105 мянган хүний эрх ба холбоодын үнэн төрх

Хэдхэн хоногийн өмнө Ерөнхийлөгч Х.Баттулга ээжүүдэд Эхийн алдар одон гардуулсан. Тэдний дунд сонсголын бэрхшээлтэй дөрвөн эмэгтэй байсан юм. Сонсголгүй ээжүүд ийнхүү анх удаа төрөөс хүндэтгэл хүлээсэндээ ихэд баярласан ч дохионы хэлний хэлмэрч байгаагүй тул өөрийнхөө нэрийг дуудаж буйг ч мэдэхгүй хэцүү байдалд оржээ. “Сонсголгүй хүний эх хэл бол дохионы хэл мөн” хэмээн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд тусгасан ч эрх баригчид өөрсдөө хуулиа дагасангүй. Энэ үйлдэл нь сонсголгүй иргэдийг гутаан доромжилсноос өөрцгүй хэмээн тэд үзэж буй юм. Энэ талаар “Монголын сонсголгүй эмэгтэйчүүдийн бие даан амьдрах төв” төрийн бус байгууллагын тэргүүн Б.Янжим “Одон гардуулах болсныг цагийг нь тулгаж мэдсэн тул хэлмэрч олох гээд амжаагүй. Хуульд аливаа мэдээ, мэдээллийг дохионы хэлээр хүргэх тухай тусгасан байдаг. Хэлмэрчийг төр цалинжуулж, хариуцах хуультай. Бидний биш, төрийн байгууллагын хийх ажил” гэв. Хэдийгээр зохион байгуулах ажилд алдаа гаргасан ч сонсголгүй эмэгтэйчүүд анх удаа Төрийн ордонд, Ерөнхийлөгчөөсөө хүндэтгэл хүлээсэн нь сайн хэрэг.

Үүнтэй адил өөр нэг сайн мэдээ байна. Харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд боловсрол олгодог 116 дугаар тусгай сургууль 56 жилийн дараа анх удаа сургалтын үйл ажиллагаагаа цахимжуулж эхлэв. Тус сургууль 1964 онд үүдээ нээсэн ч харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан дэйзи уншигч буюу сонсдог номыг энэ хичээлийн жилээс л эхлэн сургалтдаа нэвтрүүлэхээр болжээ. ЖАЙКА олон улсын байгууллагын тусламжаар багш, сурагч бүрт сонсдог ном олгохоор болсон юм. 300 гаруй хуудастай, сонсдог нэг номын өртөг ойролцоогоор 700 орчим мянган төгрөг. Энэ нь хөгжлийн бэрхшээлтэй, тэр дундаа хараагүй иргэдэд оруулж буй маш том хөрөнгө оруулалт. Дэйзи программыг монгол хэлээр хөрвүүлж, цахим брайл бичиг, сонсдог номыг бүтээхэд 10 жилийн хөдөлмөрөө зарцуулсан хүн бол М.Цэнгэл. Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн мэргэжилтэн, Хараагүй хүмүүсийн инновац хөгжлийн төвийн тэргүүнээр ажилладаг. Тэрбээр 10 жилийн өмнө сонсдог ном бүтээсэн ч хэрэгтэй хүмүүстээ одоо л хүрэх гэж байгаа нь энэ. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хөгжүүлэх, соён гэгээрүүлэх ажил яст мэлхийн хурдаар урагшилж буйн нэг шалтгаан нь “үндэсний холбоо” нэртэй олон байгууллага нэгдэж, мэргэшиж чаддаггүйтэй холбоотой.

Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр манай улсад хөгжлийн бэрхшээлтэй 105 730 иргэн амьдарч байна. Тэд өөрсдийгөө онцлог хэрэгцээт иргэн хэмээн нэрлэх дуртай. Хөгжлийн бэрхшээлтэй гэсэн тодорхойлолтоо Монголын төр өөрчлөх ёстой гэж олон улсын хүний эрхийн төлөө тэмцэгчид үздэг юм билээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хөдөлмөрийн чадвараа алдсан гэж нэрийдэх нь тэдний ажиллах боломжийг боомилж буй талаар АНУ-ын “Global press journal” сайтад өнгөрсөн долдугаар сард нийтэлжээ. Тахир дутуу гэж нэрлэдэг байсан харанхуй, бүдүүлэг үеэ бодвол манай улсад байдал арай сайжирч буй. Тэд зөвхөн халамж аваад суух бус, ажиллаж, хөдөлмөрлөж, сурч хөгжих эрхтэй гэдгийг хаа, хаанаа ойлгож эхэлсэн. Харин хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төлөөлөх холбоод нь юу хийж байна вэ.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн холбоо, Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо, Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо, Монголын сонсголгүй иргэдийн байгууллагуудын нэгдсэн холбоо зэрэг маш олон төрийн бус байгууллага үйл ажиллагаа явуулдаг юм байна. Харамсалтай нь, 10-20 жил ажилласан холбоод ч өдгөө хийсэн дорвитой ажилгүй сууна. Ямар сайндаа л харааны бэрхшээлтэй сурагчид хагас зуун жил хуучинтайгаа зууралдаж, олон улсын чанар, стандартад нийцсэн сургалтын хэрэглэлгүй өдий хүрлээ.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ямар нэгэн байдлаар хамааралтай гэх 700 гаруй байгууллага манай улсад байдаг аж. Нөхөн сэргээх болон халамжийн үйлчилгээ, номын санг аль ч улсад байх ёстой гэж үздэг. Монгол Улс 2004 онд анх удаа хараагүй иргэдэд зориулсан уншлагын танхимтай болсон. Нэг өдөр бүү хэл, нэг цаг харахгүй байна гээд төсөөлөөд үзье. Бид гэрээсээ гараад хоёр алхаж чадах болов уу. Хараагүй хүмүүс автомашин, эвдэрсэн зам, ухсан нүх гээд байнга эрсдэлтэй тулгарна. Үүнийг сайжруулж, өөрчлөхийн тулд сайхан нэртэй олон холбооны удирдлага юу хийв. Өөрсдийнхөө төлөө дуугарч, эвлэлдэн нэгдэж ажиллаж байна уу. Стандартад нийцсэн налуу зам тавих талаар олон жил ярьсан ч өдий хүртэл гарт баригдаж, нүдэнд харагдах ажил хийгээгүй гэдгийг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс нь хэлж байна. Холбоо, төрийн бус байгууллага байгуулахыг зоосны нүхээр хардаг хүн ч цөөнгүй гэнэ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ төлөө ажиллана гээд дотоод, гадаадын төслөөс мөнгө иддэг, өрмийг нь өөрсдөө аваад, бусдынх нь амыг хусам төдийхнөөр тагладаг удирдлага бишгүйг тэд ам булаалдан ярих юм билээ. Хөгжлийн бэрхшээлтэй олон иргэнийг төлөөлж, холбооны тэргүүнүүд яам, тамгын газрын удирдлагатай уулздаг. Тэд гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалахын төлөө зүтгэж ирсэн бол өдийд “хөгжлийн бэрхшээл” гэх үг цаасан дээр л үлдэх байв. Холбооны тэргүүн, гишүүд мэргэших хэрэгтэйг М.Цэнгэл дурдсан. Тэрбээр хараагүй иргэдэд анх удаа компьютер зааж, цахим ертөнцөд хөл тавихад нь замчилсан мэргэжилтэн. Үнэндээ бол бүхэл бүтэн холбооны хийж чадаагүйг тэрбээр бүтээсэн. Хараагүй иргэдийн “нүд” болсон сонсдог ном, цахим брайл үсгийг олон улсын стандартад нийцүүлэн Монголын хөрсөнд буулгасан юм. Олон холбоо, төрийн бус байгууллага байдаг нь олон нийтийг төөрөгдүүлдэг гэж тэрбээр хэлсэн. Жишээ нь, тусгай сургуулийн сурагчдад сонсдог ном олгох болоход Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо, Хараагүй хүмүүсийн инновац хөгжлийн төвийн алинд нь хандах вэ гэж БШУЯ-ныхан эргэлзэж, гайхсан гэнэ.

Тамга хадгалах төдий үүрэгтэй холбоодын асуудал үүгээр зогсохгүй. Эмэгтэй ажилтан, ажил хэргийн шугамаар уулзсан бүсгүйчүүдийг өдөж хоргоох, бэлгийн дарамт үзүүлсэн тохиолдол ч бий гэнэ. Садар самуун зүйл бичсэн мессеж, зураг илгээх явдал цөөнгүй гардаг аж. Ярьж чадахгүй, харахгүй байдлыг нь ашиглан, увайгүй үйлдэл гаргах хүн өмнөхөө бодвол цөөрсөн талаар нэгэн танил минь дуулгасан. Тусгай сургуулиудад ч бэлгийн хүчирхийлэл, ёс бус үйлдэл гардаг байжээ. Нэг үеэ бодвол далд хүчирхийлэл ил гарч, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх ташаа ойлголт нийгэмд өөрчлөгдсөөр байна. Тэд бидний адил хөдөлмөрлөж, амжилтад хүрэх боломжтойг хөгжлийн бэрхшээлтэй олон хүн гэрчилдэг. Ямар нэг холбоо, байгууллагын дэмжлэгээр бус, бор зүрхээрээ зүтгэж, амжилтад хүрсэн нь ч цөөнгүй.

Манай улс 2018 онд Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар хэмээх байгууллагатай болсон. Тус газрыг энэ чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагууд, иргэдийн асуудлыг төр, засгийн бодлоготой уялдуулах, салбар дунд үүрэг гүйцэтгэх зорилгоор байгуулсан гэх. Гэвч хэдэн тендер зарлахаас өөр ажил хийхгүй байна гэсэн шүүмжлэлд өртдөг юм билээ. Тэр ч бүү хэл, тендерт нэг удаа ялсан байгууллагыг хоёр жилийн хугацаанд дахин сонгон шалгаруулалтад оруулахгүй гэжээ. Үүнийгээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө ажилладаг олон байгууллага бий учраас бусдад нь боломж олгосон хэлбэр гэж тайлбарлаж буй ч ардчилсан нийгэмд эрх тэгш бус, ялгаварлан гадуурхсан үйлдэл гэж цөөнгүй хүн үзэж байна.

Харьяа яам болон холбоодод мэргэшсэн хүн ховор байдгаас ажил хийсэн мэт харагдах төдий хэрэггүй шийдвэр цөөнгүй гаргадаг аж. Тухайлбал, өнгөрсөн онд монгол брайл бичгийн стандартыг баталсан. Англи хэлийг дэлхий нийтийн хоёр дахь хэл гэж үздэг өнөө үед анхнаасаа олон улсын брайл кодыг ашиглах нь зөв байсныг мэргэжлийн хүн нь хэлэв. Өөрөөр хэлбэл, хараагүй хүүхэд АНУ-д сурлаа гэхэд хэлний бэрхшээл гарахгүй гэв.

Энэ оны дөрөвдүгээр сард БШУЯ-нд Тусгай хэрэгцээт боловсролын хэлтэс байгуулсан нь нүдээ олсон ажил болсон. Тус яаманд өмнө нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсролын асуудал хариуцсан ганцхан мэргэжилтэн ажилладаг байлаа. Энэ хугацаанд чухам ямар ажил амжуулсан талаар тус хэлтсийн дарга Ч.Ганцэцэгээс тодруулахад “Манай хэлтэс хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг боловсролын үйлЕчилгээнд хамруулах үндсэн чиг үүрэгтэй. Сургуулийн өмнөх болон дараах, их, дээд сургуульд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамруулах нь бидний зорилго. Хөгжлийн бэрхшээлтэй, 0-17 насны 11 606 хүүхэд манай улсад байдаг. Эдгээр хүүхдийг боловсролд бүрэн хамруулах нь чухал. Тусгай цэцэрлэг, сургууль зөвхөн нийслэлд л үйл ажиллагаа явуулж байна. Олон улсын хандлагын дагуу тэгш хамран сургах бодлогыг хэрэгжүүлж буй. Энэ нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг ерөнхий боловсролын сургуульд хамруулна гэсэн үг. Ингэснээр нийгэмших, найз нөхөдтэй болох сайн талтай. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг ердийн сургуульд сургахад орчин нөхцөлөөс эхлээд хүндрэл цөөнгүй. Хүүхдийн онцлогт тохирсон орчин, сургалтын хэрэглэгдэхүүн бэлдэх асуудлыг үе шаттай шийдвэрлэж байна. Сургууль бүрт хүүхэд хөгжлийн танхим байгуулах хэрэгцээ бий болсон” гэв. Энэ мэтээр төрийн байгууллагууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хөгжүүлэхэд анхаарч эхэллээ. Одоо нэр бүхий олон холбоо нь нэгдэн нийлж, мэргэжлийн түвшинд ажиллах шаардлагатай байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)