11-р сарын 26-ны өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгох хуулийн төсөл өргөн барилаа

УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Б.Жавхлан, Г.Мөнхцэцэг, Ж.Батзандан нар “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барилаа. Уг нь жил бүрийн арваннэгдүгээр сарын 26-н буюу Үндсэн хуульт Бүгд Найрамдах Улсаа тунхагласны өдрийг манай улс нийтээр тэмдэглэх баярын өдөр болгон тэмдэглэж байгаад 2012 оноос уг өдрийг тэмдэглэлт өдрийн түвшинд өнгөрөөх болсон байна.

Төсөл санаачлагчид 1924 оны арваннэгдүгээр сарын 26 бол Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, хаант засгаас Бүгд найрамдах засаглалд шилжиж, хамжлагат ёсыг халсан Монголын түүхийн томоохон үйл явдал болсон өдөр тул энэ өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгох нь зүйтэй гэж үзэж хуулийн төслийг боловсруулжээ.

Хуулийг баталснаар тусгаар тогтнол, түүх уламжлал, үндэсний бахархлаа сэргээх, залуу хойч үед эх оронч үзэл төлөвшүүлэхэд чухал нөлөө  үзүүлнэ гэж хууль санаачлагчид үзэж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)