11 Элчин сайдыг томилуулах саналаа Ерөнхийлөгчид уламжилна

Засгийн газрын ээлжит хуралдаанд өчигдөр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 11 улсад суух Элчин сайдаар томилуулах хүмүүсийн талаар танилцуулсан байна. Тэднийг дэвшүүлэхийг дэмжиж, Ерөнхийлөгчид уламжлахаар болжээ. Тодруулбал,

  1. Бүгд Найрамдах Болгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Батсайханыг эгүүлэн татаж, Ц.Цэнгэлийг томилох,
  2. Бүгд Найрамдах Чех Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Наранбатыг эгүүлэн татаж, Д.Гансүхийг томилох,
  3. Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Баттөрийг эгүүлэн татаж, Б.Болормааг томилох,
  4. Унгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд З.Батбаярыг эгүүлэн татаж, Б.Мандахбилэгийг томилох,
  5. Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Цоггэрэлийг эгүүлэн татаж, М.Ганболдыг томилох,
  6. Бүгд Найрамдах Итали Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Жамбалдоржийг эгүүлэн татаж, Б.Батцэцэгийг томилох,
  7. Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Ганболдыг эгүүлэн татаж, Ч.Бүрэнбаярыг томилох,
  8. Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ц.Өнөрзаяаг томилох,
  9. Бүгд Найрамдах Киргиз Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ч.Баттөмөрийг томилох,
  10. Бүгд Найрамдах Беларусь Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Б.Баярсайханыг томилох,
  11. Арабын Нэгдсэн Эмират Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Д.Ганболдыг томилох санал дэвшүүлсэн байна.

Төрийн тэргүүн тэдний нэрийг УИХ-д уламжлах, эсэх нь түүний бүрэн эрх. Учир нь Ерөнхийлөгч Х.Баттулга өмнө нь Засгийн газраас өргөн барьсан, Элчин сайд нарыг томилохтой холбоотой саналаас заримыг нь УИХ-д өргөн мэдүүлэлгүй,

үлдээж байсан удаатай. Тухайлбал, Австрали дахь Элчин сайдын бүрэн эрхийн хугацаа хэдийн дуусаад буй бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн хүү, Гадаад харилцааны яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Н.Анхбаярыг тэнд томилох саналаа Засгийн газраас уламжилсан. Гэвч Ерөнхийлөгч түүнтэй хамт танилцуулсан хүмүүсийг УИХ-д өргөн мэдүүлж, заримыг нь томилчихоод буй. Мөн Австрали улсад суугаа Элчин сайд Б.Чулуунхүү УИХ-ын зарим гишүүний хамт казино тоглосон, эсэх маргаантай асуудал үүсээд байгаа. Үүнтэй холбоотойгоор сайд Д.Цогтбаатар “Н.Анхбаярыг Австралид Элчин сайдаар томилуулахаар Ерөнхийлөгчид нэрийг нь өргөн барьсан. Засгийн газар саналаа буцааж татаагүй. Элчин сайд Б.Чулуунхүүг эгүүлэн татах хугацаа нь болсон. Хэрэв казино тоглосон байвал эгүүлэн татах саналыг бид даруй эрх бүхий байгууллагад нь танилцуулна. УИХ-аас тус улсад ажилласан төлөөлөгчдийг дагалдан явж байсан бол түүнийгээ нотлох шаардлага тавьж байгаа. Түүнтэй хамт байсан гишүүдтэй ярьсан. Элчин сайд тоглоогүй юм билээ. Гэхдээ гишүүд тоглосон, эсэхийг бас мэдэхгүй. Элчин сайд казинотой танилцах гэж орсноо хэлж байгаа” гэх тайлбар өгсөн юм.

Юутай ч А.Баттөрийг эс тооцвол эгүүлэн татагдаж буй Элчин сайд нарын бүрэн эрхийн хугацаа нь дуусаж байгаа гэхэд болно. Элчин сайд А.Баттөрийг 2017 онд буюу зөвлөхөөрөө ажиллуулж байхдаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж томилсон. Харин түүнийг эрх мэдэл, албан тушаалаа хэтрүүлэн мөнгө угаасан байж болзошгүй хэрэгт шалгаж буй бөгөөд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс явуулж буй хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд цагдан хориод 10 хонож байна. Харин Ц.Цэнгэл нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад шинэ он гарахаас урьтаж чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн юм. Өмнө нь Булган аймгаас УИХ-д сонгогдож байсан түүнийг сонгуулийн жил гарахаас өмнө албан тушаалаасаа чөлөөлөгдөхөд 2020 оны сонгуульд хүч үзэх нь хэмээн таамаглах хүн цөөнгүй байв.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 11 нэр дэвшигчийг яам, салбартаа ажиллаж байсан, арвин туршлагатай болохыг нь онцолж буй. Тухайлбал, Д.Гансүх нь өдгөө Гадаад харилцааны яамны Америк, Ойрхи дорнод, Африкийн газрын захирлаар ажиллаж буй бөгөөд 1992 оноос тус яам, дипломатын салбарт тасралтгүй алба хашсан байна. Ингэхдээ Канад болон АНУ дахь Элчин сайдын яаманд элчин зөвлөхөөр томилогдож байжээ. Б.Мандахбилэг ч гадаад харилцаа, дипломатын салбарт олон жил ажилласан туршлагатай аж. Тэрбээр Гадаад харилцааны яаманд хэд хэдэн газрын захирлаар ажилласны зэрэгцээ Герман дахь Элчин сайдын яаманд томилогдож байжээ. Мөн Ерөнхийлөгч Н.Энхбаярын хуулийн бодлогын зөвлөхөөр ажилласан нэгэн. Үүнээс гадна М.Ганболд нь БНАСАУ-д одоогийн Элчин сайд С.Цоггэрэлээс өмнө тус улсад Элчин сайдын алба хашиж байсан юм. Түүнчлэн 2006-2008 онд Цагдаагийн ерөнхий газрын даргаар ажилласан, хошууч генерал цолтой. Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэгийг Итали руу илгээх нь. Тэрбээр МУИС-ийн Олон улсын харилцааны сургуулийг дүүргэсэн ч төр, тэр дундаа эл салбарт ажилласан туршлага нь дэд сайдын суудал бөгөөд “Мөнхийн үсэг” группийн үүсгэн байгуулагч, захирал гэдгээр нь олон нийт илүүтэй мэдэх болов уу. Энэтхэгт Элчин сайдаар суулгахаар нэр дэвшүүлсэн Ч.Бүрэнбаяр нь Энэтхэгт төрж, өссөн, сонирхолтой намтартай нэгэн аж. Эх орондоо ирээд монгол хэл, уран зохиолын багш, сэтгүүлч мэргэжил эзэмшиж, Мэдээлэл, радио, телевизийн улсын хороо, МОНЦАМЭ агентлагаас гадна Ерөнхийлөгч Н.Багабандийн орчуулагчаар ажиллаж байжээ.

Харин бараг хоёр жилийн хугацаанд Элчин сайдгүй байсан БНСУ-д илгээх гэж буй Ц.Өнөрзаяа нь тус улсын их сургуульд багшилж байсан, солонгос судлалын чиглэлээр мэргэшиж яваа нэгэн болохыг сайд Д.Цогтбаатар онцолсон. Түүнчлэн Киргиз, Беларусь, Эмиратад Элчин сайдын яам нээх шийдвэр, санхүүжилт нь өнгөрсөн жил батлагдсан тул өдгөө сайд нарыг нь томилох гэж байгаа нь энэ. Ч.Баттөмөр нь Тайландад Элчин сайдаар ажиллаж байсан бол Б.Баярсайхан нь Гадаад харилцааны яамны Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга юм. Д.Ганболд нь Гадаад харилцааны яамны Ёслолын хэлтэс, Төрийн захиргааны удирдлагын газар, НҮБ-ын байнгын төлөөлөгчийн газар зэрэгт атташе, нарийн бичгийн даргын албан тушаал хашиж байжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)