10-20 жилийн дараа Монголд “эвдэрхий хүн” олширно

Манайхан мөнхийн дайн байлдаантай улс орнуудаас ч дутахааргүй, хэрцгий юм. Жилд дунджаар 6000-7000 хүүхдээ халуун хоол, цай, гал түймэр, зуухандаа “шалзалж”, 60-80-ыг бурхны орон руу илгээдэг гэхээр яалт ч үгүй харгис байгаа биз. Энэхүү “дайнаас” амьд үлдэгсэд нь хүссэн хүсээгүй өрөөл татанхай болж, бусдын нүд хариулан, хүний ёсноос гадуурхагдан амьдарч буй нь харамсалтай.

ГССҮТ-ийн Түлэнхий, нөхөн сэргээх мэс заслын тасагт Хөвсгөлөөс ирсэн зургаан настай хүү өвчиндөө хэмлүүлэн, тарчилж байна. Томчуудын хараа хяналтгүй, хэнэггүйн гайг тэрбээр “үүрч”, золиосонд нь баруун гараа “өгчээ”. Учраа мэдэхгүй нялх амьтан өндөр хүчдэлийн шон руу авирч тоглож байгаад 380 мВт-д цохиулан энд хүргэгдэн ирсэн аж.

Өндөр хүчдэлийн трансформаторын хаалгыг цоожлоогүй, онгорхой орхисон цаад газрынхан нь “Хүүхдээ харж хандахгүй яасан юм, хохь чинь” гэж эцэг эхэд нь хэлсэн гэх. Хүү цахилгаанд цохиулснаас болоод маш хүнд байдалтайгаар Түлэнхийн тасагт хэвтэн эмчлүүлж байна. Түүний баруун гар ямар ч ажиллагаагүй болж, бугалга хүртэл нь тайрахаас өөр аргагүй ч эмч нар хүүг өрөвдөж, гарыг нь хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

Түлэгдсэн хүүхдүүдийг сорвиноос ч аймшигтай үр урхаг ирээдүйд хүлээж байдаг юм байна. Магадгүй үүнийг зарим нь сонсоогүй ч байж мэдэх юм

 

Хүүгийн хуруунууд хүчдэлд цохиулах үеэр тасарсан учир тэр хэсгийнх нь арьсыг нөхөн төлжүүлэхийн тулд гарыг нь хэвлийтэй нь холбож, оёсон байна. Арьс нь төлжсөний дараа “хоёр яс” салгах аж.

Хүү гараа тайруулаагүй ч баруун мөрнөөсөө хурууны үзүүр хүртэлх хэсгээ огт мэдрэхгүй, насан туршдаа түүнийгээ ханцуйгаараа нууж явахаас өөр аргагүйд хүрчихлээ.

Түлэнхийн тасгийн сэхээн амьдруулах гурав, энгийн 14 тасгийн хэвтэн эмчлүүлэх 80 ор хэзээ ч “үйлчлүүлэгчдээр” тасрахгүй нь. Өдөрт хамгийн цөөндөө л 10, түүнээс дээш 20-30 хүн түлэгдэж ирдэг юм билээ. Эднийхээс тусламж үйлчилгээ авагсдын 80 орчим хувь нь 0-5 насныхан.

Магадгүй 10-20 жилийн дараа түлэнхийн сорвитой, атиралдаж, хатингаршсан царайтай хүмүүс Монголоор дүүрэхэд Та битгий гайхаарай.

Учир нь Монголд түлэнхийн дараах нөхөн сэргээх, сэргээн засах, гоо сайхны хагалгаа огт хийдэггүй. Хийх боломж нь ч байхгүй. Олон улсын стандартаар 350-400 мянган хүн тутамд Түлэнхийн нэг төв байж гэмээнэ энэ бүх эмчилгээ, үйлчилгээг тасалдуулахгүй авч явдаг. Гэтэл манайд түлэнхийн зориулалтын байр, тоног төхөөрөмж, материаллаг бааз алга. Адаглаад л гүн түлэгдсэн өвчтөнүүдийн амийг аврахын тулд эрүүл хэсгээс нь арьс авч нөхөх аппарат ч байхгүй.

Арьс зүсэгч аппаратыг Оросын дээр үеийн сахлын хутгаар орлуулан ашигладаг байх жишээний. Сахлын хутгаар эрүүл арьсыг зүсэж авахдаа тэр хэсгийг нь гэмтээж, түлэгдсэнээс өөрцгүй сорви үүсгэж байна. Нэг хэсэг газрынх нь шархыг эдгээхийн тулд нөгөөхийг нь өвчлүүлнэ гэдэг орчин үеийн шинжлэх ухаанд байж боломгүй зүйл мөнөөсөө мөн.

Хүний арьс 1.6-2 ам метр хэмжээтэй, хамгийн том эрхтэн гэж анагаах ухаанд тодорхойлсон байдаг. Энэ нь цус, ус гээд бүх шингэнийг гадагшлуулалгүй барьж байдаг. Тусгаарлах 7-8 бүрхүүлтэй, халуун дулаан нэвтрүүлдэг, халдвараас хамгаалдаг. Гэтэл энэ бүрхүүл нь түлэгдчихээр хүний биологийн энэ олон үйл ажиллагаа алдагдаж, хучуур эд нь холбогч эдээр солигдож, тэр чигтээ сорви үүсгэдэг юм билээ. Үе мөч түлэгдвэл тэнийхгүй, атиралдаад эдгэчихнэ.

Эсвэл хуруу гар, хөл нь махийж, тахийдаг учраас хүнд буюу хоёрдугаар зэргээс дээш түлэгдсэн өвчтөнүүдэд 5-22 удаагийн үе шаттай хагалгаа хийх шаардлагатай байдаг гэнэ. Ингэхгүй л бол насаараа хөдөлмөрийн чадвараа алдаж, хаа нэгтээ бүгж амьдардаг тухай Түлэнхийн тасгийн эмч нар ярив. Тэгвэл түлэгдсэн хүүхдүүдийг сорвиноос ч аймшигтай үр урхаг ирээдүйд хүлээж байдаг юм байна. Магадгүй үүнийг зарим нь сонсоогүй ч байж мэдэх юм.

Хэрвээ та хүү, охиноо бага байхад нь золгүй байдлаар түлсэн бол тэд өсвөр насандаа маш их зовлон шаналал амсдаг аж. Охидын цээжин бие түлэгдвэл хөх нь ургахгүй, ургалаа ч хавдар шиг дээш, доош, хажуу тал руугаа бүлтэрч гарч ирдэг. Хэвлий хэсэг нь түлэгдсэн тохиолдолд жирэмслэх боломжгүй, хүүхэдтэй болсон ч гэдэс нь атиралдаж эдгэснээс болоод ураг томролгүй зулбадаг гэнэ. Харин хөвгүүдийн хувьд бөгсөн биеэрээ халуун хоол, цайнд суучихвал шилжилтийн насандаа үржлийн эрхтэн нь томордоггүй, шээхээс өөр үүрэг гүйцэтгэж чадахаа больдог байна.

Үүнээсээ болоод олонх нь үргүй, насаараа нөхөн үржихүйн харилцаанд орж чадахгүй байх нь бишгүй. Түлэнхийн тасагт эмчлүүлж буй хүүхдүүдийн 70 орчим хувь нь хүү. “Эрэгтэй хүүхдүүд сахилгагүй, аливаа зүйлд өртөмхий байдаг тул гэмтэж бэртэх нь охидоос олон. Гүйж харайж яваад халуун тогоо, плиткэн дээр санамсаргүй суучихдаг. Үүнээс болоод хөвгүүдийн бэлгийн бойжилт бүрмөсөн зогсдог бол охид ээж болох “эрхээ” нэгмөсөн хасуулдаг” гэж Түлэнхий, нөхөн сэргээх мэс заслын тасгийнхан хэлж байлаа. Үнэхээр өр өвдөм биш гэж үү.

Энэ бүхэн эцэг эх, асран хамгаалагч нарын хайхрамжгүй, хараа хяналтгүйн хар гай гэж бодохоор гутрах юм. Хэрвээ улс орон маань санхүүгийн чадамжтай, эрх баригчид жаахан ч атугай сэтгэлтэйсэн бол энэ олон мянган хүүхэд насаараа тахир дутуу, хүн харахын эцэсгүй царай төрхтэй болж хоцрохгүй байлаа. Түлэнхийн төвийн барилгыг цаасан дээр “барихаас” өөрөөр тэд юу хийсэн юм бэ.

Түлэгдэнэ гэдэг 1990 оноос өмнө улирлын чанартай өвчин байсан бол одоо жилийн аль ч улиралд Түлэнхийн тасгийн ор сулрахгүй, “байнгын” үйлчлүүлэгчтэй болоод буй. Сүүлийн 15 жилд барагцаагаар 50-70 мянган хүүхэд түлэгдсэн. Тэдний 80 орчим хувь нь “эвдэрхий хүн” болж, энэ нийгмээс шоовдорлогдон амьдарч байна. Үнэхээр хэрцгий юм.

О.БАТ-УНДРАХ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)