1072 ширхэг хувьцааг амилуулах ганц боломж бол нүүрсээ баяжуулах

Оюутолгойн далд уурхайн төсөл үргэлжлэх мэдээ цацагдаж эхэлсэнтэй зэрэгцээд Тавантолгой яах бол гэсэн хүлээлт бий болж эхэллээ. Өмнө нь холбоотой юм шиг үргэлж хамтдаа яригдаж байсан “хоёр толгой”-н нэг нь ч гэсэн ийнхүү амжилттай үргэлжлэхээр болсон нь сайн мэдээ. Харин нөгөө толгой-Тавантолгойг яах гэж байна вэ? Оюутолгой бол Тавантолгой шиг Монголын 100 хувь мэдлийнх биш. Төрийн мэдэлд 34 хувь нь байдаг ч дийлэнх нь гадаадын компанийн эзэмшлийнх. Харин Тавантолгой бол 100 хувь монголчуудынх. Гэтэл төр, засаг ард түмнийхээ энэ хөрөнгийг эцэг эхгүй хүүхэд шиг зөнгөөрөө “хүн болох” шоовдорлогдсон тавиланд даатгаад хаяж буй юм биш биз.

Нүүрсний салбар ойрын таван жилд өндийж дээрдэхгүй гэсэн оноштой байгаа. Гэхдээ эмч хүн шинжлэх ухаанд эцсийн найдлагаа тавьж, өвчтөнөө эмчилж сэхээхийг оролддог шиг Тавантолгойг бизнесийн оновчтой менежмент, үр ашгаар сэхээх ямар боломж төр, засагт байна вэ?

Тавантолгойн уурхай дээр очиж үзсэн хүн бүр мэднэ дээ. Жирийтэл шаталсан уурхайн талбайгаас нүүрс тээвэрлэн давхилдах хүнд даацын машины зам зуур арц уугиулж буй мэт утаа энд тэнд суунаглан байх овоолготой таараагүй хүн ховор байх.

Ялангуяа говийн нар ид халааж байх үед усаар шүршээд ч нэмэргүй дахиад л уугих овоолсон тэр их шороог хаягдал нүүрс гэдэг. Хэн ч тоодоггүй, бас ашигладаггүй нүүрсний ийм хаягдалтай орон нутгийн “Тавантолгой” дээр ч, “Эрдэнэс Тавантолгой”-н уурхай дээр ч таарч байлаа.

Илчлэг сайтай коксжих нүүрсний дэргэд хаягдал хэмээн нэрлэгдсэн эрчим хүчний энэ нүүрсээр яах ч билээ, уугьсаар л дуусдаг гэж олонх нь боддог. Гэтэл үүнээс ч дор нүүрсийг хэдхэн км-ийн цаадах урд хөршийн нүүрсний үйлдвэрүүд манайхаас түүхийгээр нь авсан коксжих нүүрстэйгээ хольж угаагаад “Монголын Тавантолгойн нүүрс” хэмээн Тяньжины боомт дээр зарж ашиг олсноор олон жил улирав.

Хамгийн багаар 25 ам.доллароор тооцоход хоёр сая тонн буюу жилд 50 сая ам.доллароор үнэлэгдэх нүүрсээ бид цамаан зангаараа овоолон шатааж байна

Мэргэжилтнүүдийн хийсэн тооцоогоор Тавантолгойн бассейнд үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн “Тавантолгой”, төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компаниуд жилд дунджаар зургаан сая тонн нүүрс олборлодог гэнэ. Гэтэл үүнийх нь 30 хувь буюу хоёр сая тонн орчим нь овоолго болж хаягдан, уугьж шатсаар ийнхүү дуусаж байна. Үүнийг үнийн дүнгээр тооцвол харамсмаар их боломжоо бид алддаг аж. Баялгийг сорчлолгүй олборлох хуулийн заалт бий. Гэтэл төрийн өмчит Тавантолгой дээр энэ хуулийн заалт огт хэрэгжээгүйгээс жилд хоёр сая тонн нүүрсийг хятадууд ийнхүү хаягдал болгон Монголд үлдээж байна. Үүнийг хамгийн багаар 25 ам.доллароор тооцоход хоёр сая тонн буюу жилд 50 сая ам.доллароор үнэлэгдэх нүүрсээ бид цамаан зангаараа овоолон шатааж байна шүү дээ. Ялангуяа ард түмний хувьцаа эзэмшиж, сая төгрөгөөр үнэлэгдсэн ч өнөөдөр ямар ч хуримтлалын ашиггүй өрийн төлөөсөнд ачигдаж буй Тавантолгойн Зүүн Цанхийн уурхай үр ашгаа тооцвол ард түмнийхээ баялгийг сорчлон, хаягдал овоолго үүсгэхгүй байх боломжтой. Ард түмний амьдрал өдрөөс өөрт ядуурч, хоолны мөнгөө олохын тулд юугаа ч хамаагүй зарж худалдахад бэлэн байна. Үүний хамгийн наад захын жишээ бол 1072 ширхэг хувьцаагаа худалдах гэж өдөржин, шөнөжин горьдож, хэн нэг худалдан авагчийг хүлээж буй, Урт цагаан дахь хүмүүсийн цугларалт юм. Өөрсдийгөө “шөнийн ангуучид” хэмээн нэрлэж буй нийгмийн нэг төлөөлөл болсон тэдэнд юун газар шороо, хувьцаанаас ирээдүйд авах үр ашиг. Улстөрчийн биелдэггүй сайхан амлалтад итгэх, хүлээх найдвар нь өдрөөс өдөрт бөхсөнөөс ийнхүү өөрт ногдсон “баялгаа” хэнд ч хамаагүй зарахад бэлэн байна.

Өрмийг нь хятадууд авч, хусам нь болж гологдон Монголд үлдсэн овоолго буюу хаягдал нүүрс үнэ цэнэгүй шороо биш. Ийм “шороог” хятадууд Өвөрмонголын Жинчуаны нүүрс баяжуулах цогцолбортоо манайхаас сорчилж авсан коксжих нүүрстэйгээ хольж хутгаад Тяньжины боомт дээрээ 71 ам.доллароор тонн тутмыг нь үнэ хүргэн зарж байна.

Гэтэл бид хамаг баялгаа сорчлуулж олборлуулаад тонн түүхий нүүрсээ 25 ам.доллароор зарж байхад “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаа хуримтлал болж, ард түмнийг хэзээ тэжээх вэ дээ.

Нүүрсээ сорчлон олборлолгүйгээр бүгдийг нь баяжуулж боловсруулдаг болбол бид одоогийнхоосоо хоёр дахин их орлого олох боломжтой. Орлогоос гадна олон зуун хүн ажилтай болох төлөв бий. Гэвч энэ талаар сүүлийн 4-5 жил ярьж, Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого болон холбогдох хууль, шийдвэр, тогтоомжуудад тусгасан ч өнөөдрийг хүртэл нүүрсний салбарт энэ бүхэн огт хэрэгжсэнгүй.

Нүүрсээ баяжуулах боломж бий юү гэвэл бүрэн боломжтой. Төрийн өмчит Тавантолгойн хажууханд хаяа нийлдэг Ухаахудагийн уурхайд жилд 15 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай том үйлдвэр бий. Н.Алтанхуяг Ерөнхий сайд байхдаа төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих, экспортын “нэг цонхны” бодлоготой болгох замаар нүүрсний салбараа хөгжүүлэх олон сайхан ажил хийхээ мэдэгдэж байв. “Эрдэнэс Тавантолгой” болон “Энержи ресурс” компанийн хооронд түншлэлийн гэрээ хүртэл байгуулж, төрийн мэдлийн Тавантолгойн нүүрсийг Ухаахудагийн үйлдвэрт баяжуулан боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн экспортлохоор болж байсан санагдана. Гэтэл үүнээс хойш хэдэн жил өнгөрөв, юу ч өөрчлөгдсөнгүй. Харин ч төрийн мэдлийн “Эрдэнэс Тавантолгой” компани нүүрсээ бүр уурхайн аман дээрээс нь тээвэрлэн хамгийн хямд, хамгийн болхи аргаар тав, арван ам.долларын “ашиг” олж байна. Төрийн компанийн ийм “хүрзний” бизнесийг сайн ажиллаж байна, ашигтай ажиллаж байгаа хэмээн УИХ-ын даргаасаа эхлэн сүүлийн үед хөөрөгдөх боллоо. Гэтэл үнэндээ “Эрдэнэс Тавантолгой” компанийн хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа амьдрал дээр Тавантолгойн ордыг хятадуудын бүрэн хараат болгоод байна.

Монголын нүүрсний салбарт өнөөдөр Монголын биш Хятадын бодлого хэрэгжиж байна. Үүнийг эрх баригчид хүлээн зөвшөөрч чадахгүй л байх. Гэхдээ Монголын нүүрсний салбарын бодит байдал ямар хэмжээнд хүрснийг үндэсний шилдэг “Топ-100” компанийн жагсаалтаас харж болно. Сүүлийн хэдэн жилд өрнөсөн манай төр, засгийн туйлширсан улстөржилт, бодлогогүй үйл ажиллагаа бүхэл бүтэн нүүрсний салбараа эдийн засгаасаа арчиж хаясныг эндээс хараарай. Төлсөн татварынхаа хэмжээгээр сүүлийн хэдэн жилд нүүрсний салбарын компаниуд “Топ-100”-д тэргүүлэгч эгнээнд орж ирсэн. Гэтэл энэ удаад тэд бараа сураггүй болж, арилжааны банкууд эхний 10-т орж ирсэн нь нэгийг бодуулж, хоёрыг хэлж байна. Цаашид нүүрсний салбараа аврах уу, сэргэх мөчлөгийг нь хүлээж нэгмөсөн ингээд булшлах уу.

2015 онд 14.5 сая тонн нүүрс экспортолжээ. Үүнийг түүхийгээр нь экспортолсон хэмээн тонн тутмыг нь 25 ам.доллароор тооцвол 362 сая 500 мянган ам.доллароор үнэлэгдэнэ. Харин Ухаахудагийн баяжуулах үйлдвэрийн хүчин чадлаар жилд 15 сая тонн нүүрсийг баяжуулаад Ганцмодны боомт дахь ханшаар тонн тутмыг нь 51 ам.доллароор тооцвол хоёр дахин их буюу 765 сая ам.доллароор үнэлэгдэж байна. Үүнээс үзвэл бид түүхий нүүрс болон баяжуулж боловсруулсан нүүрсний экспортын үнийн зөрүүнээс жилд зуу зуун сая ам.доллар алдсаар иржээ. Хайхрах эзэн, дэмжиж туслах төрийн бодлогогүйгээр энэ том салбарын ирээдүй цаашид бүүдийсээр л байна. Ядаж л Австрали, Индонез, ОХУ шиг татварыг нь тэглэж, хөнгөлөх аргаар Монголын нүүрсний салбарынхныг дэмжихгүй байна. Австрали, Индонез улс Хятадтай чөлөөт худалдааны гэрээ хийх замаар нүүрсний татвараа тэглүүлж чадсан бол одоо ОХУ идэвхтэй ажиллаж байгаа.

Уршигт нь хятадууд Монголын Тавантолгойд бүхэлд нь хяналтаа тогтоож, хамгийн хямд түүхий нүүрсний бааз болгож, Монголын нүүрсний компаниуд хамгийн өндөр буюу 40 гаруй хувийн импортын татвар төлөгч орон болж үлдлээ

Хятадад нүүрсээ татваргүй нийлүүлэхийн тулд ОХУ Эрчим хүчний яамныхаа дэргэд тусгай ажлын хэсэг гарган, амжилттай хэлэлцээ хийж эхэлжээ. Энэ сард болох Орос, Хятадын Эрчим хүчний хамтын ажиллагааны зөвлөлийн хурлаар Оросоос Хятадад нийлүүлэх нүүрсний тарифыг хөнгөлөх асуудлыг шийдэх гэнэ. ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч Аркадий Дворкович энэ тухай албан ёсоор мэдэгдээд байна. Гэтэл Монголын төр, засаг гадаад ертөнцөд биш, дотооддоо нүүрсний салбартаа тэргүүлэгч үндэсний компани “Энержи ресурс”-тэй “дайн зарлан” дарамталсаар Монголын нүүрсний үнэ цэнийг гадаад ертөнцөд үнс болгоод буй. Үүнээс Монголын ард түмэн юу ч хожсонгүй. Тамын тогооны үлгэрээрээ өрсөлдөгч нарынхаа элэг доог, тохуурхлын бай болж, эцэст нь эдийн засгаа элгээрээ хэвтүүллээ. Харин уршигт нь хятадууд Монголын Тавантолгойд бүхэлд нь хяналтаа тогтоож, хамгийн хямд түүхий нүүрсний бааз болгож, Монголын нүүрсний компаниуд хамгийн өндөр буюу 40 гаруй хувийн импортын татвар төлөгч орон болж үлдлээ.

Дотоод тэмцлийнхээ уршгаар нүүрсний экспортоос Монголд үлдэж болох нэмүү өртөг, ажлын байр, экспорт, татварын орлого гээд шууд үнэлж болох маш их боломжоо бид Хятадын захын нэг мужид нь алджээ. Хамгийн эмгэнэлтэй нь өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой” компани ард түмний Тавантолгойн ордод лиценз гэх алга дарам цаасыг 100 хувь эзэмшиж буйгаас бусдаар бүх эрх мэдэл, үр ашгаа хятадуудад бүрэн алдчихаад байна. Энд олборлолтыг нь Хятадын компани хийж, хятад жолооч нар Монголын хилд 200 км нэвтрэн тээвэрлэж, хамгийн хямд үнийг хятадууд өөрсдөө тогтоож, өөрсдөө худалдан авч байгаа. Тэнд зөвхөн хар ажил дээр нь л Монголын 200 ажилчин ажиллаж байна. Хэчнээн өр, зээлтэй, өр төлбөртөө Тавантолгойн нүүрсийг өгч байгаа ч гэсэн ингэж болно гэж үү. Хэдий хүртэл ийм байх вэ? Өр төлөх гэж, Хятадын түүхий нүүрсний бааз болох гэж Тавантолгойн үүцийг нээгээгүй. Гэтэл бид дотоодынхоо тэмцэл, улстөржилтөөс болж “хоёр толгойнхоо“ нэгийг ийнхүү урд хөршдөө ямх ямхаар алдсаар байх уу.

Дэлхийн эрдэс баялгийн зах зээл хүндрэлтэй байгаа ч Оюутолгойгоо хөдөлгөж чадлаа. Харин одоо УИХ, Засгийн газар болон төрийн мэдлийн “Эрдэнэс Тавантолгой” компани Тавантолгойг Монголдоо ашигтай байлгах талаар ямар бодлого хэрэгжүүлж, юу хийх гэж байна вэ. Гадаадаас тусламж гуйгаад Оюутолгой шиг Тавантолгойд итгэх хөрөнгө оруулагч олдохгүй л болов уу. Харин дотоодод ямар боломж, бололцоо нөөц байна вэ. Одоо төр, хувийн хэвшлийнхэнтэйгээ өрсөлдөх биш хамтран түншлэх хэрэгтэй байна. Хэрэв ингэж чадвал нүүрсний салбартаа, Тавантолгойдоо гэрэл тусгах боломж бий.  


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)