11 орны палеонтологичид Монголд чуулж байна

Палеонтологийн шинжлэх ухаан 1800-гаад оны дунд үеэс эхтэй. Эртний амьтан, ургамлын үүсэл, хөгжлийг Хойд Америкийн эрдэмтэд анх судалснаас хойш олон орон энэ чиглэлийг сонирхож эхэлсэн байдаг. Манай улс энэ төрлийн судалгаа, шинжилгээ, олдвороороо дэлхийд гуравт буюу АНУ, БНХАУ-ын араас шил даран яваа. Тэр ч утгаараа Азийн үлэг гүрвэлийн холбоог 2013 онд байгуулахад гишүүн орноор нь элсжээ.

Үлэг гүрвэлийн судалгаа хийж байгаа олон орны судлаачид, хамтран ажиллах, харилцан мэдээлэл солилцох боломж бүрдүүлэх, залуу судлаачдыг дэмжих зорилгоор тус холбоог Япон Улсад байгуулжээ. Түүнээс хойш Азийн үлэг гүрвэлийн олон улсын хурлыг хоёр жил тутам зохион байгуулсаар ирсэн байна. Анхны хурлыг 2014 онд Японд зохион байгуулсан бол 2015 онд Тайландад, 2017 онд БНХАУ-д болсон аж. Дөрөв дэх удаагийн олон улсын хурал зохион байгуулах эрхийг манай улс авсан. Өчигдөр эхэлсэн уг хурал хоёр өдөр үргэлжлэх бөгөөд 11 орны 77 эрдэм тэн оролцож байна. Хурлаар манай орны болон олон улсын судлаачид 60 гаруй илтгэл хэлэлцүүлэх аж.

Одоогоор дэлхий дахинд үлэг гүрвэлийн 500 гаруй төрөл, зүйл бүртгэгджээ. Тэдгээрийн 25 орчим хувь нь өнөөгийн Монгол орны нутагт амьдарч байсан баримт олдсон нь судлаачдын анхаарлыг ихээхэн татдаг. Түүнчлэн манай улсаас олдсон чулуужсан үлдэгдлүүд бат бөх хадгалагдсан байдгаас гадна тоо, төрөл нь арвин гэдгээрээ бусад улсынхаас онцлогтой. Үүнийг дэлхийн олон судлаач баталдгийг Азийн үлэг гүрвэлийн олон улсын холбооны дэд ерөнхийлөгч, академич Р.Барсболд хурлын үеэр онцолсон юм. Энэ утгаараа манай улсаас олдсон үлэг гүрвэлийн 80 орчим төрлийн олдвор дэлхийд хүлээн зөвшөөрөгдөж, батлагдсан нь сайн хадгалагдаж үлдсэнтэй холбоотой юм байна. Жишээлбэл, ноцолдож байгаад үхсэн үлэг гүрвэлийн олдвор манайд бий гэнэ. Ийм төрлийн олдвор одоогоор дэлхийн хэмжээнд ганц л олдсон аж. 70 гаруй сая жилийн өмнөх эл олвор дэлхийд гайхагдаж буйг Р.Барсболд академич хэлсэн. Учир нь олон сая жилийн өмнө амьдарч байсан амьтны үйл хөдлөл, бусад амьтан руу дайрах зэвсэг зэрэг нь чулуужиж үлддэггүй учир дэлхий дахинд хараахан бүрэн судлагдаагүй аж. Мөн тэрбээр “Бусад улсын эрдэмтэд манайхаас олдсон олдворуудыг судлахгүйгээр дэлхийн үлэг гүрвэлийн түүхийг сэргээн босгох зүй тогтлыг олох боломжгүй” гэсэн юм.

Манай улс үлэг гүрвэлийн олдвор судалгаагаараа дэлхийд дээгүүрт эрэмбэлэгдэж буй ч геопарк байдаггүй нь харамсалтай. Палеонтологийн эрдэмтэн, судлаачид геопарк байгуулах талаар олон жил ярьсаар ирсэн. Өчигдөр эхэлсэн олон улсын хуралд энэ тухай хэлэлцэж, гадаадын зарим төлөөлөгч “Монгол Улс нь үлэг гүрвэлийн их өлгий нутаг учраас геопарк байгуулах шаардлагатай” гэсэн. Харин манай эрдэмтэд геопарк байгуулах ажил эхлүүлсэн тухайгаа танилцууллаа.

Тодруулбал, Өмнөговь аймгийн Манлай сумын нутаг, Шарцавын олдворт газарт одоогоор үлэг гүрвэлийн 20 мянга орчим чулуужсан мөр хадгалагдан үлджээ. Байгалийн тогтоц бүхий, нүүлгэн шилжүүлэх боломжгүй тус олдворуудыг хамгаалж, хүн болон байгалийн нөлөөллөөс шалтгаалж эвдэж, сүйтгэхгүйн тулд хашлага барьсан аж. Мөн үлэг гүрвэлийн мөр нягт хадгалагдаж үлдсэн хэсгүүдийн ойр орчимд тохижилт хийсэн бөгөөд үүнийг цаашид илүү хөгжүүлж, судалгааны төв, музей байгуулан, жуулчдыг татах төлөвлөгөөтэй байгаагаа дурдсан юм.

Япон Улсын Фүкүи мужийн Үлэг гүрвэлийн музейн судлаач Ёшиказү Нода хурлын үеэр “Бид дан ганц үлэг гүрвэлийн тухай хэлэлцсэнгүй. Хэдэн сая жилийн өмнөх ургамал, мөлхөгч амьтдын талаар ч олон илтгэл хэлэлцэж байна. Манай улсаас үлэг гүрвэлийн олдвор олддог ч Монголынхтой зүйрлэх аргагүй. Монголоос олдсон олдвор олон төрлөөс гадна хэлхээ ясаараа байдаг нь гайхалтай. Манай улсаас олдсон нь ганц, хоёр ширхэг, эсвэл их гэмтсэн байдаг учраас бүрэн хэмжээний судалгаа хийхэд хэцүү. Мөн палеонтологийн олдворын 70 гаруй хувь нь усны, мөлхөгч амьтных” гэсэн юм.

Энэ өдрийн хурлын хамгийн сонирхолтой нь үлэг гүрвэлийн ясны бүтцийн судалгааны тухай илтгэл байв. Үлэг гүрвэлийн ясыг зүсэж, дотоод бүтцээр нь судалдаг, сүүлийн үед хөгжиж буй арга юм байна. Ингэснээр тухайн амьтан үхэхдээ хэдэн настай байсныг тодорхойлохоос гадна тэр үеийн байгалийн өөрчлөлтийг мэдэх боломжтой гэнэ. Түүнчлэн тухайн амьтны өсөлт, хөгжлийн хугацааг тодорхойлж болох аж. Энэ мэтчилэн палеонтологийн салбарт нэвтэрч буй шинэ судалгааны арга, туршлагаас танилцууллаа. Мөн дараагийн буюу 2021 онд болох хурлыг БНСУ-д зохион байгуулахаар тогтлоо.

Манай улс зохион байгуулж буй уг хуралд өмнөхөөс олон эрдэмтэн оролцож байгааг судлаачид онцолсон. Хурлыг зохион байгуулагчдын мэдээлснээр дараа дараагийн судалгааны ажилд олон орны эрдэмтэд хамтран оролцох, шинэ шатны судлагаа хийх үндэс суурь болж байгааг дурдсан юм. Азийн үлэг гүрвэлийн олон улсын хуралд ирсэн судлаачид энэ сарын 26-29-нд Өмнөговь аймагт хээрийн судалгаа хийх аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)