1000 инженер төслөөс УОК-т 10 сая төгрөг хандивлалаа

Өнөөдөр “Инженер, технологийн дээд боловсрол” төслөөс УОК-т 10 сая төгрөгийн хандив өргөлөө.

Тодруулбал, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагын (ЖАЙКА) дэмжлэгтэйгээр БСШУСЯ-наас хэрэгжүүлж буй “Инженер, технологийн дээд боловсрол“ төсөл нь 10 жилийн хугацаанд 1000 инженер бэлтгэн төгсгөхөөр төлөвлөсөн. Уг төсөлд хамрагддаг оюутнуудын эцэг эхчүүд нэгдэн “Сайхан сэтгэлийг түгээе” хандивын аяныг өрнүүлж нийт 10 сая төгрөг цуглуулжээ. Өнөөдөр тэд цуглуулсан хандиваа УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Б. Ууганбаярт гардуулан өглөө.

Энэ үеэр Төслийн зохицуулагч Г.Намсрай “Дэлхий нийтэд тархаад буй Ковид-19 цар тахлын энэ хүнд цаг үед эх орон ард иргэдийнхээ төлөө амрах цагийг умартан, зориг зүрхээ дайчлан, аюулт өвчний халдварыг хүн амын дунд тархаалгүй, хичээл зүтгэл гарган ажиллаж буй Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн салбарын нийт албан хаагчиддаа гүн талархал илэрхийлье” хэмээлээ.

“Инженер технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд сургалт судалгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж, төсөл дуусахад нийт 1000 инженерийг Япон Улсад сургаж бэлтгэхээр зорьсон. Төслийн хэрэгжилт 66 хувьтай буюу нийт 1000 инженерийн 660 нь Япон Улсад амжилттай суралцаж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)