлэх, шинэ үеийн эрдэмтдийг бэлтгэж тэдгээрийг дэмжих, тухайн салбарын судлаачид эрдмийн ажлын үр дүнгийн мэдээллээ харилцан солилцох, танилцах, улмаар цаашид хамтран ажиллах боломжийг бүрдүүлэх, шинжлэх ухааныг төр, хувийн хэвшил болон олон нийтэд сурталчлан таниулах зорилготой.

Энэ удаагийн эрдэм шинжилгээний бага хурлыг дараах чиглэлээр хуваарийн дагуу зохион байгуулна.

  • Нийгэм-Хүмүүнлэг -2014 оны 10 сарын 17
  • Геологи, газар зүй - 2014 оны 10 сарын 18
  • Байгалийн ухаан - 2014 оны 10 сарын 24
  • Техник технологи-2014 оны 10 сарын 25
  • Биологи, Хөдөө аж ахуй-2014 оны 10 сарын 31
  • Анагаах ухаан-2014 оны 11 сарын 1-нд тус тус болно.

Жил бүр 500 гаруй судлаач, эрдэм шинжилгээний ажилтан хуран чуулдаг энэхүү залуу эрдэмтэн судлаачдын эрдэм шинжилгээний бага хуралд шинжлэх ухааны салбарт эрдэм оюунаа зориулж буй олон ахмад эрдэмтэн, багш нар болон холбогдох яамдуудын төлөөлөл оролцох юм. Тус хуралд салбар холбоо тус бүрээс эхний шатанд шалгарсан нийт 100 гаруй илтгэлийг хэлэлцүүлж шилдэг 12 залуу судлаач тус бүрт БШУ-ны сайдын нэрэмжит 4 сая төгрөгийн судалгааны грантыг хурлын шүүгчдийн шийдвэрийг үндэслэн олгодог юм. Залуу судлаачид тус грантыг цаашид судалгаагаа хөгжүүлэх, онол, туршилт, үйлвэрлэлийн үр дүнгээ бататгах, өөрийн судалгааны чиглэлээр олон улсын хурал, семинарт оролцон туршлага судлах зэрэгт зориулан ашиглах боломжтой аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)