“12 МЯНГАН АЛБАН ХААГЧИЙГ ХАЛАХ БОЛОМЖТОЙ”

  УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан баасан гаригт болж, Номын сангийн тухай хуулийн эцсийн, “Төрөөс боловсролын талаар баримтлах бодлогыг шинэчлэн батлах тухай” тогтоолын төслийн анхны хэлэлц үүлгийг хийн Ерөнхий сайдын мэдээллийг сонслоо. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны Ажлын хэсэг уг хуулийн төслийн анхны хэлэлц үүлгийн үеэр гишүүдээс гаргасан санал, төслийн зарим заалтыг гүйцээн боловсруулжээ. Энэ асуудалд байнгын хорооноос зарчмын зөрүүтэй хоёр санал гаргасныг гишүүдийн олонх дэмжив. Эцэст нь санал хураахад гишүүдийн 82.1 хувь нь дэмжиж, Номын сангийн тухай хуулийг баталлаа. Мөн уг хуулийн төслийг дагалдуулан өргөн барьсан Соёлын тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг гишүүдийн 71.4 хувь дэмжсэн юм. Түүнчлэн Засгийн газраас өргөн барьсан “Төрөөс боловсролын талаар баримтлах бодлогыг шинэчлэн батлах тухай” тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Энэ талаарх Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн А.Бакей танилцуулсны дараа гишүүд асуулт тавилаа. “Зургаан настай хүүхдээ сургуульд сургах нь малчдад хүндрэлтэй байгаа. Хүүхдээ сургахын тулд нэг өрх хоёр хуваагдан амьдарч буй нь хөдөөд нийгмийн үзэгдэл болсон. Үүнийг шийдвэрлэх арга замыг энэ бодлогод хэрхэн тусгасан бэ” гэсэн Ч.Хүрэлбаатар гишүүний асуултад А.Бакей “Хүүхдийг үе тэнгийнхнээсээ боловсролоор хоцроохгүй байх бодлого баримталж байгаа. Тэгэхээр малчны хүүхэд танхимд суухаас өөр хэлбэрээр боловсрол олгох нөхцөлийг бүрдүүлнэ” гэж хариулав. “Яаж” хэмээн тодруулсан асуултад тус байнгын хорооны Ажлын хэсгийн гишүүн С.Одонтуяа “Багш гэрт нь очиж хичээл заах байдлаар шийдвэрлэж болно гэж тусгасан” гэсэн юм. УИХ-ын дарга “Багшийн ажлын хөлсийг хэн хариуцах вэ? Улс хариуцаж таарна.  Нухацтай хэлэлцэх заалт байна” хэмээн хэлэлцүүлгийг дараа үргэлжлүүлэхээр болж, хурлыг завсарлуулсан юм.

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн мэдээллийг сонсов. Байгуулагдаад ес хонож буй Засгийн газрын тэргүүн Уильям Шекспирийн “Орших уу, эс орших уу” хэмээх үгийг мэдээллийнхээ эхэнд эшлэв. Өнөөдрийн Монгол Улсын эдийн засгийн нөхцөл агуулгатай нь дүйж байгаа учраас дээрх эшлэлийг сонгон хэлжээ. Тиймээс ч түүний мэдээллийн агуулга оршиж үлдэхийн тухай байсан юм. Ч.Сайханбилэг “Төлбөрийн тэнцлийн алдагдлаас үүдэлтэй санхүүгийн хямрал нүүрлэчихээд байна. Үүнийг эдийн засгийн хямрал болгохгүй байх нь манай Засгийн газрын гол зорилго” гэсэн юм. Уул уурхайн болон хөдөө аж ахуйн салбар 16 орчим хувиар өсөж, эдийн засаг долоон хувийн өсөлттэй байгаа ч барилга, худалдааны салбар 5-10 хувиар буураад байна гэж тэрбээр онцоллоо. Төлбөрийн тэнцлийн алдагдал энэ онд 880 сая ам.доллар, Засгийн газрын өр 11.5 их наяд төгрөгт хүрчээ. Мөнгөний нийлүүлэлт өнгөрсөн жил 30 хувиар өссөн бол энэ жил ес болж буурсан байна. Гадаадын шууд хөрөнгө оруулалт 2011 онд 4.6 тэрбум ам.долларт хүрсэн удаатай. Тэгвэл гурван жил дараалан буурсаар энэ онд 600 сая “ногоон”-оор хэмжигдэх болжээ.

Ерөнхий сайд хямрал доод цэгт хүртэл гүнзгийрчихээгүй байна. Цаг алдалгүй арга хэмжээ авбал зогсоох боломжтой гэж үзэж байна гэлээ. Тэрбээр 2015 оны төсвийн тодотголыг хийхдээ та бүхний шаардлагыг хангуулна гэж УИХ-ын гишүүдэд амлав. Ингэхийн тулд орлогыг маш бодитойгоор төлөвлөсөн, зардлыг нэг их наяд төгрөгөөр танасан төсвийн тодотгол өргөн барина гэлээ. Зардлыг танахдаа хөрөнгө оруулалт, нийгмийн халамж, элдэв урамшуулал, татаасыг бууруулах аж. Тухайлбал, төсвийн хөрөнг өөр нэг ч барилга барихгүй, сурлага сайтай оюутанд тэтгэмж олгох, өндөр орлоготой айлын хүүхдүүдэд 20 мянган төгрөгийн халамж өгөхгүй байх, төрийн албан хаагч тэтгэвэрт гаргахдаа 36 сарын цалинтай дүйх тэтгэмж авдаг байсныг 12 сар болгож хугацааг богиносгох гэнэ. УИХ-ын гишүүд түүнээс эдийн засгийг сэргээх ажлаа юунаас эхлэх гэж байгааг лавласан. Тэрбээр “Төсвийн тодотголоос эхэлнэ” гэж хариулж байв. Төрийн албан хаагчдыг ажлаас халах тухай УИХ-ын дарга З.Энхболд хөндс өн. Ерөнхий сайд “Төрийн 12 мянган албан хаагчийг ажлаас халах боломжтой. Гэхдээ төрийн албан хаагчдыг олноор ажлаас халах хортой, ажилд нь үлдээгээд цалинг нь нэмэхг үй байх нь зүйтэй гэж эдийн засагчид зөвлөсөн, үүнийг бодолцоно” гэв. Харин яам, тамгын газрын ажилтнуудын 15 хувийг ажлаас нь чөлөөлөх юм байна. Ингэснээр нийт 200 орчим хүн ажилгүйчүүдийн эгнээнд шилжих аж. “Долларын ханш одоогийнхоосоо хэдэн зуун төгрөгөөр нэмэгдэж, монгол төгрөг яаж үнэгүйдэхийг харах хүсэл мэдээж хэнд ч байхгүй байгаа. Энэ хэдэн банкны хэд нь ч дампуурч, хэчнээн мянган хүн ажлын байраа алдахыг хэн ч одоо хэлж чадахгүй. Энд бие биенээ айлгах ямар ч бодол алга. Зүгээр л төсөв, мөнгөний энэ бодлого цаашид хэвээр үргэлжилбэл ийм нөхцөл биднээс шалтгаалахгүйгээр бий болно гэдгийг гол нь хэлэх гээд байна” гэсэн нь түүний мэдээллийн зангилаа байв. Гадаадын шууд хөрөнгө оруулалт буурсан нь өнөөгийн Монгол Улсыг төлбөрийн тэнцлийн хямралд унагаж буй. Төлбөрийн тэнцлийн хямрал нь эдийн засгийн хүндрэлийг бий болгож байгаа билээ. Ч.Сайханбилэг цааш нь “Холоос жишээ хайгаад хэрэггүй. Хойд хөрш маань манайхаас шалтгаан нь арай өөр ч яг бидэнтэй адилхан хөрөнгө оруулагчид орж ирэх боломжгүй болсон, валютын хомсдолд орсон, үндэсний мөнгөн тэмдэгт нь үүнээс болж үнэгүйдсэн, мөн экспортын гол бүтээгдэхүүн нефтийн үнэ огцом унасан гээд бидний танил аялгуу сонсогдсоор байна. Өнөөдөр гаднын бүх хэвлэл Оросын эдийн засаг хямралын ангал дээр ирснийг дуу дуугаа авалцан шуугиж эхэллээ.

Эдийн засаг нь хэчнээн том ч зөвхөн түүхий эдээс хамааралтай зах зээл хэрхэн хурдан хямрах боломжтойг бидэнд сануулсаар, том дохио өгсөөр байна” гэж үргэлжлүүлэв. Төсвийг танах нь хямралтай тэмцэх зөвхөн нэг л ажил. Ам.долларын орох урсгалыг сайжруулах, бодит секторыг дэмжих, хөрөнгө оруулагчдыг татах гээд олон ажил хийх шаардлага бий. УИХ-ын 10 гаруй гишүүн түүнд санал хэлж, асуулт тавьсан. Тэдгээрээс Л.Энх-Амгалан гишүүн УИХ-ын 34 дүгээр тогтоолыг хэрэгж үүлэхийг сануулсан нь хамгийн ажил хэрэгч санал байлаа. Тус тогтоолд эдийн засгийг идэвхжүүлэх 26 арга хэмжээг тусгасан юм.

Т.ЭНХБАТ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)