100 дахь хоногийн зураглал

Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайдаар Ж.Эрдэнэбат сонгогдсоны 100 дахь хоног өнөөдөр тохиож байна. Түүний танхим бүрдсэний 100 дахь өдөр ч энэ сард тохионо. Энэ хугацаанд Засгийн газар ямар ажил амжуулав гэдгийг хаа сайгүй цэгнээд эхэлжээ.

Засгийн газрын хамгийн чухал зорилт нь эдийн засгийн хямралыг даван туулах арга замыг тодорхойлж, улс орноо өөд татах явдал байлаа. УИХ-д үнэмлэхүй олонх болсон МАН-ынхны сонгуулийн өмнө дэвшүүлсэн хөтөлбөрийн гол агуулга ч үүнд чиглэсэн.

Тэд “Иргэдээ ядуурлаас аварч, эдийн засгаа хямралаас гаргаж, эх орноо өрнөөс салгаж, төрийн дампуурлыг засаж, тэгш журамт баян, хүчирхэг Монголоо цогцлооно” хэмээн амласан билээ. Уг хөтөлбөр Засгийн газрын ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааны суурь болсон.

Тиймээс үндсэн зорилгоо биелүүлэх чиглэлээр Ерөнхий сайд ахицтай ямар алхам хийсэн, алдаа, оноо нь юу байсныг сонирхъё. Хурд, шинэчлэл, ажлын үр дүнг нь бодитоор дүгнэхийн тулд өмнөх хоёр Ерөнхий сайдтай харьцуулж үзье.

Төрийн дампуурлыг засна:

“Давхар дээл”-гүй, мэргэжлийн сайд нартай Засгийн газар байгуулна хэмээн МАН амласан. 2000 онд Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөөр УИХ-ын гишүүн сайдаар давхар ажиллах боломж бүрдсэн. Ингэснээр эрх мэдлийн хуваарилалт алдагдаж, төр дампуурах гол шалтгаан болсон гэдэгтэй бүгд л санал нийлдэг.

Эл заалтыг өөрчлөх ёстой гэж үздэг, оролддог ч чаддаггүй. МАН ч бас амласан шигээ байж чадсангүй. Учир нь Ж.Эрдэнэбатын танхимын 16 сайдын найм нь УИХ-ын гишүүн. Мэргэжлийн гээд салбартаа хүлээн зөвшөөрөгдөх сайд ч цөөн байна.

Нөгөө талаар төрийн данхар бүтцийг цөөлж, үрэлгэн зардлыг танах нь өнөөх дампуурлыг засах бас нэг чухал ажил. Тэгээд ч энэ Засгийн газар эдийн засгийн амаргүй нөхцөлд байгуулагдсан. Гэвч Ч.Сайханбилэгийн үед хэмнэсэн дэд сайд нарын орон тоог буцаан бий болгож, зардлаа улам тэлэв.

Үүнээс хойш томилгоо үргэлжиллээ. 100 хоногт мэдээж бүх агентлаг даргатай болов. Үүнд ч мэргэжлийн удирдлагатай байх зарчим, амлалт үйлчлэх учиртай. АН эрх барьж байх үед төрийн албыг төрлийнх болголоо, мэргэжлийн бус хүмүүсээр дүүргэлээ хэмээн хамгийн их шүүмжилсэн хүмүүс бол МАН-ынхан. Гэвч өөрсдөө тэдний энэ алдааг засах биш, бүр давуулан үргэлжлүүлж байна.

Үнэмлэхүй олонх болсны хэрэг юу билээ, бүгд л хүү, охин, эхнэр, түүний дүү, худ ургаа ямар нэг албан тушаалд томилуулахаар зүтгэж, түрүүчээсээ хүсэл нь биелжээ. Хэний хэн, ямар албан тушаалд очсон тухай хэвлэлээр ч, цахим ертөнцөөр ч хангалттай мэдээлэл гарсан. Юутай ч МАН-ын гишүүдийн ах, дүү, хамаатан саднаас нэлээд нь өнгөрсөн 100 хоногт өндөр алба хашиж эхэлсэн бололтой.

Эдийн засгаа хямралаас гаргаж, эх орноо өрнөөс салгана: 100 хоногт эдийн засгийн хүндрэл шууд арилаад л, илбэдсэн мэт сайхан болчихгүй нь мэдээж. Гэхдээ амласнаа хэрэгжүүлэх ямар нэг эхлэл тавьсан байх учиртай. Засгийн газар ирэх оны төсвийн төслийг УИХ-д өргөн бариад байна. Ирэх онд эдийн засгийн өсөлт гурван хувь байхаар үүнд тооцсон. Мөн 6.6 их наяд төгрөгийн зээлийг эргэн төлнө гэж буй.

Гэтэл ирэх оны төсвийн орлого 5.9, зарлага нь 8.5, алдагдал 2.6 их наяд төгрөг байгаа. Энэ асуудлаа шийдэхийн тулд Засгийн газар мөнгөний эрэлд мордов. Энэ оны төсвийг тодотгохдоо өрийн таазыг ДНБ-ий 88 хувьд хүргээд нэмчихсэн. ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдахаар яриа, хэлэлцээ хийж эхэлсэн. Мөн БНХАУ, Япон зэрэг орноос хөнгөлөлттэй зээл авахаар яриа хэлэлцээ өрнөж буй.

Ерөнхий сайд анхны гадаад айлчлалаа Японд хийгээд ирлээ. Хөрөнгө оруулалт татахаар яриа хөөрөө үүсгэж, хоёр орны стратегийн түншлэлийг 2017-2021 онд хөгжүүлэх дунд хугацааны шинэ хөтөлбөр хэрэгжүүлэхээр тохирсон байна.

Бонд гаргах, эсвэл зээл авахгүй л бол өрөө дарж чадахгүй гэсэн гаргалгааг Засгийн газар хийгээд буй юм. Уг нь эх орноо өрнөөс гаргана гэж амласан хүмүүс шүү дээ. Гэвч бодит байдал сайхан амлалт өгөхөөс тэс өөр гэдгийг тэд энэ 100 хоногт сайн ойлгосон байх. Юутай ч авах зээл нь ирээдүйд манай улсад хохирол, дарамт бага учруулах ёстой. Өнөөдрөө аргацаалаа гээд ирээдүйгээ барьцаанд өгч болохгүй. БНХАУ-аас авахаар ярьж буй гэх зээл улс төр, эдийн засгийн хараат байдалд оруулах эрсдэлтэй хэмээн эдийн засагчид, мөн сөрөг хүчнийхэн хардаж буй нь нэгийг сануулна.

Мөн Ерөнхий сайд томилогдсон даруйдаа чуулганы индэр дээрээс эдийн засгийг хямралаас гаргах тусгай хөтөлбөр боловсруулна гэж амласан. Одоогоор уг хөтөлбөрийг УИХ-д оруулж ирээгүй байна.

АН-ЫН “АЛДАА”-Г ЗАССАН НЬ

Үндсэн амлалт, үүргийнхээ хүрээнд Ерөнхий сайд, түүний танхим иймэрхүү алхам хийсэн байна. Зарим зүйлийг эхлүүлсэн ч нөгөө талдаа олон ажлыг зогсоосон, ухраасан. Ер нь АН гэсэн автортай л бол иргэдэд хэрэгтэй, сайн ажил байсныг үл харгалзан цуцлах, буцаах, ухраах бодлого баримталж буйгаа ч нуусангүй. “Сайн” хөтөлбөрүүдийг зогсоож, Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулж, тэдгээрийг дагалдах процессын таван хуулийг буцаасан.

Хүүхэд харах үйлчилгээг зогсоож, Хамтын тэтгэврийн тухай хуулийг хүчингүй болголоо. Бүр төр, иргэнийг хооронд нь холбож байсан “11-11” төвийг ч татан буулгав. Оронд нь сонгуулийн өмнө амласан зарим нэг хөтөлбөрөө санал болгож, холбогдох хуулиудыг нь түрүүчээсээ УИХ-д өргөн барьсан байна. Гэвч хүүхэд, ахмадууд, аж ахуйн нэгжээ ялгасан, ангилсан агуулгатай байгаа учраас олон нийтийн шүүмжлэлд өртөж буй юм.

Иргэдийн өдөр тутмын амьдралд хүртээмжтэй, өгөөжтэй байсан дээрх шийдвэрүүдийг цуцалснаа МАН-ынхан “Бид АН-ын хийсэн алдааг л зассан” гэж тайлбарлаж буй. Гэхдээ хэн нь алдаа гаргасныг тэд биш, ард түмэн шүүнэ.

...Үнэмлэхүй олонх болсны хэрэг юу билээ, бүгд л хүү, охин, эхнэр, түүний дүү, худ ургаа ямар нэг албан тушаалд томилуулахаар зүтгэж, түрүүчээсээ хүсэл нь биелжээ. Хэний хэн, ямар албан тушаалд очсон тухай хэвлэлээр ч, цахим ертөнцөөр ч хангалттай мэдээлэл гарсан. Юутай ч МАН-ын гишүүдийн ах, дүү, хамаатан саднаас нэлээд нь өнгөрсөн 100 хоногт өндөр алба хашиж эхэлсэн бололтой...

Хамгийн гол нь үрэлгэн зардлаа танах ажлыг өөрсдөөсөө эхэлж, хөрөнгө оруулалт татах өөр гарц хайхын оронд иргэдийн халаас руу гар дүрж, татвар нэмэх, тэтгэмж хасах хялбар зам сонгосон нь Ерөнхий сайдыг оноо алдахад хүргээд байна.

ӨМНӨХ ЕРӨНХИЙ САЙДУУД 100 ХОНОГТ ЮУ ХИЙВ

2012 оны сонгуулиар АН олон суудал авч, МАН-аас бусад намтай хамтран Засгийн газраа байгуулж байв. Шинэчлэлийн хэмээх тодотголтой уг Засгийн газрыг УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг удирдахаар болсон. Тэр УИХ-аар албан ёсоор томилогдоогүй шахам байхдаа Төрийн ордныг олон нийтэд нээлттэй болгох шийдвэр гаргасан юм даг.

Төрийн үйл ажиллагаа иргэддээ нээлттэй, ил тод байх зарчмыг нэвтрүүлж, долоо хоног бүр “Ерөнхий сайдын цаг” уулзалт зохион байгуулан сэтгүүлчдэд мэдээлэл өгч, сонирхсон асуултад нь хариулж эхэлсэн. Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулахын тулд “11-11” төв байгуулан, хүмүүсийн санал бодол, гомдол, шүүмжийг хүлээн авч шийдвэртээ тусгах болов. Н.Алтанхуяг, Ж.Эрдэнэбат нарын ажиллах хурдыг харьцуулбал туулай, яст мэлхий хоёртой дүйнэ.

Хоёр жил ажиллаад Н.Алтанхуяг намынхаа зарим фракцынхны “тусламжтай”-гаар огцорч, Ч.Сайханбилэг орыг нь залгасан. “Эдийн засаг, эдийн засаг, эдийн засаг” хэмээн тэр зорилгоо тодорхойлсон. Мэдээж бас хүндхэн нөхцөлд түүний танхим байгуулагдсанаараа, бас анхны айлчлалаа Японоос эхэлснээрээ Ж.Эрдэнэбаттай ижил байв.

Тэр эхний 100 хоногт амжуулан Эдийн засгийн хүндрэлээс гарах хөтөлбөрийг УИХ-аар ямар ч байсан батлуулжээ. Мөн хэмнэлтийн горимд шилжихдээ иргэдийн халаасанд биш, төрийн үрэлгэн зардалд анхаарлаа хандуулж, дэд сайдын орон тоог цомхотгов. Төсөв мөнгө муу байсан ч цэцэрлэг, сургууль, цахилгаан станц барих санхүүжилтийг концессоор шийдсэн байх юм.

Тухайн үедээ тэр шүүмжлүүлж байсан хэдий ч тэтгэвэр, тэтгэмжид хамрагдах хүмүүсийн тоог хасах биш, эсрэгээрээ 10 хувиар хэмжээг нь нэмэгдүүлсэн аж. Ч.Сайханбилэг өөрийн намын өмнөх Ерөнхий сайдын ажлыг авч, үргэлжлүүлсэн. Харин Н.Алтанхуяг Сү.Батболдын ажлыг хүлээж авсан. Гэхдээ өмнөхөө үгүйсгэж, “МАН л хийсэн бол цуцал” гэсэн зарчмаар ажиллаагүй. Харин ч бүтээн байгуулалтын ажилд ханцуй шамлан орсон, богино хугацаанд чамлахааргүй их юм хийсэн байдаг.

Иймэрхүү ялгаа эрхэм Ерөнхий сайд нарын эхний 100 хоногт гарч байна. Өмнөх намынхаа сайн гэсэн бүхнийг зогсоосон атлаа мууг нь давуулан биелүүлээд байж хэрхэвч болохгүй. Тухайн ажлыг хэн эхлүүлсэн нь биш, иргэдэд үр өгөөжөө өгч байна уу гэдэгт анхаарч, эдийн засгаа өөд татах зөв арга зам тодорхойлж, илүү шуурхай ажиллана хэмээн иргэд найдсаар байгаа шүү, Ерөнхий сайд аа.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)