100 хүүхэд өсгөсөн цагаан байшингийн эмээ

Хотын захын нэгэн буйдхан газарт хүүхдийн асрамжийн “Эрдэм” төв гэж бий. Хашааны хаалгаар ороход шувуудын жиргээ, байшин дотроос уянгалах хийл хөгжмийн аялгуутай хорших нь таатай сонсогдоно. Ногоон байгууламж, хүүхдэд зориулсан талбайн цаад талын цагаан байшингийн үүдэнд олон өнгийн гутал эгнүүлсэн энэ газарт 5-16 насны 21 хүүхэд багш нартайгаа амьдардаг юм. Ялаа, шумуулаас хамгаалах зориулалттай торон хаалганы цаанаас тус төвийг үүсгэн байгуулсан, 64 настай Д.Цэнд гуай инээмсэглэн гарч ирэн биднийг угтлаа.

Энэ байшинд толгой эргэм олон өрөө бий. Д.Цэнд гуай бидэнд тусгаарлалтын өрөөнөөсөө эхэлж танилцуулав. Халти харахад дөрвөн орноос өөр анхаарал татах зүйл байсангүй. Дотогш ортол шүүгээнд нь ор, хөнжлийн даавуу, анхны тусламжид хэрэглэх эм, гар ариутгагч зэргийг нөөцөлсөн байв. Хэрвээ нэг л хүүхэд өвдвөл яаралтай тусгаарлаж, арга хэмжээ авах аж. Д.Цэнд гуай “Энэ олон нялх амьтныг асрах гэж авчирчихаад өвдөхийг нь харах шиг хэцүү зүйл үгүй. Тийм учраас эрүүл байлгаж, эрсдэлээс урьдчилан сэргийлдэг” гэж хэллээ. Дараагийн өрөөнд ороход ундаа, жимс, чихэр зэрэг амттан ширээнд эгнүүлэн өрсөн байв. Тэр өрөөний буланд байх шилэн хаалгатай хөргөгчид хүүхдүүдийн идэх дуртай олон амттан харагдана. Хүүхдүүд хуваарийн дагуу орой 16.00 цагт эндээс дуртай амттанаа авч иддэг гэнэ.

Байшингийн баруун жигүүрийн эцэст байх том өрөө рүү ортол хүүхэлдэй үзэхээр суусан хүүхдүүд цоглог дуугаар бидэнтэй мэндэллээ. Энэ өрөөнд тэмцээн, урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулдаг юм байна. Дараа нь номын сан, хөгжим, гал тогооны өрөөгөө танилцуулав. Багачууд нь ногоо зөөж, 9-13 настай хүүхдүүд арилгаж, 14-16-тай ах, эгч нар нь хоолоо хийдэг гэнэ. “Эрдэм” төвийн хамт олон хүүхдүүдийг хоол хийж, хувцас угаах, оёх ажилд сургахыг чухалчилдаг аж.

Хамгийн сүүлд бид агуулахын өрөөнд орлоо. Тэнд хүүхдүүдийн 2-3 сар хэрэглэх дэвтэр, алчуур, саван зэрэг ахуйн хэрэглээнээс авхуулаад жимс, ногоо, амттан, ус, ундаа гэх мэт хоол, хүнс нөөцөлжээ. Энэ бүхнийг сайхан сэтгэлт хүмүүс хандивладаг гэнэ. Нийгмийн ажилтан нь “Ээж, ааваа алдаад амьдралын хатууг туулж яваа хүүхдүүдээ дутуу, гуцуу байлгахгүйг хичээдэг” хэмээв.

Жилийн өмнө тус төвд таван настай сонсголгүй хүү иржээ. Түүнийг сонсдог болгохын тулд Төвийн ажилтнууд хагалгаанд оруулж, чихний ард талд нь чип суулгуулсан байна. Тэрбээр одоо сонсож, бас ярьж чаддаг болжээ. Гэхдээ хагалгаанд ороод удаагүй учир хараахан тод ярьж сураагүй, хэл зүгшрүүлэх сургалтад хамруулж байгаа гэнэ.

Хүүхдүүд нийгмийн ажилтнаа ээж, захирлыг маам, харин Цэнд гуайг эмээ хэмээн дууддаг юм билээ. Багш нар хүүхдүүдээ хийл хөгжим болон хэлний сургалтад суулгахын тулд хотын төв рүү зөөхийн зэрэгцээ бусад ажлаа ч амжуулдаг аж.

“Хүүхдүүд эсгийгээр хийсэн гар урлалаа Монгол дахь АНУ-ын ЭСЯ-ны байранд аваачин зарж, 90 000 төгрөгтэй болсон. Тэд анх удаа өөрсдийн хөдөлмөрөөр мөнгө олсон учир саятан юм шиг л баярлаж байшин авах уу, бохь авах уу гэж маазарч байсан хэмээн” эмээ нь дурсан өгүүллээ.

Д.Цэнд гуайтай цөөн хором ярилцлаа.

-Эл төвийг үүсгэн байгуулсан шалтгаан юу байв?

-Санаа муутай явснаас сэтгэл сайтай яв гэх хэлц үг бий. Би 2006 онд “Эрдэм” төвийг үүсгэн байгуулсан. Нийгмийн ажилтан байхдаа олон улсаар явж, халамж үйлчилгээний ажил хийж, сургалтад суун туршлага хуримтлуулсан юм. Тэтгэвэрт гараад 30 хүнтэй, нэгдүгээр зэрэглэлийн “өндөр настны” асрамжийн газар нээхээр төлөвлөж, мөнгөө хураасан. Удаан бодсоны эцэст бодлоо өөрчлөн, хүүхдийн асрамжийн газар нээхээр боллоо. Хүүхэд буруу хэрэг хийсэн ч сэтгэл нь цагаахан, үргэлж баяр баясал бэлэглэж байдаг шүү дээ. Миний ач, зээ нар элэг бүтэн өсөж байхад эдгээр бяцхан хүүхдүүд ээж, ааваасаа хагацаад, юу эсийг үзэх билээ.

-Хүүхдүүдээ нийгмийн харилцаанд ороход нь хэр бэлдэж байна вэ?

-Бид хүний амь хариуцаж байгаа учир хүүхдүүдээ хараа, хяналтгүй явуулдаггүй. Харин манай төвд ирэхийг хүссэн хүн болгонд үүд хаалга нээлттэй. Сайхан сэтгэлт залуучууд манай хүүхдүүдэд дуу, бүжиг, тоглоом гээд олон зүйл зааж өгнө. Мөн элдэв сонин хачин ярьж тэднийг баясгадаг. Бид хүүхдүүддээ “Миний хүү энэ ах, эгчийгээ хар даа. Чи ч гэсэн том болоод ийм ухаантай, сайн хүн болно” гэж хэлдэг юм.

-Танайх олон төрлийн амьтан тэжээдэг юм байна.

-Хүүхдүүд минь амьтантай тоглож наадах их дуртай. Тэднийгээ амьтныг хайрлах сэтгэлтэй болгохын тулд яст мэлхий, загас, муур тэжээж байна.

-Олон хүн амьдардаг гэхэд цэвэрхэн, эмх цэгцтэй юм аа.

-Бүх ажлыг хүүхдүүддээ хуваарилж өгдөг. Тухайлбал, нэг хэсэгт нь хашаа цэвэрлэх, мод услах, нөгөөд нь өрөө цэвэрлэх ажлыг хувааж хариуцуулдаг юм. Ер нь хүүхдэд чадах зүйлийг нь хариуцуулж, итгэл хүлээлгэхэд тэд их хичээдэг. Мөн тухайн зүйлээ сайн хийж сурдаг шүү.

-Олон хүүхэд өсгөхөд хамгийн хэцүү нь юү вэ?

-Хүүхэд том болохоороо л санаа зовоож эхэлдэг. Тав, зургаан настай байхдаа зүгээр л тоглож, наадна шүү дээ. Харин 11, 12 дугаар ангид орохоор ямар мэргэжилтэй болохоос авхуулаад төлбөр, хувцасны зардал нь ихэсдэг. Асрамжийн газраасаа гараад хаана амьдрах вэ, ямар ажил хийх зэрэг олон асуудал тулгарна. Их сургууль төгссөн ч манай оронд ажлын байр хомс. Миний бодлоор том компаниуд асрамжийн газруудтай хамтарч жилд нэг, хоёр хүүхэд сонгоод, тэдний сургалтын төлбөрийг нь дааж, ажлын байраар хангах зэргээр дэмжих хэрэгтэй.

-14 жилийн хугацаанд хэдэн хүүхэд үрчилж, өсгөв. Тэдний боловсролд хэрхэн анхаардаг бол?

-Энэ хугацаанд манай төв 100 гаруй хүүхэд өсгөж, хүмүүжүүлжээ. Тэд минь хуульч, багш, үсчин зэрэг төрөл бүрийн мэргэжилтэй болсон. Одоо бүгд холбоотой байдаг. Бид бүх хүүхдээ дээд боловсрол эзэмшүүлэн, чадварлаг боловсон хүчин бэлдэхийг эрмэлздэг юм. Хөгжмийн өрөөнд хийл тоглож буй 13 настай хүү АНУ руу хоёр удаа явж, олон улсын наадамд оролцож, түрүүлсэн. Мэдээж өөр орон руу явахад санхүүгийн бэрхшээл тулгарна. Авьяаслаг хүүгийнхээ ирээдүйд нэмэр болохын тул бид байгаа бүх нөөцөө шавхсан.

Одоо хоёр хүүхдээ БНХАУ-д олон улсын харилцааны чиглэлээр сургаж байгаа. Тэднийг үргэлжлүүлэн магистрт сургана. Сайн сургахгүй бол амьдралын эрхэнд цааш сурах боломжгүй болохыг үгүйсгэхгүй.

-Үйл ажиллагаа явуулахад олон асуудал тулгардаг байх.

-Манай төвийн барилга 60 жил болсон, улсын мэдэлд байдаг. 2017 онд Ерөнхий сайд ирж нөхцөл байдалтай танилцсаны дараа түрээс авахаа больсон. Гэсэн хэдий ч барилга хуучин учир амархан муудаж, жил бүр засвар хийдэг. Эл газрыг эзэмших эрхийг нь авчихвал хуучнаа нурааж, шинэ тохилог сууц барина хэмээн гурван жилийн өмнө нийслэлийн Өмчийн харилцааны газарт хүсэлт гаргасан ч одоо хүртэл хариу өгөөгүй. Мөн түүхийн дурсгалт барилга биш хэрнээ жил бүр үнэлгээ нь өсөөд буйг гайхаад л сууж байна.

-Олон жил үйл ажиллагаа явуулахдаа дотоод журам, санхүү зэргээ хэрхэн зохицуулж ирэв?

-Би таван хүүхэдтэй. Зарим зардлаа хүүхдүүдийнхээ гэр бүлд хуваарилж, туслуулдаг. Мөн төрийн бус байгууллага, хувийн аж, ахуйн нэгжүүд, сайн дурынхан бидний үйл ажиллагааг дэмжиж, тусалдаг. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын газар зэрэг байгууллагаас манайд газарт ажилладаг багш нарт хүүхэд хөгжүүлэх зөвлөгөө, сургалт явуулдаг юм. Мөн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, тодорхой санхүүжилт олгож байгаа. Цагдаа, хорооны нийгмийн ажилтан, улсын эмнэлэг, сургууль, цэцэрлэг, онцгой байдлынхны ачаар асрамжийн газрын хүүхдүүд аюулгүй орчинд амьдардаг. Өглөөнөөс орой болтол хүүхдүүдтэй ажилладаг сайхан сэтгэлт багш, нийгмийн ажилтнуудынхаа ачаар өдий хүртэл тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байна.

Бэлтгэсэн: О.Алуунгуа


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)