112 адууг хулгайлан, нядалж зарсан бүлэг этгээдийг баривчилжээ

Олон тооны адууг хулгайлан нядалж байсан 14 иргэнийг цагдаагийн алба хаагчид олж тогтоон мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгааг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү мэдээллээ.

Тодруулбал, тус аймгийн Алтанбулаг, Аргалант, Баянцогт, Нийслэлийн  Сонгинохайрхан дүүргийн 32-р хороо “партизан”, Хан-Уул дүүргийн “Чингэсийн хүрээ”, “Жаргалантын ам” гэх газруудаас 2019 оны 10 дугаар сараас 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 10 удаагийн үйлдлээр бусдын 112 тооны адууг бэлчээрээс нь тууж хулгайлгайлжээ. Хулгайн малаа Сонгинохайрхан дүүргийн нутагт нядалж, зарж борлуулдаг бүлэг этгээдүүдийг Төв аймаг дахь Цагдаагийн газар, Эрүүгийн цагдаагийн албаны Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагч нар хамтран илрүүлж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа юм байна.

Дээрх гэмт хэргийг үйлдсэн этгээдүүд өмнө нь мал хулгайлах гэмт хэрэг үйлдэн ял шийтгүүлж байсан бөгөөд дээрх төрлийн гэмт хэрэг үйлдэхдээ бүлэг зохион байгуулалтанд орж, одоо тогтоогдсон байдлаар 10 удаагийн үйлдлээр нийт 112 тооны адууг хулгайлж бусдад 650 сая төгрөгийн хохирол учруулсныг тогтоожээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)